| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0164/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 137
2018 оны 7 сарын 23 өдөр 2018/ШЦТ/137 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0164/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньч овогт Махбалын Мад холбогдох 1839002880166 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 21-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн өршөөн хэлтрүүлсэн, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан Хоньч овогт Махбалын М /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 21-19 тоотод иргэн Г.Энхбаттай маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 21-19 тоотод иргэн Г.Энхбаттай маргалдан нүүрэн тус газар нь өшиглөж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 21-19 тоотод 2018 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед М гэх залууд зодуулсан. ...М би атаман хүн гээд л гэрийнхээ хойно сууж байснаа босож ирээд миний баруун чих, чамархай орчим өшиглөсөн. Би тэр үед баруун орных нь хажууд газар завилаад сууж байсан чи яаж байна аа гээд Мыг гэрээс гаргасан. Тэгснээ М гэрээсээ баруун хойш яваад хашаанаас наад хашааны шон түшүүлээд тавьсан байсан мод аваад намайг шууд толгойн тус газар нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би толгойгоо бариад суусан чинь Энхбаатар Мыг мотоциклийн ард суулгаад аваад явсан. Тэгээд би харихаар Мын хашаанаас гараад мотоцикльтой хүн явж байхаар нь гуйгаад Хэрлэн сумын 1 дүгээр багийн 20-17 тоотод ээжийнхээ гэрт хүргүүлсэн. Ээж маань түргэн дуудаж, эмнэлэг дээр очиж үзүүлж мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед миний толгойд 7 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,
Гэрч П.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг өнгөрч байх үед гэртээ байхад хашааны урдуур мотоцикль дуугараад урдуур өнгөрөөд явах шиг болохоор нь хартал манай хүү Энхбат хашааны хаалгаар орж ирээд наашаа гэр рүү алхаж байхдаа гуйваад сонин алхаад байсан. Би тухайн үед байшингийн цонхоор харж байснаа гэрээс гарч Энхбатыг түшээд гэрт оруулаад харахад Энхбатын толгой хагарч, нүүр, хоёр чихний ар талаар цус урссан байсан. Энхбатаас толгойг чинь хэн хагалсан юм гэхэд М хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,
Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Энхбаттай маргалдаж түүнийг баруун орны наад талд сууж байхад би өөрийн гэрийн хойноос босож очоод нэг удаа толгой орчимд нь хальт өшиглөсөн. Тэгээд манай гэрээс зууралдаж гарсан. Тэгээд би хашааны хажууд байсан мод аваад нэг удаа Энхбатын толгой руу цохьсон... Дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Энхбат нь М.Мтай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй /хх-ийн 66 тал/ гэсэн тул шүүгдэгч М.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хоньч овогт Махбалын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хугархай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ