| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0162/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 138
2018 оны 7 сарын 23 өдөр 2018/ШЦТ/138 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0162/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мундас овогт Цэдэнбалын Бэд холбогдох 1839000000143 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Харганатай” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Мундас овогт Цэдэнбалын Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Харганатай” гэх газар өөрийн гэртээ эхнэр П.Отгонтуяаг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ц.Б нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Харганатай” гэх газар эхнэр П.Отгонтуяаг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Харганатай гэх газарт нөхөр Бэд зодуулсан. ...намайг зүүн орон дээрээ 1 настай хүүхдийнхээ хамт унтаж байхад нөхөр Б хүүхдээ тэвэрч орж ирээд бос ор зас гэхээр нь босоод гэрийн баруун талд байх ороо засаж өгсөн чинь хүүгээ унтуулчихаад чамайг алж өгнө өө гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь хүний өвөрт өөрөө ордог гэнээ гэж уурлаад байсан. Тэгээд хүүг унтаад өгөхөөр намайг зүүн орон дээр сууж байхад очоод гараараа нүүрэнд 2-3 удаа цохисон. Тэгтэл 1 настай хүүхэд маань сэрэхээр нь би хөхийг нь хөхүүлж байтал дахин баруун, зүүн гуя руу пүүзтэй хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч, чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь яадаг гэнээ гэж хэлээд нүүр рүү маань цохиж хамраас цус гаргаж зодоод байсан. ...Мөнхжаргал гэдэг залууг манай туслах малчнаар авчраад 20 гаруй хоног төл дээр туслуулсан юм. Манай нөхөр надад хэлэхдээ чи Мөнхжаргалтай унтсан байна. Чи өвөрт нь өөрөө ороод явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 тал/
Гэрч П.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр аймгийн төв дээр байж байтал манай дүү Отгонтуяа над руу утсаар яриад манай нөхөр Б намайг зодчихлоо, ирээд ав гэсэн. Ингээд би машинтай Хэрлэн сумын 5 дугаар баг, Харганатай гэх газарт дүүгийндээ очиж Отгонтуяаг 2 хүүхдийнх нь хамт аваад аймгийн төвд ирж ээжийнд хүргэж өгсөн. Намайг Отгонтуяаг авахаар очиход нөхөр нь байгаагүй, малдаа явсан байсан. Дүүгийн маань 2 нүд хөхөрчихсөн байсан. ...Манай дүүг гэртээ байхад нь шөнө очоод зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Ц.Бийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 03 цагийн үед өөрийн эхнэр Отгонтуяаг гэртээ зодсон нь үнэн. ...Би эхнэрээ манайд төлийн үеэр мал харж байсан Мөнхжаргал гэдэг залуутай хардаж байгаад зодсон нь үнэн...” /хх-ийн 14 тал/
Ц.Бийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би өөрийн бурууг хүлээж байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай: “...П.Отгонтуяагийн биед баруун нүдний алимны салст, 2 нүдний дээд, доод зовхи, дотор булан, баруун, зүүн хацрын төвгөр, зүүн бугалга, гуя, шилбэ, баруун гуя, шилбэнд цус хуралт, 2 нүдний доод зовхи, 2 хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Отгонтуяагийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд нөхөртэйгөө эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 53 тал/ гэсэн тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мундас овогт Цэдэнбалын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь түүнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ