Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/661

 

 

 

  2025            05           29                                          2025/ДШМ/661          

 

 О.Э-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч К.Манлай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Э-д холбогдох эрүүгийн 2309015541044 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ....-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э.эгтэй, .. боловсролтой, ......., ам бүл .., ....-ийн хамт .... тоотод түр оршин суух, /РД: ............/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 524 дүгээр таслаан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч О.Э нь “Ховд аймгийн кино театрын тендерийн ажлыг авахаар болчихлоо. Найз нь Эрдэнэт хотод олон жил “Орших синема кино театрыг ажиллуулж байна. Кино театр бол маш ашигтай бизнес. Ховд аймгийн кино театрын тендерийг авчих юм бол маш ашигтай, чи тендерийн баталгааны 10 хувь болох 24.475.000 төгрөгийг гарга, би үлдсэн 90%-ийг нь гаргаж тендерийн ажлаа авна. Яамны Тендерийн хорооныхонтой ярьж тохирчихсон байгаа, санаа зовох юм байхгүй. Чиний оруулсан мөнгө чинь 1 дахин нугарна, тендерийн хугацаа 45 хоног болно, санаа зоволтгүй манай салбарын тендер түргэн шуурхай явагддаг мөнгө нь баталгаатай” гэж хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Б-оос 2022 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галлерей Улаанбаатар” төвийн киоск машинаас түүний төрсөн дүү Д.Х-ын эзэмшлийн Хаан банк дахь 5920...... тоот данснаас 5 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 4072...... тоот дансаар дамжуулан нийт 24.475.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Э-д Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 23.475.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-д олгож, шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Ж.М-гийн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Өөрийн найз, түүний эхнэр Мгөөс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Миний ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж өгнө үү. Ар гэрийн маань нөхцөл  байдал дордож ар гэрт маань санхүү болон үр хүүдүүдэд маань хүнд хэцүү байдалд ороод байна. Миний 5 хүүхдийн маань 3 нь оюутан, 2 бага нь 10 жилийн сургуульд элсэн орсон. Манай гэр бүл Орхон аймгаас 2024 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн. Гэр бүлийн маань хүн бид хоёр өрхийн бизнес хийн ар гэрээ авч явдаг байсан.

Иймд миний ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч К.Манлай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Э-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй бaйгaa бөгөөд улсын яллагчаас хоёр жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон, мөн хохирлоос тодорхой хэсгийг төлсөн буюу үлдэгдэл төлбөрийг маш яаралтай төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн хүнд хариуцлагын төрөл буюу хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 787 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас, 1.2 дугаар хэсэгт “ ...Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав...” гэжээ.

Шүүхээс  О.Э-ыг гэм буруутайд тооцсоны дараа өмгөөлөгч К.Манлай миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан ба улсын яллагчаас өмгөөлөгчийн саналыг дэмжээгүй боловч хохирогч Ж.М дэмжсэн болно. Шүүхээс хүсэлт шийдвэрлэхээр завсарлаад хүсэлтийг хүлээн авахгүй, хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод хамгийн чухал нь зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг. Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хохирлыг төлөхгүй удаан хугацаа өнгөрүүлсэн боловч бодит боломжтой талаараа шүүхэд мэдүүлж хүсэлт гаргаж байхад хүлээн аваагүй нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтийг анхан шатны шүүхээс биелүүлэгүй болохыг нотлож байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд илт үндэслэлгүй буюу завсарлах хүсэлт гаргаагүй мэтээр бичсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч О.Э нь анхан шатны шүүх хуралдаан болсоноос хойш хохирлоос төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Дээрх гэмт хэрэг нь 2024 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүгдэгч маргаж оролцдог. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан. О.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 164 шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгосон ялыг тусад нь эдлүүлсүгэй гэсэнд өөрчлөлт оруулах өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Э нь “Ховд аймгийн кино театрын тендерийн ажлыг авахаар болчихлоо. Найз нь Эрдэнэт хотод олон жил “Орших синема кино театрыг ажиллуулж байна. Кино театр бол маш ашигтай бизнес. Ховд аймгийн кино театрын тендерийг авчих юм бол маш ашигтай, чи тендерийн баталгааны 10 хувь болох 24.475.000 төгрөгийг гарга, би үлдсэн 90%-ийг нь гаргаж тендерийн ажлаа авна. Яамны Тендерийн хорооныхонтой ярьж тохирчихсон байгаа, санаа зовох юм байхгүй. Чиний оруулсан мөнгө чинь 1 дахин нугарна, тендерийн хугацаа 45 хоног болно, санаа зоволтгүй манай салбарын тендер түргэн шуурхай явагддаг мөнгө нь баталгаатай” гэж хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж Д.Б-оос 2022 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галлерей Улаанбаатар” төвийн киоск машинаас түүний төрсөн дүү Д.Х-ын эзэмшлийн Хаан банк дахь 5920...... тоот данснаас 5 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 4072...... тоот дансаар дамжуулан нийт 24.475.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Д.Б-оос Япон Улсын Осака хот дахь Ерөнхий Консулын газраар дамжуулан гаргасан: “...24,475,000 төгрөгийг өөрийн дүү Д.Х-аар дамжуулж О.Э-д өгсөн, гэвч авсан мөнгөө өгөхгүй шалтаг тоочиж байсан учир 2022 оны 07 дугаар сард би Монгол Улсад очиж О.Э-тай уулзаад хурдан барагдуулж дуусгах тал дээр тохиролцоод Япон Улсад буцаж ирсэн. Харин одоог хүртэл ямар ч төгрөг мөнгө өгөөгүй байна. Би дахин Монгол явах бололцоо байхгүй байсан тул эхнэр Ж.М-ийг хохирогчоор гомдол гаргахыг зөвшөөрч 2024 оны 07 дугаар сард эхнэр Монгол Улс явж цагдаад өргөдөл гаргасан. Уг мөнгө нь гэр бүлийн дундын мөнгө байсан...” гэсэн өргөдөл /хх 191-193/,

хохирогч Ж.М-гийн “...Даваагийн Б-той 2009 онд гэр бүл болсон. Одоогоор хоёр хүүгийн хамт сүүлийн 11 жил Япон Улсад Нагояа хотод ажиллаж амьдарч байна. О.Э нь миний нөхөр Д.Б-ын багын найз нь байгаа юм. Нөхөр Д.Б Япон Улсад ажилтай учраас ирж чадаагүй. Би өөрөө 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монголд ирээд цагдаатай уулзаж байна. 2022 оны 02 дугаар сард Э нь манай нөхөр бид хоёртой утсаар яриад маш гоё ашигтай ажил байна. Соёлын яамны холбогдох хүмүүстэй найз нь яриад утсаар яриад “Ховд аймгийн кино театр”-ийн тендерийн ажлыг авахаар болчихлоо. Найз нь Эрдэнэт хотод олон жил “Орших синема” кино театрыг ажиллуулж байна. Кино театр бол маш ашигтай бизнес. Ховд аймгийн кино театрын тендерийг авчих юм бол маш ашигтай, чи тендерийн баталгааны 10 хувь болох 24,475,000 төгрөгийг л гарга, би үлдсэн 90%-ийг нь гаргаж тендерийн ажпаа авна. Яамны Тендерийн хорооныхонтой ярьж тохирчихсон байгаа, санаа зовох юм байхгүй. Чиний оруулсан мөнгө чинь 1 дахин нугаларна, тендерийн хугацаа 45 хоног болно, санаа зоволтгүй манай салбарын тендер түргэн шуурхай явагддаг мөнгө нь баталгаатай” гэж итгүүлсэн. Ингээд нөхөр Д.Бтой ярилцаж байгаад үнэхээр ашиг олох юм бол ашигтай юм байна гээд хүний нутаг ажил хийж хуримтлуулсан мөнгөнөөсөө 1.000.000 иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 24,475,000 төгрөгийг шилжүүлэхээр болсон. Уг мөнгийг нөхөр Д.Б-ын төрсөн дүү Д.Х-ын Хаан банкны 5920...... дугаар данс руу шилжүүлэн өгч Хонгорзул нь Төрийн ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн 1 давхарт байрлах Хаан банкны киоск машинаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр О.Э-ын Худалдаа хөгжлийн банкны 4072...... дугаар данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг тендерийн хуулийн хугацаа болох 45 хоног өнгөрөхөд шууд ашгийн хамт эргүүлэн төлнө гэж амласан. Улмаар 45 хоног хэтэрсэн тул О.Э-д энэ тухай хэлэхэд тендерт хамт орсон компани нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа учир мөнгийг буцаан өгөхөд хугацаа хэрэгтэй байна гэж дахин хуурсан. 2022 оны 6 дугаар сард Д. Б бид хоёр Японоос ирээд Монголд 2 cap байх хугацаандаа О.Э-тай уулзах гэж удаа дараа хөөцөлдсөн боловч холбоо барилгүй зугтаад байсан. О.Э-аас мөнгөө эргүүлэн нэхэх болгонд би чамд 10% хүү бодоод 36,600,000 төгрөг өгнө гэж дахин худал ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн. О.Э нь Ховд аймгийн тендерт оролцоогүй байж худлаа хэлж мөнгө авсанд нь гомдолтой байна. Хохирлын мөнгөнөөс нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа. Хохирлыг минь барагдуулж, энэ хүнд хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авч өгнө үү. ...” /хх 30-32/,

гэрч Д.Х-ын “...Д-гийн Б нь миний төрсөн ах байгаа юм. Сүүлийн 11 жил Япон Улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байна. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу холбогдож 24,750,000 төгрөгийг чам руу шилжүүлнэ, багийн найз Э руу шилжүүлээд өгөөрэй, хамтраад Ховд аймгийн Жаргалант сумын кино театрын тендерийн барилгын ажилд оролцох гэж байгаа юм маш ашигтай бизнес юм байна гэж хэлээд над руу мөнгө шилжүүлсэн. Уг мөнгийг би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5920...... дугаарын данснаас О.Э-ын Худалдаа хөгжлийн банкны 4072...... дугаарын данс руу 5,000,000 төгрөгөөр 4 удаагийн гүйлгээгээр нийт 20.000.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5920...... дугаарын данснаас О.Э-ын Худалдаа хөгжлийн банкны 4072...... дугаарын данс руу 4,470,000 төгрөг нийт 24,475,000 төгрөгийг ахынхаа хэлсний дагуу шилжүүлсэн. ...” /хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд,

Д овогтой Х-ын эзэмшлийн Хаан банк дахь 5920...... тоот дансны хуулга /хх 21/,

О овогтой Э-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 4072...... тоот дансны хуулга /хх 39-66/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67-68/,

Д.Б, Ж.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 186/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2- 4в/8426 дугаартай “Д-гийн Б /РД:...., ПД:Е.../ нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр улсын хилээр гарсан, Ж-ны М /РД:..., ПД:Р..../ Чингис хаан агаарын замын боомтоор 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын хилээр гарах чиглэлт тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх 188/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Э-ыг “Бусдыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Б-оос “...Ховд аймгийн кино театрын тендерийн ажлыг авахаар боллоо” гэж 24,475,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.Б-ыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Шүүгдэгч О.Э “...ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, гэх, түүний өмгөөлөгч К.Манлай “...Шүүгдэгч О.Э нь анхан шатны шүүх хуралдаан болсоноос хойш хохирлоос төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг эорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч О.Э-ын хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан  байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-63=302/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 09 сар 27 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ урьд шийтгүүлсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь О.Э нь уг торгох ялыг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлж ялыг бүрэн эдэлж дууссан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч К.Манлайгаас гаргаж өгсөн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор, шүүх тодруулахгүйгээр тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч О.Э нь хохирогч Ж.М-д шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 23.475.000 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч К.Манлай нарын “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолын тогтох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э-д сануулсугай. ...” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-63=302/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 09 сар 27 хоногоор тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Э нь хохирогч Ж.М-д 23.475.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР