Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/02142

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/02142

 

Горгаз ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 184/ШШ2018/02154 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Горгаз ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Болдбаатарт холбогдох

Гэм хорын хохиролд 16 805 073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Горгаз ХХК-ийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь хийн түлшний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Хариуцагч Ч.Болдбаатар нь 2012 оны 2 сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанид борлуулагч, жолоочоор ажилласан. Ийнхүү ажиллах явцдаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягийг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдсанаар 5 цайны газар шатаж нийт 9 918 903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч компани хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж барагдуулсан. Хариуцагч Ч.Болдбаатар нь ажиллах явцдаа бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгч компанид буцаан барагдуулах үүрэгтэй байсан боловч барагдуулалгүй ажлаас гарсан. Хариуцагч Ч.Болдбаатар нь шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэггүй, нэхэмжлэгч компанид ажилладаггүй өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн баллоны холболт хийлгэсэн нь буруутай. Мөн Ч.Болдбаатарын үйлдлийн улмаас Сүү ХХК, Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК-ийн худалдаалж байсан эд хөрөнгөнд хохирол учирч тухайн хохирлыг Мандал даатгал ХХК барагдуулсан байдаг. Гэвч Мандал даатгал ХХК нь даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 329 тоот шийдвэрээр Ч.Болдбаатар, Ч.Болдхуяг нарын өмнөөс 6 886 150 төгрөгийг Мандал даатгал ХХК-д олгох тухай шийдвэр гаргасан. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.Болдбаатараас нийт 16 805 073 төгрөгийг шаардах эрхтэй байна. Ийнхүү хариуцагчийг нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг төлөхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийг төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байна. Иймд хариуцагч Ч.Болдбаатараас 16 805 073 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ч.Болдбаатар нь тус компанид 2012 оны 2 дугаар сараас эхлэн тус компанид борлуулагч, жолоочоор ажиллаж байсан. Ч.Болдбаатар нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн дүү Ч.Болдхуягийн хамт Барс-2 худалдааны төвд Горгаз ХХК-ийн газыг холбосон бөгөөд Барс-2 худалдааны төв нь газ холбуулах аюулгүйн шаардлагыг хангаагүй, мөн тухайн өдрийн баллоны даралтын хий өндөр байсны улмаас газыг холбосны дараагаар баллоны шланк мултарч гал гарсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Ч.Болдбаатараас байцаалт, тайлбар авч байсан бөгөөд Ч.Болдбаатарыг ямар нэгэн байдлаар буруутай этгээдэд тооцсон эсхүл хохирол төлүүлэх асуудал үүсээгүй. Иймээс Горгаз ХХК нь өөр гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн үед буруутай гэж шалгагдаж байсан этгээдээс нэхэмжлэх учиртай. Ч.Болдбаатар нь галын осол болсноос хойш ажилдаа үргэлжлүүлэн ажиллах гэтэл янз бүрээр дарамталж, шахалт үзүүлж байгаад ажлаас нь гаргасан. Түүнчлэн Ч.Болдбаатарыг гарын үсэг зурсан мэтээр хуурамч хэлцлийг нэхэмжлэлд хавсарган өгсөн байх бөгөөд Ч.Болдбаатар нь ямар нэгэн хохирол, төлбөр төлөх тухай гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. Тухайн үед Ч.Болдбаатар нь хийн түлшийг тээвэрлэх, борлуулах, угсрах ажлыг амаар тохиролцон хийж байсан. Мөн дүү Ч.Болдхуяг энэ ажлыг хамт хийж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажиллаж байсан гэх этгээдэд хамаарахгүй. Эрүүгийн хэрэгт авагдсан автомашин түрээслэх гэрээ нь эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга дараагүй тул гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа. Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй Горгаз ХХК-аас 6 886 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэргийн Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг 443 дугаар зүйлийн 443.7 гэж өөрчилсөн нь шүүхээс ажилтны гэм буруутай үйлдлээс гэм хор учирсан гэж үзээгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Ч.Болдбаатар биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Болдбаатараас 4 590 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Горгаз ХХК-д олгож, үлдэх 12 214 307 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 88 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 9 918 903 төгрөгийг Горгаз ХХК бус Н.Гурвансайхан төлсөн тул Ч.Болдбаатараас нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Горгаз ХХК болон Н.Гурвансайхан нар гал алдаж, бусдад хохирол учруулаагүй тул хохирол нөхөн төлөх ёсгүй. Харин хариуцагч Ч.Болдбаатар нэхэмжлэгч байгууллагын хийн түлшийг буруу холбож, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул түүний өмнөөс Н.Гурвансайхан хохирлыг барагдуулсан. Н.Гурвансайхан нь нэхэмжлэгч компанийн 21 дүгээр салбар хариуцсан захирлын албан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог. Иймд хариуцагчид холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагыг төлөөлүүлэн Н.Гурвансайханыг оролцуулсан. Мөн хариуцагч Ч.Болдбаатар дээрх төлбөрийг төлнө хэмээн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хэлцэл байгуулсан. Уг хэлцлийг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байхад үнэлээгүй. Иймд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн Н.Гурвансайхан 9 918 903 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас уг мөнгийг шаардах эрхтэй. Мөн ... хариуцагч Ч.Болдбаатарын хариуцах ёстой 6 886 150 төгрөгийн хэмжээг бууруулан 4 590 766 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2014260001754 тоот эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажилладаггүй, хамааралгүй этгээд болох өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн түлшний холболт хийлгэж байгаад гал алдсан. Энэ үйлдэлд нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй. Иймд хариуцагчаас 6 886 150 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх боловч тухайн маргаанд хамааралтай зохих хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүйг залруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Горгаз ХХК нь хариуцагч Ч.Болдбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 16 805 073 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч ... өөрийгөө гэм буруугүй гэсэн үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ч.Болдбаатар, түүний дүү Ч.Болдхуяг нар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд хийн түлшний баллон хүргэж, Ч.Болдхуяг баллоныг газан плиткатай холбох явцад хий алдагдаж гал гарсан үйл баримт тогтоогдсон болно.

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 дугаар галын шинжээчийн дүгнэлт, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол тус тус хэрэгт авагдсан байна. /хх-ийн 46,48-50,59-61 тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Горгаз ХХК нь хариуцагч Ч.Болдбаатараас өөрт учирсан хохирол болох 6 886 150 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч буюу Горгаз ХХК-д хариуцагч Ч.Болдбаатар нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс борлуулагч жолоочоор ажиллаж, автомашинаар хийн түлш тээвэрлэн, угсрах ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар зохигчид маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Горгаз ХХК-иас 6 886 150 төгрөгийг гаргуулан Мандал даатгал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10-11,14-16 тал/

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч байгууллага нь ажилтанд аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн гэх байдал тогтоогдоогүй, уг байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч Ч.Болдбаатарын гэм буруугийн хэмжээг буруулан түүнээс 4 590 766 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцсэн, шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Горгаз ХХК нь хариуцагч Ч.Болдбаатарын буруугаас бусдад гэм хор учруулснаас гарсан зардлаа хохиролд тооцон нэхэмжилжээ. Хариуцагч Ч.Болдбаатар нь нэхэмжлэгч Горгаз ХХК-д хохирол учруулсан этгээдийн ажил олгогч нь биш, харин өөрөө ажилтан нь байна. Гэтэл анхан шатны шүүх байгууллага, албан тушаалтныг бусдад гэм хор учруулсан хариуцлагын тухай хуулийн зүйл, заалтыг баримталсан нь оновчтой бус байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 184/ШШ2018/02154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Горгаз ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 378 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО