| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0170/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 142
2018 оны 7 сарын 30 өдөр 2018/ШЦТ/142 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0170/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсан овогт Дугаржавын Бд холбогдох 1839002870165 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгт 3-р багийн эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шангал, ял шийтгэл үгүй. Лувсан овогт Дугаржавын Б /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаарр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4-р багийн нутаг Хэрлэн голын эргийн бургасан дотор иргэн Н.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаарр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4-р багийн нутаг Хэрлэн голын эргийн бургасан дотор иргэн Н.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:. ...Би 2018оны 06 сарын 04-ний өдөр Түмээ гэдэг найзындаа очсон. ... Дэлгүүрийн гадаа Б гэх залуутай таарсан. Бд ганц шил архи хувааж уух уу гэж хэлсэн. Б араас чинь очно гэж хэлсэн. Түмээ бид хоёр Хэрлэн голынг эрэг дээр очоод архи хувааж уусан. Чингис нэртэй 0.75 нраммтай архи авсан. Удалгүй Б мотоцикльтой ирсэн. ... Тэгээд бид гурав архи уусан. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд Б намайг зодож байсан. Би Бд болъё гэж хэлсэн. Б миний гутлаар толгой руу маань цохиод байсан. Намайг Баян-Овоо сум руу зугтаж байхад Ягаа гэх ахтай тааралдаж эмнэлэгт хүргүүлсэн. ... Би Бд зодуулж эрүүл мэндэд маань хөнгөн хохирол учруулсан тул уг хүнээс эмчилгээний төлбөр болох 141.700төгрөг, Улаанбаатар хот руу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр явж Лекс мед эмнэлэгт очиж толгойн зураг авахуулсаны төлбөр болох 260.000 төгрөг гээд нийт 401.700 төгрөгийг нэхэмжилж байна.... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр тал /,
Гэрч Д.Улам-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвд их эмчээр 3 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сумын эмнэлэг дээр үзлэг хийгээд сууж байсан чинь Пүрэвдорж гэдэг хүнийг Нямлхагва гэдэг хүн хүнд зодуулаад хөл нүцгэн гүйж явна гэж хэлсэн. ... үзлэгээр толгойн дух, нүүр, цээж хэсэг нь цусаар будагдсан, 9-10 см ярагдсан шархтай дээд уруул нь зүүн дээд хэсэгт нь 7-8 см гүн ярагдсан шархтай хавдаж улайсан байсан. Дагз 2 шанаа хавдсан, эмзэглэл ихтэй, дагзны булчингын хөшингө 1 хуруу духны ярагдсан хэсэгт 7 оёдол, уруул хэсэгт 8 ширхэг оёдол, тавьсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38дугаар хуудас/
Гэрч Д.Нямлхагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баян-Овоо сумаас хөдөө гэрлүүгэээ явж байсан чинь сумын төвөөс урд зүгт Пүрэвдорж гэдэг залуу нэлээн согтуу толгой нь хагарсан, цус гарсан дээд уруулаас нь мөн цус гарсан байдалтай алхаж явсан. Тэгээд би Пүрэвдоржийг машиндаа суулгаж сумын төвд ирж сумын эмнэлэгт авчирч их эмч Улам-Оргилд Пүрэвдорж хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлсэн . ... Дүрэвдорж гуталгүй хөл нүцгэн явж байсан . ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40дүгээр тал /
Гэрч Д.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Над руу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17цагийн орчимд эмнэлгийн жижүүрээс эмнэлэгт 2 согтуу хүн нэг нь нэгэндээ зодуулсан байдалтай ирсэн одоо хоорондоо хэрэлдэж зодолдох гээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход иргэн Н.Пүрэвдорж эмнэлгйин хүлээн авахын орон дээр уруул нь сэтэрсэн толгой дээрээ бага зэрэг хагарсан, нүүр ам нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Эмч Улам-Оргил нь үзээд толгой хэсэг газар мөн дээд уруул хэсгээр нь оёдол тавьж боолт хийнэ гээд байж байсан. Зодсон гэх Бг найз Г.Энхбаатар нь батлан даалтанд хүлээлгэн өгч явуулсан. Намайг дуудлагаарр очиход Пүрэвдорж, Б хоер нэлээн согтуу байсан ... гэх мэдүүлэг/ХХ-ийн 41-42дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018оны 06дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаартай дүгнэлт:
- Иргэн Н.Пүрэвдоржийн биед тархи доргилт, дух уруулд шарх, хамрын нуруу, баруун чих, ташаан толгойн зүүн далд зулгаралт, доод уруулын дотор салст, цээжний баруун хэсэгт, зүүн дал, баруун, зүүн ташаан толгойд цус хуралт, баруун зүүн шанаа, дагзны төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарны 18-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт:
-Д.Бгийн бие баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг зулгаралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт . /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пүрэвдоржийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 401.700 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирлыг Ч.Бгээс гаргуулж, Н.Пүрэвдоржид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лувсан овогт Дугаржавын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтооосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Бгээс 401.700 төгрөг гаргуулж хохирогч Н.Пүрэвдоржид олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хоромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Пүрэвдоржид буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ