| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2503000370208 |
| Дугаар | 2025/ДШМ/659 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/659
2025 05 29 2025/ДШМ/659
О.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебулан,
хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Э.Жамц,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/3268 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебуланы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.М-д холбогдох эрүүгийн 2503000370208 дугаартай хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ....-ийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл .., .... хамт ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .................../;
Яллагдагч О.М нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байрлах “Улсын драмын эрдмийн театр”-ын арын замд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 25 минутын орчимд "Prado 150” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар явж байсан хохирогч Б.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүхээс, яллагдагч О.М-д холбогдох эрүүгийн 2503000370208 дугаартай хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж хуульчилсан.
Хохирогч Б.Э-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт болох гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хүснэгт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Шинжилгээний байгууллага ...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж заажээ.
Иймээс Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2503000370208 дугаартай хэрэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд шинжээчийн дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хэргийг прокурорт очтол яллагдагч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебулан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.13, 6.15 дахь заалтад заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор анхан шатны шүүхэд бичгээр гаргасан.
Харин хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацааны дотор урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай ямар нэгэн санал, хүсэлтийг гаргаагүй болно. Ийнхүү бидний гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн 2503000370208 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан.
Энэхүү шүүх хуралдаанд яллагдагч О.М, түүний өмгөөлөгч П.Еркебулан бид өмнө гаргасан байсан хүсэлтээсээ татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай” хүсэлтийг гаргасан.
Харин хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс “...сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж тогтоолгох...” тухай хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үед гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй хүсэлтийг хүлээн авч, тухайн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Тодруулбал, хохирогч, түүний өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсанчлан “...сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж тогтоолгох...” асуудлаар хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд олгогдоогүй.
Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллааганы явцад хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. /хх 41/
Харин хохирогчийн өмгөөлөгч Э.Жамцын “...сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор дээр дурдсан үндэслэлээр хангахаас татгалзсан. /хх 93/
Энэхүү мөрдөгчийн тогтоолд хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Энэ асуудлаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүх тухайн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...” гэснийг зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Б.Жамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М хохирол төлбөр дээр маргаж байгаа. Шүүх хуралдаанд “шүүхээс гаргуулсан үнийн дүнг төлнө” гэж хэлдэг. Хохирогч “ослын улмаас сар ажилдаа явж чадаагүй, эмнэлэгт үзүүлж байгаа” гэдэг асуудал ярьдаг. Яллагдагчийн гэм буруутай эсэхийг нь шалгаж, ял оногдуулж, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах асуудал яригдана. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч тал “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт, Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс Сэтгэцэд учирсан хор уршиг дээр шинжээч томилж, хэргийг нэг мөр шийдвэрлүүлье” гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын хүсэлт гэж байгаа. “Хохирогч хүсэлт гараагүй учраас үүнийг шийдвэрлэхгүй” гэж тайлбарлаж байна. Хуульд талуудын хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалттай тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.М-ийн өмгөөлөгч П.Еркебуланы гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж байгаа талаараа хэлсэн боловч техникийн шинжтэй алдааны талаар яриагүй. Шүүгчийн захирамжид техникийн шинжтэй алдаа гаргасан гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Техникийн шинжтэй алдаа гаргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад талууд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг маягтаар тогтоосныг хүлээн зөвшөөрч гомдол, санал гаргаагүй. Шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжтой, иргэний журмаар шийдвэрлүүлэх мөн боломжтой гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх О.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебуланы гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас О.М-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар явж байсан хохирогч Б.Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг), ... 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан ба мөрдөгчид тухайн эрх олгогдоогүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Э.Жамц нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Сэтгэцэд учирсан хор уршгийн тогтоолгох тухай” шинжээч томилуулах буюу хор уршгийн талаар нэхэмжлэл гаргах эрхээ эдлэж хүсэлт /хх 86/ гаргасан боловч мөрдөгч тухайн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сар хүртэл шийдвэрлээгүй хэргийг прокурорт шилжүүлэхийн өмнө шийдвэрлэсэн боловч уг тогтоолоо хохирогч Б.Э-ын өмгөөлөгч Э.Жамцад танилцуулаагүй нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг нэн тэргүүнд хангах ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ.” заасныг нотлон тогтооно гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байх бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин, анхан шатны шүүх хэргийн прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж хамааралгүй хуулийн заалт шүүгчийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт дурьдсан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/3268 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебуланы “...хуулийн хамааралгүй зүйл, заалтыг баримтласан. ...” гэх хэсгийг хүлээн авч, “...урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээгүй үндэслэлээр шүүх шийдвэр гаргасан, ... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/3268 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч О.М-ийн өмгөөлөгч П.Еркебуланы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР