Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/660

 

 

 

  2025            05           29                                          2025/ДШМ/660          

 

 Ц.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баттуяа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2404002650051 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

....... овгийн ...-ийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, ......, ам бүл .., ...-ийн хамт ... оршин суух бүртгэлтэй боловч .... тоотод оршин суух, /РД: .........../;

Шүүгдэгч Ц.А нь үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Н-ээс “Дорнод аймгаас өвс худалдаж аваад, буцаан өгнө” хэмээн хуурч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11.900.000 төгрөгийг Д.Н-ийн эзэмшлийн Төрийн банк дахь 3300......... дугаар данснаас эхнэр А.Б-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5750......... тоот дансаар дамжуулан, бэлнээр 100.000 төгрөгийг,

мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “RX-450 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авна” хэмээн хуурч Д.Н-ийн эзэмшлийн Төрийн банк дахь 3300......... дугаар данснаас эхнэр А.Б-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5750......... тоот дансаар дамжуулан 15.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгийг залилан авч, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлиин 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Н-т 30.000.000 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баттуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг. Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

1. Шүүх “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд объектив талын шинжийн хувьд шүүгдэгч Ц.А нь хохирогч Д.Н-тэй анх зээлийн гэрээ байгуулахдаа эсхүл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр далимдуулан үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг хуурч, төөрөгдүүлсэн, итгэл эвдсэн идэвхтэй үйлдэл тогтоогдоогүй,

мөн субьектив талын шинжийн хувьд Ц.А нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Д.Н-ээс зээлж авсан мөнгийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэж дүгнэсэн боловч шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ чухам ямар нотлох баримтыг үндэслэл болгосноо дурдаагүй,

Түүнчлэн шүүгдэгч Ц.А-ын “...2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө зээлэхдээ машин авна гэж хэлж байсан ба уг мөнгөөрөө Отгонмөнхөөс машин авсан. ...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөөр өвс авч ирэх байсан боловч энэ ажил бүтээгүй...” гэсэн мэдүүлэг нь харилцан зөрүүтэй буюу хохирогч Д.Н-ийн “...Ц-ийн А гэх хүн Дорнод аймгаас өвс худалдаж авч ирээд зарж борлуулаад өгье гээд надаас 15.000.000 төгрөг зээлээч гэж ирсэн. ...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11.900.000 төгрөгийг, бэлнээр 100.000 төгрөгийг өгсөн.  ...нийт 15.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохироод зээлийн гэрээ хийлгүй Хаан банкны 5750......... дансаар 10 хувь зээлэв гэж бичсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.А нь 1 сарын хүүгийн өмнө болох 1.500.00 төгрөгийг миний өөрийн Хаан банкны 5166329213 дансанд хийгээд 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааг нь сунгуулсан. Тэгээд Ц.А нь мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин ирээд би RX-450 маркийн тээврийн хэрэгслийг хямдхан худалдаж аваад мал оролцуулж зарах юм бол надад 30.000.000 төгрөг унах гээд байна, энэ дээр тусалчих гээд 15.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн...” гэсэн мэдүүлэг,

Ц.А-ын мөнгө хүлээн авсан Хаан банк дахь 5750......... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

гэрч Г.Г-ын “...Ц.А нь 2024 оны 09 дүгээр сарын 20 доор надаас 2 морь худалдаж авна гэж хэлээд амаар “Халтар” зүсмийн соёолон морийг 7.000.000 төгрөгөөр, “Хонгор” халзан хавчиг морийг 5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.А нь 98114599 гэх дугаараас залгаад 5750......... гэх данснаас 10.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5099994909 гэх данс руу шилжүүлж Халтар морины мөнгийг нь өгсөн...”,

гэрч Э.С-ын “...тухайн мөнгө нь манай найз А.У нь утсаа алга болгоод шинээр утас авах гэж байсан юм. Тэгээд аплекейшны зээл дарахгүй бол утасны зээл гарахгүй байсан. Тэгээд аплекейшн зээл дарах гээд манай найз А.У ээжийнхээ данснаас “Роодин” гэх утга бүхий 755.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн аплекейшны зээлийг тухайн мөнгөөр дарж өгсөн мөнгө байна...” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Б-гийн “...Тэгээд би нөхрөөсөө ямар учиртай талаар асуухад “би хүнээс мөнгө зээлээд 15.000.000 төгрөгөөр машин авсан, үлдсэн мөнгийг нь азарга худалдаж авах гээд хүнд өгчихсөн байгаа” гэж хэлж байсан. Манай нөхөр Ц.А нь 2024 оны 10, 11 дүгээр саруудад бүтэн хөдөөгүүр малын эрэлд явсан юм...” гэсэн мэдүүлгийг хэрхэн, ямар байдлаар үгүйсгэж байгааг дурдаагүй.

Өөрөөр хэлбэл, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг буюу шүүгдэгч Ц.А-ын мэдүүлгийг авахдаа бусад хохирогч, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг зааж дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хамаарч байна.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Н, А.Б, Э.С, Г.Г, М.О нарын мэдүүлэг, Ц.А-ын мөнгө хүлээн авсан Хаан банк дахь 5750......... тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.А нь хохирогч Д.Н-ээс “Дорнод аймгаас өвс худалдаж аваад, буцаан өгнө” хэмээн хуурч 15.000.000 төгрөг авахаар тохиролцон, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан 3.000.000 төгрөгийг “Тоёота пилтер” гэх 28-26 УАЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар М.О-ийн дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 11.500.000 төгрөгийн Хаан банк 5006087286 дансанд “Машин” гэсэн утгаар шилжүүлсэн тус тус шилжүүлсэн,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “RX-450 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авна” хэмээн хуурч эхнэр А.Б-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5750......... тоот дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Бэрс финанс” ББСБ-ийн Хаан банкны 5034924904 дугаар данс руу 2.844.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Г-ын Хаан банкны 50....... дугаар данс руу 10.000.000 төгрөг, Э.С-гын Хаан банкны 57......... дугаар данс руу 755.000 төгрөг, Л.Х-ын Хаан банкны 59............ дугаар данс руу 1.950.000 төгрөг шилжүүлснээс үзэхэд Ц.А нь хохирогч Д.Н-ийг хуурч, түүнээс мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилго нь тогтоогдсон.

Гэвч шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарна.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа бол тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хуулийн зохицуулалттай.

Гэтэл шүүх 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр “Цагаатгах тогтоол”-оор Ц.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус хамаарч байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.А-ыг үргэлжилсэн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Н-ээс “Дорнод аймгаас өвс худалдаж аваад, буцаан өгнө” хэмээн хуурч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11.900.000 төгрөгийг Д.Н-ийн эзэмшлийн Төрийн банк дахь 3300......... дугаар данснаас эхнэр А.Б-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5750......... тоот дансаар дамжуулан, бэлнээр 100.000 төгрөгийг,

мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “RX-450 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авна” хэмээн хуурч Д.Н-ийн эзэмшлийн Төрийн банк дахь 3300......... дугаар данснаас эхнэр А.Б-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5750......... тоот дансаар дамжуулан 15.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгийг залилан авч, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог.

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг юм. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

хохирогч Д.Н-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Цэгмэдийн А гэх хүн Дорнод аймгаас өвс худалдаж авч ирээд зарж борлуулаад өгье гээд надаас 15,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгээд би тухайн хүнийг таньдаг болохоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөгийг, бэлнээр 100,000 төгрөгийг өгсөн. Тэгээд нийт 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохироод зээлийн гэрээ хийлгүй 5750......... гэх Хаан банкны дансаар “10 хувь зээлэв” гэж бичсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ц.А нь 1 сарын хүү болох 1,500,000 төгрөгийг миний өөрийн Хаан банкны 5166329213 гэх дансанд хийгээд 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааг нь сунгуулсан. Тэгээд Ц.А нь мөн 2024 оны 10 дугаар сарын 04- ний өдөр дахин ирээд би RX-450 маркийн тээврийн хэрэгслийг хямдхан худалдаж аваад мал оролцуулж зарах юм бол надад 30,000,000 төгрөг унах гээд байна, энэ дээр тусалчих гээд 15,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай 2 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш зээл төлөх хугацаа болоод 98..., 91..., 86.... гэх дугаарууд руу нь залгахад тухайн утаснууд нь холбогдохгүй байгаа. Тэгээд би залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би Монгол Солонгос 2 улсын иргэншилтэй учраас 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улсын зээлийн картны апплекшнаас 35 сая воныг 60 сарын хугацаатай авсан бөгөөд тухайн мөнгөөр хувиараа бизнес хийх, мөнгө өсгөх гэж авсан юм. Би А гэх хүнтэй 2024 оны 06 дугаар сард танилцсан бөгөөд найз нөхдийн харилцаатай. Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрөөс 3 удаагийн үйлдлээр нийт 30,000,000 төгрөгийг А-ын эхнэр Б-гийн хаан банкны 5750......... тоот дансанд шилжүүлсэн, 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би А-ыг таньдаг учраас зээлийн гэрээ байгуулаагүй. Би Ц.А-тай 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр холбоо барьсан. Тэгээд Ц.А нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болгож зээлээ хойшлуулсан. Тэрнээс хойш одоог хүртэл намайг утас руу нь залгахаар утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа. Би зээлсэн мөнгөө буцааж авмаар байна. ...” /хх 16-17/,

яллагдагч, шүүгдэгч Ц.А-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн найз Д.Н-ийн 98114599 дугаар руу залгаж холбогдоод 3,000,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь дахин өөрийн гар утсаараа холбогдоод 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэ мөнгөөрөө ..-.. улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сум руу хадланд гараад 3,000 боодол өвс авсан. 2024 оны 10 дугаар сард өвсөө Багануурт авчирч зарахад мөнгө хэрэг болоод байхаар нь Н-тэй холбогдоод “мөнгөний хэрэг болчихлоо” гээд 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээд эхнэр Б-гийн эзэмшлийн 5750......... тоот дансаар авсан бөгөөд нийтдээ 30,000,000 төгрөгийг Наранчимэгээс авсан. Эхнэрийн данс бөгөөд тухайн дансны карт нь надад байдаг бөгөөд би хөдөө явахдаа авч явдаг. Би Н-т утсаар яриад харилцаатай байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Н-т эхнэрийн дансаар дамжуулаад 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг 01 дүгээр сардаа багтаагаад төлж барагдуулна. ... Зээлийн талаар амаар тохиролцсон, гэрээ байгуулаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөнгө зээлэхдээ машин авна гэж хэлж авсан ба уг мөнгөөрөө О-өөс машин авсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн мөнгөөр өвс авчрах байсан боловч энэ ажил бүтээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн зээлийн хүү 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, уг гэрээг 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн зээлийг 3 хоногийн дараа төлөх байсан боловч Д.Н-тэй ярилцаж, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр адуунд хориод хоног хөдөө явсан. Тэр хооронд миний утас холбогдоогүй байх. Би Д.Н-ээс өмнө нь зээл авч байгаагүй. Уг 30,000,000 төгрөгийн зээлийн хүүнд Д.Н-т нийтдээ 4,500,000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаанаас өмнө 30.000.000 төгрөгийг Д.Н-т бүрэн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 80-82, 95, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

гэрч Г.Г-ын “...Ц.А нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр надаас 2 морь худалдаж авна гэж амаар хэлээд халтар зүсмийн соёолон морийг 7,000,00 төгрөгөөр, хонгор халзан хавчиг морийг 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.А нь 98..... гэх дугаараас залгаад 5750......... гэх данснаас 10,000,000 төгрөгийг миний Хаан банкны 50.... гэх данс руу шилжүүлж Халтар морины мөнгийг нь өгсөн. Тэгээд Хонгор халзан морины мөнгө нь дутуу учраас мөнгөө гүйцээж өгөөд аваарай гэж хэлээд Халтар морийг нь өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс Ц.А нь надтай холбоо барихгүй байгаа. Тухайн 10,000,00 төгрөг нь миний Халтар зүсмийн морь зарсан мөнгө байгаа юм. Ц.А бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Бид 2 наймаа хийж байгаа хүмүүс. Одоо надад Ц.А нь 2,000,000 төгрөг өгөх юм бол үлдсэн хонгор халзан морийг нь би өгөх юм. ...” /хх 20-21/,

гэрч М.О-ийн “...би Ц.А ахтай морь уядаг байхад нь танилцсан. 2024 оны 08 дугаар сарын 26-наас 28-ны хооронд Тоёота пилтер гэх ..-.. УАЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохироод, тэгээд Ц.А-аас урьдчилгаа болгож уг 3,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгө нь миний машинаа зарсан мөнгөний урьдчилгаа мөнгө байгаа юм. Тэрнээс хойш А нь үлдсэн мөнгөө бага багаар төлсөөр байгаад төлж дуусгасан. Одоо бид хоёрын хооронд өр, авлага байхгүй. ...” /хх 23-24/,

гэрч А.Б-гийн: “...А нь манай нөхөр байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 11,900,000 төгрөг, 2024 оны 10 угаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг миний дансанд орсон бөгөөд дээрх гүйлгээнүүд нь манай нөхөр Ц.А-ын хийсэн гүйлгээнүүд байх, миний хувьд яг ямар учиртай гүйлгээ хийгдсэн талаар нь мэдэхгүй байна. Тухайн Хаан банкны 5750......... тоот дансыг манай нөхөр бид хоёр, манай хүүхдүүд хамт ашигладаг юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагаас надтай холбогдсон юм. Тэгээд би нөхрөөсөө ямар учиртай талаар асуухад “би хүнээс мөнгө зээлээд 15,000,000 төгрөгөөр машин авсан, үлдсэн мөнгийг нь азарга худалдаж авах гээд хүнд өгчихсөн байгаа” гэж хэлж байсан. Манай нөхөр Ц.А нь 2024 оны 10, 11 дүгээр саруудад бүтэн хөдөөгүүр малын эрэлд явсан юм. Тэгээд тухайн хүнээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй хугацааг нь хэтрүүлсэн гэж байсан. Манай нөхөр 2024 оны 10, 11 дүгээр саруудад бүтэн хөдөөгүүр явсан. 2024 оны 08 дугаар сарын сүүлээр Дорнод аймагт байдаг найзтайгаа нийлж хадланд гарсан. Тэр үед нь цас эрт ороод хадсан өвсийг нь дараад хөлдөөчихсөн юм. Тэр өвс нь цас дарснаас болж шарлаж хөлдөөд хүнд өгөх боломжгүй болчихсон гэж байсан. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд хэн аль нь бие биенийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн няцаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Дээрх мэдүүлгүүдийн агуулгаас үзэхэд, Ц.А нь Д.Н-тэй амаар тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 30,000,000 төгрөгийг зээлж авсан ба 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн зээлийн хүү болох 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан, мөн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлсэн зээлийг 3 хоногийн хугацаатай авсан боловч Д.Н-тэй ярилцаж, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Ц.А нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө Д.Н-ээс зээлж авсан мөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ц.А нь Д.Н-ээс 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанд үндэслэсэн тодорхой хувийн хүүтэй (10%, 2%), хугацаатай (1 сар, 3 хоног) зээлийн гэрээнээс үүдэлтэй байхаас гадна гэрээний хэрэгжилтийн дагуу талууд хугацааг сунгаж байсан, мөн хүүгийн төлбөрт 4.500.000 төгрөг төлж байсан боловч Ц.А нь хөдөө малын эрэлд явсан нөхцөл байдалтай холбоотойгоор Ц.Н нь түүнтэй харилцаа, холбоо тогтоож гэрээний үүргийг шаардаж чадаагүйн улмаас цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогджээ.

Энэ нь Ц.А болон хохирогч Д.Н-ийн хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Баттуяагийн бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/61 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

 

                                  ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

                                  ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР