| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2024/0444/Э/Т |
| Дугаар | 2025/ДШМ/31 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/31
2025 05 21 2025/ДШМ/31
Л.М д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Л.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э
Хохирогчийн өмгөөлөгч Т.Э
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Т., шүүгдэгч Л.М нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овогт Л. М, Монгол Улсын иргэн,
Л.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **** улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт М.Х жолоодож явсан **** улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас **** УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан насанд хүрээгүй Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин зам тээврийн осол гаргаж, **** дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн газрыг зориуд орхин зугтаасан,
2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын дүүргийн хороо дэн буудлын тоот өрөөнөөс хохирогч Ц.Б эзэмшлийн Айпоне-12 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг хороо дэн буудалд Г.О Айпоне Экс макс загварын гар утсыг “засаад өгье” гэж хуурч авч, 775.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Л.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаарзүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Д овогт Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шүүгдэгч Л.М г тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т тус тус заасныг баримтлан мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялуудыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Л.М ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М ийн цагдан хоригдсон 401 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.М аас 21.705.459 төгрөг гаргуулж, хохирогч Б.О д 3.097.126 төгрөг, хохирогч Ц.Бт 1.650.000 төгрөг, хохирогч Г.О т 775.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Х д 2.655.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.О т 13.528.333 төгрөг тус тус олгож, хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролтой болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,
Шүүгдэгч Л.М д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дүүрэг зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг тус хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э нар давж заалдах гомдолдоо:
“ ... Шүүгдэгч Л.М нь осол болох үед хэргийн газрыг зориуд орхин зугтааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Гэмтлийн тухай ... хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгах, хэвлийн хөндийг цэвэрлэх, цус тогтоох хагалгаа, 2-р нугалмын их биеийн зүүн хэсэг болон хөндлөн сэртэнгийн уг дайрсан хөндлөн хугарал, умдаг ясны дээд нумны баруун, зүүн талын хугарал, аарцаг ясны зүүн талын сүүжний тогоо үе дайрсан зөрүүгүй хугарал, баруун бөөрний хальсны дотор хананд цус хуралт, цээжний баруун талын 10-р хавирганы хугарал, хамрын таславчийн муруйлт, духанд шарх, хоёр хөлийн өвдөгт зулгаралт гэмтэл авсан.
Уг гэмтлийн улмаас хагалгаанд орж 4 сар гаран босч чадахгүй хүний асаргаанд хэвтэрт байсан. Хохирлын тухай эм тарианы зардалд 2.478.000 төгрөг, шатахууны зардалд 331.884 төгрөг, бусад зардалд 278.242 төгрөг, нийт 3.097.126 төгрөг. 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсаны 24 сар*660.000 төгрөг/ 15.840.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Үүнээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг. 2023 оны 03 сараас 2023 оны 12 сар хүртэл 550.000 төгрөгийг х 10 сараар үржүүлэхээр 5.500.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг. 2024 оны 01 сараас 2025 оны 03 сар хүртэл 660.000 төгрөгийг х 15 сараар үржүүлэхээр 9.900.000 төгрөг. Нийт 15.400.000 төгрөг. Хөдөлмөрийн чадвараа алдсан байгааг эмчийн тодорхойлолт группт орсон баримтыг өгсөн. Үүнээс бодоод зөрүүг гаргуулах боломжтой байхад анхан шатны шүүх гаргахгүй. Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүл гэж шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлүүлэх хүсэлт байна.
Энэ ослоос болж би болон манай гэр бүлийнхэн маш их хохирсон. Мөнгөөр хэмжиглэхгүй цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон байхад шүүгдэгч нь ямар ч гэмшсэн зүйлгүй өдий хүрсэн. Байнгын эмчийн хяналтанд эмчилгээтэй байгаа. Эмнэлэг эмчид үзүүлэх болгонд эм тариа бичиж өгдөг. Аав ээж минь хүнээс зээл өөрсдийнхөө боломжоороо миний эмчилгээг хийлгэж байгаа. Эм тариа эмчилгээнд мөнгө нэмэрлэж байсан бол би ингэж гомдохгүй байсан. Би боломжгүй хэт өндөр (мөнгө нэхээгүй. Биедээ хүнд гэмтэл авсан надад баримтгүйгээр үүнээс илүү зардал гарч байгаа. Үүнийг минь ойлгоод нэхэмжлэлийг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгч тусална уу ...” гэжээ.
Шүүгдэгч Л.М давж заалдах гомдолдоо: “... Хорих ялаас багасгаж шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягталж надад оногдуулсан 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хамгийн дээд хэмжээ буюу 3 жилийн хорих ялыг маань багасгаж өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.М тайлбартаа: ... 1-3 жилийн хорих ялтай байдаг. Үүний хамгийн өндөр ялыг өгсөнд гомдолтой байнаи ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э тайлбартаа: ... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан тайлбар дүгнэлтийг дэмжиж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... Хохирогчийн биеийн байдал дордсон. Шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй. Шүүх хуралдаанд хохирогч руу дайрсан учраас сэтгэл санаа нь эвгүй болсон гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Хуулийг зөв хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 03.00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **** улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт М.Хын жолоодож явсан **** улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас **** дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан насанд хүрээгүй Б.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэргийн газрыг зориуд орхин зугтаасан,
2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын дүүргийн хороо буудлын тоот өрөөнөөс хохирогч Ц.Б ын эзэмшлийн Айфон-12 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг хороо буудалд Г.О ын Айфон Экс макс загварын гар утсыг засаад өгье гэж хуурч авч, 775.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Л.Мг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”,
“авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Л.М нар давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх тэдгээрийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.М нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын дүүргийн хороонд үйл ажиллагаа явуулдаг дэн буудлын тоот өрөөнд унтаж байсан иргэн Ц.Б ын эзэмшлийн “Айфон 12 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан нь
дэн буудлын Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 46-57/,
хохирогч Ц.Б ын “...өглөөний 05 цагийн үед зочид буудлын тоот өрөөг хөлсөлсөн ... унтаж байгаад тус өдрийн өглөөний 10 цаг 30 минутын үед сэрээд утсаа хайхад миний гар утас утас олдохгүй, өрөөндөө хайхад миний гар утас байхгүй байсан... камерыг шүүж харахад ... 08 цаг 08 минутын үед миний хөлсөлсөн өрөөний хажуу талын 2 өрөө рүү ороод дараа нь миний өрөө рүү үл таних хүн ороод гарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 71/,
гэрч О.Х ын “ ... тухайн өдөр М цагаан өнгийн цамц, цагаан өнгийн боомбор, хар өнгийн өмд, хар өнгийн пүүз өмссөн байсан ... надад үзүүлсэн 05 минутын бичлэг дээрх хүн манай найз М мөн байна. Бичлэг дээрх гадуурх цагаан өнгийн боомбороо тайлчихсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 80/ болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Л.М нь иргэн Ц.Бын байрласан дэн буудлын тоот өрөөнд нэвтрэх эрхгүй атлаа нэвтрэн орж, түүнийг унтаж байхад гар утсыг нь мэдэгдэлгүй авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулна.
Гэтэл прокуророос түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхгүйгээр шүүгдэгч Л.М ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Түүнээс гадна прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын тогтоох хэсэгт “ ... Яллагдагч Л.М нь ганцаараа, 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлын тоот өрөөнөөс Ц.Б ын эзэмшлийн “айпоне-12 про макс” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй дэн буудалд Г.О ын “айпоне-Х макс” загварын гар утсыг засаад өгье гэж хуурч авч, 775.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... өөрчлөлт оруулсугай ... “ гэсэн /3 хх 95/ нь ойлгомжгүй, тодруулбал Л.М гийн үйлдсэн хулгайлах, залилах гэмт хэргүүдийг тус тусад нь зүйлчлэх атал дээрх үйлдлүүдийг хамтатган залилах гэмт хэргээр зүйлчилжээ.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу арилгуулсаны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Л.М гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч Б.О , түүний өмгөөлөгч Т.Э , шүүгдэгч Л.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хохирогч Б.О , түүний өмгөөлөгч Т.Э , шүүгдэгч Л.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгаж, хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.М д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ