Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2025/01416

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2025/01416

 

 

 

Төв аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэцэд учирсан хохирол 14,520,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр

Хариуцагч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч М.Б ад холбогдуулан сэтгэцэд учирсан хохирол 14,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...уг осол нь нөгөө машины жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан. Эрүүгийн хэргээ дахин сэргээж шалгуулмаар байна. Би 2 охин, настай ээжийнхээ хамт амьдардаг, энэ ослын улмаас миний эрүүл мэндэд мөн хохирол учирсан гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, М.Б ыг гэм буруутайд тооцсон. Энэ ослын улмаас миний бие 6 сар хэвтэрт байж, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, цаашид дахин эмчилгээ хийлгэж хагалгаанд орох шаардлагатай болсон... гэж тайлбарласан.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч М.Б нь М ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Партизаны замд трактор маркийн улсын дугаар тодорхойгүй, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн дүрмийн 14.1-т заасан жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр зогсоно гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тракторын араас портер маркийн 22-79 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөргөж, улмаар портер маркийн 22-79 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Н гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1373 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1373 дугаартай шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-10/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчлагдсан тул 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны зам дээр гарсан зам тээврийн ослын гэм буруугийн талаар дүгнэлт хийгдэхгүй.

Тодруулбал, хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэлээ ...уг осол миний буруутай үйлдэл биш, нөгөө машины жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан. Эрүүгийн хэргээ дахин сэргээж шалгуулмаар байна... гэж тайлбарлах ба уг тайлбар, татгалзлыг иргэний журмаар хянан шийдвэрлэж буй нэхэмжлэгч Н.Н гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б ад холбогдох сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй.

Иймд хариуцагчийн гэм бурууг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэгэнт тогтоосон, түүний гаргасан үйлдэл гэм хорын хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан тээврийн хэрэгслийн ослын улмаас хохирсон нэхэмжлэгч Н.Н гийн сэтгэцэд учирсан хохирлыг хариуцагч М.Б хариуцан төлөх үүрэгтэй байна.

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж, мөн хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 230 дугаар зүйлийн 230.2-д Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заажээ.

7. Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, сэтгэцийн түр зуурын саатал, эсхүл байнгын эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадварын алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалын баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам-ын дагуу шүүх шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор журамласан.

Иймд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2387 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ /хх-ийн 31-34/-ээр хариуцагч М.Б ын учруулсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Н.Н д үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн, энэ шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэжээ.

8. Энэхүү шинжилгээний дүгнэлтэд талууд маргаагүй болно.

9. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл)... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл-ийн хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тул хохирогчид учруулсан хор уршгийг хүснэгтээр тогтоосон нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын Дөрөв-д гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулахаар тусгасан байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д зааснаар шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээс гадна хохирлын хэмжээнд нөлөөлж болох дээр дурдсан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсний үндсэн дээр нөхөн төлбөр олгох эсэхийг шүүх шийдвэрлэхээр байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр олгохоор тогтоосон тул нэхэмжлэгч Н.Н гийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн 660,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

10. Иймд хариуцагч М.Б ын тодорхой эрхэлсэн ажилгүй, 2 охин, настай эхийн хамт амьдардаг, энэ ослын улмаас түүний биед мөн хохирол учирсан гэх хариуцагч М.Б ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн түүний хувийн байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч Н.Н гийн гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилснийг багасгаж, 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 660,000х20=13,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар хариуцагч М.Б аас 13,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгож, үлдэх 1,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч М.Б аас 13,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар хариуцагч М.Б аас 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгож, үлдэх 1,320,000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Б аас 13,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах Д.Адьяасүрэнд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-д заасны дагуу шүүхийн шийдвэр гардуулснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА