Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 159

 

2018 оны 8 сарын 16 өдөр                       2018/ШЦТ/159                                   Хэрлэн сум

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0188/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг

Шүүгдэгч                                                С.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Батхишиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэнгээбаатарын Бд холбогдох 1839003090189 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1979 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан 1 дүгээр багт хувиараа мал маллан амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Сэнгээбаатарын Б /РД:СЭ/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын иргэн Г.Ганболдын байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг хивс, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх, гоо сайхны хэрэгслүүдийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын иргэн Г.Ганболдын байшинд нэвтрэн орж 2 ширхэг хивс, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх, гоо сайхны хэрэгслүүдийг хулгайлж 201000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр намайг хөдөө гэртээ байж байтал 11 цагийн үед манай эхнэр болох Нүрзэдмаа утсаар залгаад манай төвд байдаг байшинг ухчихсан байна чи хурдан ир гэсэн. Тэгээд би 1 цагийн дараа сумын төвд ирээд байшиндаа очиход манай эхнэр байшиндаа орчихсон байшингийн шалан дээр дэвссэн улаан өнгийн хоёр хивс, эхнэрийн хар цүнх болон цүнхэн дотор байсан гоо сайхны хэрэгсэл байхгүй болчихсон байсан. Тэгээд би байшингаа тойрч мөр харахад хүний гутлын мөр зүүн хашаа руу орчихсон байсан.Тэгээд би морьтой ирж цагдаад мэдэгдсэн.Тэгээд цагдаатай цуг машинаар манай байшин дээр ирээд цуг мөр хараад явж байтал манай эхнэрийн ах болох Эрдэнэбаатар гэх хүн гудманд уулзаад С.Б гэх хүнийг усны тэрэг түрчихсэн дээр нь хивс ачаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаатай цуг яваад Бгийн байшинд очиход байшин нь цоожтой байсан.Бг хайгаад явж байтал гудманд явж байсан.Бг аваад шууд байшинд нь очоод байшинг нь онгойлгуулахад байшин дотроос нь манай хоёр хивс гарч ирсэн.Тэгээд хар цүнхтэй эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэлтэй хамт гаргаж өгсөн...манай эхнэрийг байшин дээр анх ирэхэд цагаан өнгийн цоож түгжээгүй зүгээр зүүлттэй байсан гэж байсан...манай эхнэр Нүрзэдмаа байшингаас гарахдаа байшингаа түгжиж гарсан гэсэн. Манай тэр цагаан өнгийн цоож түгжихгүй бол түлхүүр нь гардаггүй юм. Манайх 6 жилийн өмнө 2x2 хэмжээтэй улаан өнгийн хивсийг 90.000 төгрөгөөр, 2х4 хэмжээтэй улаан өнгийн хивсийг 100,000 төгрөгөөр нийт 190,000 төгрөгөөр сумын төвөөс авч байсан.Хар цүнхийг Хэнтий аймгаас 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн эхнэр маань гоо сайхны хэрэгслүүдээ бодож  үзэхэд 67,000 төгрөг болж байсан.Би хулгайд алдсан эд зүйлээ олсон болохоор ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг \ХХ-ийн 13-15хуу\ 

Гэрч Г.Эрдэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ гараад хойшоо айлд очоод эргээд гэрлүүгээ явж байтал Баян-Адарга сумын иргэн С.Б усны тэргэн дээр хивс аччихсан гэрлүүгээ явж байсан. Тэгээд би гэрээрээ орчихоод буцаж гараад дүү Ганболдынд очиход Ганболд эхнэртэйгээ байшинд хулгай орсон гээд гадаа мөр хайгаад явж байсан. Тэгээд Ганболдын эхнэр болох Нүрзэдмаа энэ нэг хүний мөр байна гээд тэгээд очоод харсан чинь Бгийн өмсөж явсан гутлын мөртэй адилхан санагдлаа гээд тэр хоёрт Б гэрлүүгээ тэрэг түрчихсэн тэргэн дээрээ хивс аччихсан явж байсан гэж хэлээд тэгээд шууд цагдаад мэдэгдээд цагдаатай хамт Бгийнд очиход Бгийн байшин түгжээтэй байсан.Тэгээд бид нар Бг эрээд явж байхад гудманд явж байхаар нь цагдаа уулзаад Бг байшин руу  нь дагуулж яваад байшингийн онгойлгуулаад харахад манай дүүгийн алдсан хоёр хивс, хар цүнх, гоо сайхны хэрэгсэл байсан...” гэх мэдүүлэг \ХХ-ийн 18-19\

Гэрч Ч.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б өөрөө хэлсэн. Ганболд гэдэг айлд орж хивс, эд зүйл хулгайлсан юмаа гээд...” гэх мэдүүлэг \хх-ийн 20-21 хуу\

Гэрч Б.Хонгорцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эмээ болон Жавзангийнд байж байхад 11 цагийн үед манай эмээгийн нохой хуцахаар нь гараад харсан чинь миний нагац эгч болох С.Б эмээгийн хашаанд ороод ирсэн эгч нь усны тэргийг нь аваад  юм зөөчөөд эргүүлээд өгье гээд хашаанаас аваад гарсан..” гэх мэдүүлэг \хх-ийн 24-25 хуу\

Эд зүйлийн үнэлгээ \хх-ийн 26-27хуу\

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл \хх-ийн 10хуу\

Яллагдагч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс сумын төвд орж ирээд сумын төвөөр ажилтай явж байгаад ойролцоогоор 11 цагийн үед сумынхаа Ганболд гэх ахын байшингийнх нь  гадуур өнгөрсөн юм. Тэгэхэд Ганболд ахын гаднах хашааных нь том хаалга онгойчихсон байхаар нь Ганболд ахыг хөдөөнөөс гэртээ ирчихсэн юм болов уу гэж бодоод хашааны том хаалгаар ороод байшин дээр нь очиход байшингийнх нь хаалганы цүүнд байх цоож нь цоожлогдоогүй зүгээр цүүндээ зүүлттэй байсан. Тэгэхээр нь би уг цоожийг цүүнээс нь салгаж аваад Ганболд ахын байшингийнх нь хаалгыг онгойлгоод байшин дотор нь ороход Ганболд ахын байшин дотор ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь би Ганболд ахын гэрт хүн ирэх байх гэж бодоод байшин дотор нь ойролцоогоор 20-30 минут хүн ирэхийг хүлээсэн. Тэгээд Ганболд ахын гэрт нь хүн ирэхгүй байхаар би Ганболд ахын байшингийнх нь баруун талын өрөөний шалан дээр нь дэвсээтэй байсан улаан өнгийн 2 ширхэг хивсийг нь аваад авчихъя гэж бодоод уг 2 ширхэг хивсийг хулгайлж авсан. Энэ өрөөний орон дээр эмэгтэй хүний хар өнгийн цүнх байхаар цүнхийг нь авчихъя гэж бодоод уг цүнхийг нь бас авчихсан юм. Тэгээд би Ганболд ахын байшин дотроос хулгайлж авсан 2 ширхэг хивсээ гаргаж хашаан дээр нь тохоод хажууд шонгийнх нь  ойролцоо Ганболд ахын байшин дотроос авсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхээ үлдээгээд усны тэрэг олж ирье гэж бодоод Ганболд ахын хашаанаас нь гарч яваад айлаас усны тэргийг нь гуйж аваад дахин ирээд хоёр ширхэг хивс, эмэгтэй хүний хар өнгийн цүнхээ усны тэргэн дээрээ тавиад гэрлүүгээ явсан юм. Тэгээд гэртээ ирээд уг хоёр ширхэг хивс, эмэгтэй хүний хар өнгийн цүнхээ байшин дотроо хийчихээд байшингаа цоожлоод хөдөө гэрлүүгээ явах гээд гадаа унаа хайж явж байгаад цагдаад баригдчихсан... Уг хар өнгийн цүнхэн доторх эд зүйлийг би гэртээ очсоныхоо дараа үзэж харсан бөгөөд уг цүнхэн дотор гоо сайхны хэрэгслүүд л байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 35-36 хуу\ 

Шүүгдэгч С.Бгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, уг нь санаатай хулгайлья гэж бодоогүй. Би хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ. Гэхдээ миний 2 хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй, хүүхдүүдийг минь бодож хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

 

Хохирогч Г.Ганболдод 201000 төгрөгийн хохирол учирсан боловч эд зүйлээ тоо ширхэгээр нь бүрэн гүйцэд хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул /хх-ийн 14-15 тал/ шүүгдэгч С.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэнгээбаатарын Бг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ