Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

  2025        05          28                                              2025/ДШМ/33

 

 

                                                Б.Л д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Ц.Л

Шүүгдэгч                                                     Б.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.М

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Лхагвын давж заалдах гомдлоор Б.Л д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

овогт Б. Л, Монгол Улсын иргэн,

 

Б.Л нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутын орчим     аймаг,               сум,            баг,            хороолол         тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.А гийг хэл үгээр доромжилж 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, умдагт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч         овогт Б.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу         аймаг         сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Л д  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг        аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдолдоо:

“... Миний бие хэрхэн маргаж хэрүүл хийсэн, хэрхэн биед нь халдсан тухайгаа мэдүүлэг өгөхдөө нэг бүрчлэн илэрхийлсэн, мөн шүүхийн шатанд ч болсон үйл явдлыг бодитоор нь илэрхийлж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй. Мөн эхнэр Э.А ийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд энэ талаар шүүх бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Мөн би өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Гэтэл шүүх миний дээрх байдлуудыг буюу бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр буюу миний холбогдсон хэргийн хамгийн хүнд ялыг хамгийн хүнд буюу урт хугацаагаар оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ ... гэж заасан байна. Миний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л тайлбартаа: ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ... дахин хэрүүл маргаан хийхгээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Л давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутын орчим          аймгийн          сумын        баг          хороолол         тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.А ийг хэл үгээр доромжилж 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.А ийн биед ... “нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, баруун шилбэ, умдагт цус хуралт” … бүхий хөнгөн хохирол учирсан нь        аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт болон хохирогч Э.А ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Л ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг өөрчлөх буюу шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л ын ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР