| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
2025 05 28 2025/ДШМ/34
Д.У холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Д.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ж
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.У давж заалдах гомдлоор Д.У д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт Д. У, Монгол Улсын иргэн,
Д.У нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах А/1001/ дугаартай авто зам дээр **** улсын дугаартай цагаан өнгийн Хюндай загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Д ийн жолоодож явсан **** улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Н, Н.Ү, Д.Б нарын эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Д.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь шүүхээс оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг анхааруулж, Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У гаас 10,286,008 төгрөг, иргэний хариуцагч У.Б ээс 10,286,008 төгрөгийг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Н д олгуулж, насанд хүрээгүй хохирогч Д.Б, Н.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон Н.Ү ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Д.У аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ц, Б.Ю нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.У давж заалдах гомдолдоо:
... Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх үндэслэлийн тухай:
Н.Ү ийн биед 2 удаа зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ талаар би, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгийн үед хүсэлт гаргаж хэлэлцүүлэхэд хохирогчоос томографийн зураг, амбулаторийн карт 2 байгаа дараагийн шүүх хуралдаан дээр эх хувиар нь авчирч өгнө гэх байдлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шат руу шилжүүлсэн юм.
Гэтэл шүүх хуралдаан дээр хохирогч өөрт байгаа гэсэн томографийн зураг, амбулаторийн карт зэрэг баримтууд байхгүй, харин тэдгээр баримтуудыг мөрдөгч, шинжээч нарт өгсөн, тэдгээр хүмүүс тухайн баримтыг устгасан байх яасныг мэдэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Энэ байр сууринаас үүдэн өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан байх ёстой баримтыг заавал хэрэгт хавсаргуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж оролцсон. Миний хувьд ч өмгөөлөгчийн энэ байр суурийг дэмжсэн, учир нь гэвэл Н.Ү гийн хувьд аймагт 2024 оны 02 сарын 13-ны өдөр “ Дүрс оношилгооны төв”-д Гавал ясны 2 байрлалын рентген зураг авахуулсан бөгөөд уг зургийн тайлбарт “гавал ясанд илэрхий хугарал деструцкигүй, судасны зураглал бүдэг, дух дагз хэсэгт хуруу дардас шинж бүдэг илэрнэ, хамрын таславч баруун тийш муруйлттай” гэсэн байдаг.
Гэтэл яг энэ өдөр Н.Ү Улаанбаатар хот Med trauma эмнэлгийн Дүрс оношлогооны шинжилгээний хариу гэх бичвэрт “толгойн компьютер томографи /тодосгогчгүй/” гэх шинжилгээний бичигт “баруун талын хацар ясны нум хэсэгт заадас дагуу зөрүүгүй хугаралттай, баруун талын хоншоорын хөндийн урд болон арын хануудад 2.2 см орчим өргөн зайд дотогш 0.8 см хүртэлх гүнтэй цөмөрч зөрсөн хугаралуудтай, баруун нүдний ухархайн доод хананд 1.2*0.6 см орчим зайд доош хоншоорын хөндий рүү 0.4 см гүнтэй цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний ухархайд гэмтлийн болон деструцки өөрчлөлтгүй, баруун хоншоорын хөндийн салст жигд бус зузаарсан, бага хэмжээний цусархаг агууламжтай, баруун талын хацар, хоншоор шанаа уруулын хэсгийн зөөлөн эдүүдэд хавантай” гэжээ. .
Нэг өдөр авахуулсан 2 рентген зурагт яагаад ийм их хэмжээний зөрүүтэй гэмтэл тусгагдсан, Med trauma эмнэлгийн /рентген зураг/ дүрс оношлогооны зураг хэрхэн алга болсон, ер нь ийм рентген зураг байсан уу, хариуг хэн нэгэн зохиож бичсэн үү, зураг байсан бол хэн, ямар албан тушаалтан үрэгдүүлсэн, эсвэл хуурамч нотлох баримт бүрдүүлээд дүгнэлт гаргуулахаар хийсэн хохирогчийн хууль бус үйлдэл үү, яагаад тухайн эмнэлгээс дахиж зургаа хэвлүүлж авч болоогүй юм бэ гэх мэт олон эргэлзээтэй байдлыг бий болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1. “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3. “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчим алдагдсан гэж би үзэж байна.
Дээр дурдсанчлан шинжээчийн дүгнэлт гарахад шууд нөлөөлөх гол нотлох баримт буюу Med trauma эмнэлгийн /рентген зураг/ дүрс оношлогооны зураг байхгүйгээр шинжээчийн нэмэлт дүгнэлтийг гаргаж Н.Ү гийн гэмтлийн зэргийг тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж хуульд заасан журмаас гадуур цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “Мөрдөгч нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, ... бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, ... хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4. “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, мөн зүйлийн 6. “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, мөн зүйлийн 10. “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.”, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3. “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна" зэрэг мөрдөгч, прокурорын хүлээх үүргийг зохицуулсан байхад мөрдөгчөөс дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж хэргийн нотлох баримтыг устгасан байж болзошгүй байхад анхан шатны шүүхээс тухайн баримт нь хэрэгт ач холбогдолгүй, бусад байдлаар нотлогдсон мэтээр дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. “Шинжилгээний объект дараах нийтлэг шаардлагыг хангасан байна”, 12.3.2. “эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх”, мөн хуулийн 13.1. “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын бүрэн бүтэн байдал, ... зориулалтын дугтуй, ... зэрэгт тус тусад нь стандарт, журмын дагуу битүүмжилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийн хамт ... шинжилгээний байгууллагад шууд хүргүүлнэ", мөн зүйлийн 13.2. “Шинжилгээний объектыг ... шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, шинжилгээний байгууллага хүлээн авч шинжээчид хүлээлгэн өгөх, шинжилгээ хийсний дараа шинжээчээс хүлээн авч шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаан хүргүүлэх хүртэлх хугацаанд ... зохих журмын дагуу хадгалж, бүрэн бүтэн байдлыг хариуцна”, 13.6. “Энэ хуулийн 13.5-д заасан зөвшөөрөл олгосноос бусад шинжилгээний объектыг устгахыг хориглоно.”, 13.7. “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектыг ... хүргүүлж, шинжилгээ хийж дууссаны дараа шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан авна” гэх зохицуулалтыг мөрдөгч, шинжээч нар зөрчиж хохирогчоос өгсөн баримтыг алга болгож /хохирогчийн мэдүүлснээр/ хавтаст хэрэгт авагдаагүй нь Н.Ү гийн биед гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байдлыг бий болгож байна.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8. “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжпэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, мөн зүйлийн 9. “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохүй”, 13. “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 14. “Нотлох баримтыг шинжпэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 15. “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэх журмыг зөрчиж хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт буюу рентген зураг байгаа эсэх, Н.Ү д дээрх гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байхад нотлох баримтгүй, хууль зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5. “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан;” гэх үндэслэлийн тухайд
Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэсэн байхыг хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Н.Ү гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасах эсэхийг шийдвэрлэхгүйгээр түүнд учирсан гэмтэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал үгүйсгэгдсэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаж гомдол гаргаагүй, гэмтлийн зэргийг буруу тогтоосон гэж үззх үндзслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь тус тогтоолын 13 дах талд “Н.Ү гийн карт, томографийн зургийг шинжээч эмчид дүгнэлт гаргуулахаар өгсөн, шинжээч эмч нь мөрдөгчид дүгнэлтийн хамт өгсөн гэсэн боловч хэрэгт хавсаргагдаагүй талаар /энэ талаар зөвхөн хохирогч шүүх хуралдаан дээр хэлсэн/ дүгнэсэн мөртлөө хууль зөрчиж цуглуулсан гэж үзэх нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм.
Ер нь бол дээр дурдсан хуулийн заалтуудаас харахад мөрдөгч хэргийн оролцогчдоос өгсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, хадгалах, хамгаалах шууд үүргийг хүлээдэг бөгөөд хэргийн гол баримтыг алга болгосон эсэх, эсхүл хохирогч огт зураг авахуулаагүй байж болох эсэх нь хэрэгт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэхгүйгээр мөрдөн байцаалтанд буцааж нотлох баримтыг олж хэрэгт хавсаргуулах, бусад шаардлагатай ажиллагааг хийлгүүлсний дараа хэргийг шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Гурав: Хохирлыг буруу тооцоолж, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн талаар.
Хохирогчийн эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас хэзээ, хаана, юу авсан нь тодорхойгүй, баларч устгагдсан, уншигдах, судлах боломжгүй зарим баримтууд байсныг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хасахгүйгээр бүхэлд нь хохиролд тооцсонд гомдолтой байна.
Тухайлбал 4, 12, 14-17, 25, 26, 28, 30 дугаарласан Е баримтууд нь бараа үйлчилгээ, худалдан авалт гэх зэрэг юу авсан нь тодорхойгүй, 10 дугаартай баримт нь бүдгэрсэн, 8 дугаартай баримтаар ор хөнжлийн даавуу, аяга зэргийг авсан ба уг эд хөрөнгө нь шууд хохиролд тооцогдохгүй, хохирогчид үлдэх эд хөрөнгө тул хохирол гэж үзэхгүй, 1 дугаарласан баримтаар 868,000 төгрөгийг төлсөн эсэхэд эргэлзээтэй, Б.Д-н 130,000 төгрөгний баримтыг хохирогч бус тул нэхэмжпэх боломжгүй, 129 дахь талд авагдсан 266,000 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй зэрэг баримтуудыг хохиролд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг буруу тайлбарлан иргэний хариуцагч, шүүгдэгч нарт хохирлыг тэнцүү хувааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчоос нэхэмжпээгүй байхад улсын яллагч, анхан шатны шүүх нэхэмжлэлээс хальсан буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг хохиролд тооцож гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5. “нэхэмжлэлийн үнэ;” 63 дугаар зүйлийн 63.1.7. “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжпэлд заасан үнийн дүнгээр;” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал эдийн болон эдийн бус баялагтай холбоотой аливаа шаардлага нь тодорхой үнэлгээтэй байдаг. Энэхүү үнэлгээ нь шүүхээр шийдвэрлэгдэх маргааны зүйлийг тодорхойлохоос гадна шаардлагын хэмжээг тодорхойлно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зүйл, хэмжээнээс илүү зүйл, хэмжээний асуудлыг шийдвэрлэх учиргүй тул нэхэмжлэлийн үнэ тодорхой байх ёстой. Иргэний хуульд заасан эдийн бус хохирлыг арилгуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгээр тодорхойлдог.
Гэтэл иргэний нэхэмжпэгч, түүний өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хохирлын талаар мэтгэлцээгүй, хохирол шаардаагүй байхад анхан шатны шүүх шаардаагүй нэхэмжлэлийг хангаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.У тайлбартаа: ... Миний хувьд А цэг дээр гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н тайлбартаа: ... Бид гомдолтой байна. Эмнэлэгт хэвтсэн баримт авч үлдсэн. Сэтгэл санааны хохирлын хохирлын хугацаа нь гарсан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Ж тайлбартаа: ... Сэтгэл санааны хохирлыг нэмж тооцож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.У н гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.У нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах А/1001/ дугаартай авто зам дээр *** улсын дугаартай Хюндай загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.Д ийн жолоодож явсан **** улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Н, Н.Ү, Д.Б нарын эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.У гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Д.У нь ... Н.Ү биед гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдлыг бий болгож байна ..., ... Хохирлыг буруу тооцоолж, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн ... ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Насанд хүрээгүй хохирогч Н.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад “... шөнө суудал дээрээ унтаж байсан чинь манай машиныг машин мөргөж би сэрсэн. Сэрэх үед миний баруун хацар хүчтэй өвдөж байсан ...” гэж мэдүүлсэн байна.
Мөн шинжээчийн 199 дугаартай дүгнэлтээр: ... Н.Ү гийн биед баруун завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... баруун завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна ...” гэж тогтоогдсон байх ба
шинжээч эмч дээрх дүгнэлтийг ... БОЭТ-ийн хэвлийн хэт авиа ... Өөрчлөлтгүй ... эмч Б.Д ... гэсэн, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дүрс оношлогооны төвийн гавал ясны 2 байрлалын рентген зураг ... Судасны зураглал бүдэг, дух дагз хэсэгт хуруу дардас шинж бүдэг илэрнэ. Хамрын таславч баруун тийм муруйлттай. Эмч Б.Д гэсэн баримтуудыг үндэслэн гаргажээ.
Түүнчлэн шинжээч эмч Э.Б нь шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээг ... 2024.02.14-ны ЭХЭМҮТ-ХЭС ...нүдний угт. ХМХ хил хязгаар тод улбар ягаан өнгөтэй CPR 0.3/0.3 судсан багц төвдөө p:v 3:1 шар толбоноос рефлекстэй, торлог байрандаа. КТГ: Баруун нүд доод хана 1,2х0,6 см-т 0,4см гүнтэй цөмөрсөн хугаралтай. Зүүн нүд: гэмтлийн өөрчлөлтгүй. 2024.02.28-ны эмнэлэгт хэвтсэн тухай: Онош: Тархи доргилт, баруун талын хацар яс хоншоорын хөндий, нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал ...
... 2024.02.13-ны Med trauma эмнэлгийн толгойн КТГ: Баруун талын хацар ясны нум хэсэгт заадас дагуу зөрүүтэй хугаралтай. Баруун талын хоншоорын хөндийн урд болон арын хануудад 2,2 см орчим өргөн зайд дотогш 0,8см хүртлэх гүнтэй цөмөрсөн хугарлуудтай. Баруун нүдний ухархайн доод хананд 1,2х0,6см орчим зайд доод хоншоорын хөндий рүү 0,4 см гүнтэй цөмөрсөн хугаралтай ...Баруун хоншоорын хөндийн салст жигд бус зузаарсан, бага хэмжээний цусархаг агууламжтай ... баруун талын хацар, хоншоор, шанаа, уруулын хэмгийн зөөлөн эдүүдэд хавантай ... эмч Б.С ... гэсэн баримтуудыг үндэслэн хийсэн
Н.Ү гийн биед нэмэлтээр баруун хацар яс, баруун талын хоншоор яс, баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл тогтоогдлоо ... баруун хацар яс, баруун талын хоншоор ясны хугарал гэмтэл нь дан дангаараа ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт гаргаж, холбогдох баримтууд хх137-147/-ыг хавсаргажээ.
Шинжээчийн дээрх дүгнэлтүүдтэй шүүгдэгч, хохирогч нар танилцсанаас гадна нэмэлт дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн гомдол, хүсэлтийг оролцогч нарын хэн аль нь гаргаагүй, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн нэмэлт дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.У гаргасан “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй ... ” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжээчийн дээрх дүгнэлт нь дангаар бус хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд нь уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудын агуулга, тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан эсэх зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.У гаас 10,286,008 төгрөг, иргэний хариуцагч У.Б ээс 10,286,008 төгрөгийг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Н д олгуулж, насанд хүрээгүй хохирогч Д.Б, Н.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон Н.Ү гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.У д анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР