Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00359

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ...-р хороо,... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух, *******ийн *******ийн 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Үүнд: Миний бие 1988 оны 07-р сараас 1990 оныг дуустал *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажилласан. Ингээд 1991 онд бүтцийн өөрчлөлтөд орж Сүхбаатар аймгийн Эд хэрэглээний хоршоодын холбооны харьяа хамтын хүч хэрэглээний хоршооны ахлах нягтлан бодогч, 1993 оноос 1994 онуудыг дуусталх хугацаанд тус хоршооны даргын үүрэгт ажлыг хийсэн. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1988-1992 оныг дуустал нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор, 1993-1994 оныг дуустал Хамтын хүч хоршооны даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07-р сарын 20-ны өдрийн 85, 1989 оны 07-р сарын 26-ны өдрийн 95, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12, 1990 оны 02-р сарын 16 дугаартай тушаалын хавсралт, 1990 оны 05-р сарын 03-ны өдрийн 01, 56, 1990 оны 05-р сарын 23-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбарууд, Сүхбаатар аймгийн *******н сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 02-р сарын 03-ны өдрийн 15 дугаартай захирамжийн хуулбар, *******н сумын албан байгууллага, багийн дарга, Тамгын газрын ажилтан нартай уулзсан тухай хурлын 1994 оны 10-р сарын 25-ны өдрийн 06 дугаартай протокол, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 08-р сарын 29-ний өдрийн 13, 14 дугаартай албан бичиг, Монголын худалдааны байгууллагын 70 жилийн ойд төлөөлөгчөөр оролцсон гэх гэрэл зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийг удирдах газарт 1988 оны 07-р сараас 1990 оныг дуустал нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор, Хамтын хүч хэрэглээний хоршоонд 1991 оноос ахлах нягтлан бодогч, 1993 оноос 1994 онуудыг дуусталх хугацаанд тус хоршооны даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч *******д овогт *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид газарт 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 18-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор,

1989 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ахлах нягтлан бодогчоор,

1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн *******н сумын Хамтын хүч хоршооны даргаар тус тус ажиллаж байсан нь:

- Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

- Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07-р сарын 20-ны өдрийн 85 дугаартай тушаал (*******н сумын нябо Ц.******* гэх),

- 1989 оны 07-р сарын 26-ны өдрийн 95 дугаартай тушаал (Ц.*******ийг *******н сумын ахлах нягтлан бодогчоор томилсон бичилт бүхий),

- 1990 оны 02-р сарын 16 дугаартай тушаалын хавсралт (ахлах нябо Ц.******* гэх),

- 1990 оны 05-р сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаал (*******н сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нябо Ц.******* гэх),

- 1990 оны 05-р сарын 03-ны өдрийн 56 дугаартай тушаал (*******н сум Ц.******* гэх),

- Сүхбаатар аймгийн *******н сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 02-р сарын 03-ны өдрийн 15 дугаартай захирамжийн хуулбар (Хамтын хүч хоршооны дарга Ц.******* гэх),

- *******н сумын албан байгууллага, багийн дарга, Тамгын газрын ажилтан нартай уулзсан тухай хурлын 1994 оны 10-р сарын 25-ны өдрийн 06 дугаартай протокол (хоршооны дарга Ц.******* гэх) 

- Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн Ц.******* бид хоёр 1988-1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан. Ц.******* *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны дунд үеэс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Тухайн үед сургууль төгсөөд ирсэн байх. Сүүлд ерөнхий нягтлан бодогч болсон. 1991 онд болсон шиг санаж байна. *******н сумын Худалдаа бэлтгэлийн анги 1991-1992 оны хооронд бүтцийн өөрчлөлтөд орж Хамтын хүч хоршоо болж өөрчлөгдсөн. Ц.******* 1992 оноос Хамтын хүч хоршооны захирлаар ажилласан. Би Худалдаа бэлтгэлийн анги, Хамтын хүч хоршоонд манаачаар ажиллаж байсан. Тухайн үед зах зээлийн шилжилт хөдөлгөөн болж хоршоо 1996 онд тарж, татан буугдсан. Ц.******* хоршоог тарах хүртэл захирлаар нь ажилласан. Би ч мөн тарах хүртэл нь ажилласан. Түүнээс хойш бол хамт ажиллаагүй. Хаана юу хийж байсан талаар бол сайн мэдэхгүй. гэх мэдүүлэг,  

- Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн Ц.******* бид хоёр 1988-1996 он хүртэл Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Хамтын хүч хоршоонд хамт ажиллаж байсан. Ц.******* 1988 оны 07 дугаар сараас *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед сургуулиа төгсөж ирээд нягтлан бодогчоор шууд томилогдсон. Би тэр үед худалдагчаар ажиллаж байсан. Ц.******* 1991-1992 онд Худалдаа бэлтгэлийн ангийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Худалдаа бэлтгэлийн анги 1993 оноос Хамтын хүч хоршоо болж өөрчлөгдөхөд Ц.******* тус хоршооны даргаар томилогдсон. Хамтын хүч хоршоо 1994 оны сүүлээр татан буугдаж, үйл ажиллагаа нь хувийн хэвшилд шилжсэн. Хамтын хүч хоршоо хувийн хэвшилд шилжсэн хэдий ч Ц.******* даргаар нь үргэлжлүүлэн ажилласан. Ингээд тус хоршоо 1996 онд бүрэн тарсан. Тэр хүртэл Ц.******* даргаар, би худалдагчаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.  

5. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.******* нь 1988 оны 07 дугаар сард Худалдааны техникумыг төгсөж, Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 07-р сарын 20-ны өдрийн 85 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор томилогдож ажилласан ба Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар тушаалаар *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогчоор томилогдож ажиллажээ. 

6. Харин аймгийн Худалдаа хангамжийн удирдах газар байгуулагдсантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай тушаалаар *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөн, мөн өдрөөс *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогчоор дахин томилогдсон байна. 

7. Хэрэглээний хоршоо зохион байгуулагдаж Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тушаалаар *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж 05 дугаар сарын 15-аас Хоршоодын холбооны мэдэлд шилжжээ. 

Тэрээр дээрх хугацаанаас хойш 1994 онуудыг дуустал Сүхбаатар аймгийн *******н сумын Хамтын хүч хоршооны даргаар ажиллаж байжээ. 

Тухайлбал, Сүхбаатар аймгийн *******н сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар Захирамжаар Хамтын хүч хоршооны дарга Ц.*******т хүнсний болон хэрэгцээт барааг татан авч нөөцлөх үүргийг даалгаж байсан ба мөн тэрээр Хамтын хүч хоршооны даргын хувиар *******н сумын Засан даргаас зохион байгуулсан сумын албан байгууллага, багийн дарга, газрын ажилтан нартай уулзсан 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдоно.  

8. Иймд шүүх *******д овогт *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид газарт 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 18-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1989 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ахлах нягтлан бодогчоор, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн *******н сумын Хамтын хүч хоршооны даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******д овогт *******ийн *******ийн Сүхбаатар аймгийн *******н сумын Худалдаа бэлтгэлийн ангид газарт 1988 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 18-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1989 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1990 оны 05-р сарын 15-ны өдрийг дуустал ахлах нягтлан бодогчоор, Хамтын хүч хоршоонд 1990 оны 05-р сарын 16-ны өдрөөс 1994 оныг дуустал даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН