Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/01473

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/01473

 

 

 

 

 

 

 

Төв аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Т

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.Т нь шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Хүсэлт гаргагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1988 онд 10-р анги төгссөн. 1989 оны 1 дүгээр сарын 23-нд анх Зуунмод сумын 7-р цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Дараа нь 1992 оны 8 дугаар сарын 25-ны тушаалаар Зуунмод сумын 2 дугаар цэцэрлэгт шилжүүлсэн. Тиймээс 1989 оны 1 дүгээр сарын 03-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан жилийнхээ ажилласан жилийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр болон аймгийн архивын газраас авсан цалингийн цэсийн хуулбар байгаа гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06/677 дугаартай архивын лавлагаа, Төв аймгийн Зуун мод сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Архивын хэлстийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 522 дугаартай тодорхойлолтууд, Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

4. Шүүх ХААТР-1 маягтын хуулбар, хаягийн хуудсын хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 1 сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, гэрч Ш.Энххаш, Р.Үзмээ нарын мэдүүлэг, Зуунмод хотын 10 жилийн 1-р дунд сургуулийн төгсөлтийн гэрэл зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч Б.Т ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Т ыг 1989-1994 оны хооронд Төв аймгийн Зуунмод сумын 7 болон 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсныг нотлох баримт өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажлаас халагдах үеийн холбогдох тушаал болон баримтууд нь Төв аймгийн Архивын хэлтэст хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Архивын хэлстийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 522 дугаартай тодорхойлолтууд болон лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Т тай хамт ажиллаж байсан гэх Ш.Энххаш, Р.Үзмээ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь Зуунмод сумын 7-р цэцэрлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлсэн болно.

6. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б.Т ын нэр дээрх 1989 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн 1989-1994 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлахад 1989 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Зуунмод сумын 7-р цэцэрлэгээс олгосон, цэцэрлэгийн эрхлэгч Ш.Энххаш гэх гарын үсэг зурж цэцэрлэгийн тамга дарсан байна. Тус гарын үсэг зурсан цэцэрлэгийн эрхлэгч Ш.Энххаш нь шүүхэд гэрчээр асуугдаж, мэдүүлэг өгсөн, мөн тус дэвтэрт бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

7. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Т ын 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Төв аймгийн Зуунмод сумын 7-р цэцэрлэгт туслах багшаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Т /РД:/-ийг 1989 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Төв аймгийн Зуунмод сумын 7-р цэцэрлэгт туслах багшаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Зуунмод сумын 2-р цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Т ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА