| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 101/2023/06105/И |
| Дугаар | 317/ШШ2025/01486 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/01486
2025 10 21 317/ШШ2025/01486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э,
Хариуцагч: Б
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б аас 110,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2014 оны 01 дүгээр сард эхнэр Б.Алтжинтайгаа оюутан байхдаа танилцаад 2015 оноос хуримлан, хамт амьдарч байсан юм.
Бид хоёрыг хамт амьдарч байхад, түүний төрсөн ах болох Б.Б манайхаар нэг хоёр удаа ирснээр би түүнийг зүс таних болсон.
2016 оны 10 дугаар сард би мэдээлэл, технологийн шинжлэх ухааны мастер хамгаалахаар АНУ-руу ганцаараа явж, дараа нь эхнэр 2017 оны 3 дугаар сард ирж бид хоёр АНУ-д хамт амьдарч би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Би сургуулиа төгсөөд 2017 оны 8 дугаар сараас АНУ-н "Амазон ХХК программ хангамж хөгжүүлэх инженерийн ажилд орж, дараа нь 2010 оны 6 дугаар сараас ажлаасаа гараад өөр ажил буюу "Google" ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орсон.
Би цалингаараа оюутны өр, зээлээ дуусгаад дараа нь эхнэртэйгээ Монголд байр авъя" гэж яриад байрны мөнгө цуглуулахаар шийдвэрлэж 2019-2021 оны 3 дугаар сар гэхэд гучин гаран мянган доллар цуглуулсан байсан. Энэ цуглуулсан мөнгийг эхнэр маань ч мэддэг байсан.
Нэг удаа эхнэр надад "3 хувийн зээл Монголд гарч байгаа гэсэн. Тэгээд ах Б нь 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийн зээл гаргуулахын тулд Монголд 100,000,000 (зуун сая) төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол тэр даруйдаа мөнгийг чинь шууд буцаагаад өгчихнө гэж байна гээд намайг энэ мөнгөө өгчих үү? " гэж хэлсэн.
Тэгээд би эргэлзээд "яах юм бэ хэрэггүй" гээд хэлтэл манай эхнэр ах Б.Б т нэг л удаа хоёулаа тусалъя гэсэн, мөн Б.Б над руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай би буцааж 7 хоногийн дараа, үсрээд нэг сарын дараа өгнө гэсэн тул итгээд би 2021 оны 4 дүгээр сарын 13-нд 25000 ам доллар, 4 дүгээр сарын 15-нд 6,500 долларыг 2 удаагийн үйлдлээр, нийт 31,500 ам доллар шилжүүлсэн. Тус долларыг Б.Б ын Худалдаа хөгжлийн банк дахь 82644351 тоот данс руу АНУ-аас шилжүүлсэн.
Б.Б надаас мөнгө зээлэхдээ 2-3 удаа утсаар яриад Би 300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтээгээд мөнгийг чинь гаргаад өгнө гэсэн тул итгээд хурааж хуримтлуулсан байрны мөнгөө шилжүүлсэн.
Энэ хугацаанаас хойш сарын дараа нөгөө мөнгөө асуухад, эхнэр "Болоод л байх шиг байна, утас нь холбогдохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд хүлээж байгаад эхнэрээсээ 6 дугаар сард нэг удаа асуусан. Тухайн үед өгсөн хариу нь Нөгөө ах чинь таг болчихлоо, утас нь ядаж холбогдохгүй байна" гэж эхнэр хэлсэн.
Сарын дараа эхнэрээсээ дахиад асуусан чинь Билгүүнээ малын өвс тэжээл тарьсан гэсэн гэхэд нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хэлсэн ярьсандаа байхгүй гэсэн чинь харин тийм ээ, одоо яах вэ" гэж хэлсэн. Эхнэр миний хурааж байсан орон сууц худалдан авах мөнгийг өөрийн төрсөн ах Б.Б т зээлчих гэж хэлж байсан тул би итгээд өгсөн.Эхнэр ахтайгаа холбогдоод мөнгө төгрөг нэхэх талаар ярьдаг байсан тул би эхнэрээсээ асуудаг байсан.
Сүүлд би мөнгөө нэхэж Б.Б ын утас руу залгаж асуухад "Чи юу гээд байгаа юм, чамайг Монголд ирвэл онгоцны буудал дээр чинь хүнээр алуулна" гэж заналхийлсэн.
Үүний хойш Б тай ямар ч холбоогүй, миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандлаа.
Энэ асуудлаас болж эхнэртэйгээ таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа юм. Б.Б аас 31,500 ам доллар буюу монгол мөнгөөр 110,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.
Б тай утсаар ярьж байгуулсан зээлийн гэрээндээ долларыг, доллараар буцаан шилжүүлж авахаар тохиролцсон байдаг. Өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй байгаа. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн долларын ханш болох 3417.79 төгрөгөөр тооцоод 107,635,500 төгрөг, бусад зардал болох 2,614,500 төгрөг нэмэгдээд нийтдээ 110,250,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бусад зардал болох 2,614,500 төгрөгөөсөө татгалзаж байна, тэгэхээр одоо 107,635,500 төгрөг нэхэмжилж байна.
Анхан шатны шүүхээс 3 удаа, давж заалдах шатны шүүхээс 2 удаа шийд гарлаа. Ийм тодорхой, ойлгомжтой зүйл дээр шийдвэр гарахгүй яваад байгаад үнэхээр харамсалтай байна. Энэ хугацаанд дүүгээ бодсон бол мөнгийг нь буцаагаад өгөхгүй яагаад яваад байдаг юм бэ? яагаад эвлэрлийн хугацаанд ирж уулзахгүй, асуудлаа шийдэхгүй яваад байдаг юм бэ? Ийм ойлгомжтой зүйл дээр ингэж удаад байгааг гайхаж байна даа.
Явцын дунд 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь Амарт ямар ч хамаагүй. Энэ гэр бүлийн суралцангаа, ажиллаж цуглуулсан хамгийн анхны мөнгөн хуримтлал байсан, тэр мөнгийг нь авчаад өгөхгүй, маргаад байх юм. Үхэр малтай гээд байсан ер нь энэ мөнгөнөөсөө өгсөн юм байгаа юм уу? Алтжинг гадагшаа явахад 3,000,000 төгрөг шилжүүлсэн гээд байсан, өөр юу өгсөн юм бэ? Энэ зээлсэн мөнгөнөөс чинь болоод гэр бүл салаад байна, гадаадад ажиллаж, амьдарч байсан хүмүүс Монголд ирээд Алтжин 2 хүүхдийн хамт нөхрөөсөө тусдаа түрээсийн байранд амьдарч байна, ер нь энэ талаар дүгнэлт хийсэн зүйл байна уу? итгэмжлэгдсэн төлөөлөгч болохоор чинь асуугаад байна. Бид нар иргэний хэргийн шүүхэд хандаад яваад байгаа болохоос биш, цаана нь залилангийн гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа, ах дүү хүмүүс тэгж яваад яах вэ гэж л байгаа болохоос биш.
гэв.
2. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:
Энэхүү хэргийн шүүх хурал 3 дах удаагаа хуралдаж байна, энэ нэхэмжлэлийг яагаад зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ яръя. Б өөрөө холбогдож, Алтжинд хандаж, Монголд хямдхан байр байна, ахдаа туслаач ээ гэсэн. 2021 оны 4 дүгээр сарын 13-нд 25000 ам доллар, 4 дүгээр сарын 15-нд 6,500 ам долларыг 2 удаагийн үйлдлээр, нийт 31,500 ам долларыг Амарын данснаас шилжүүлж авсан нь үнэн, гэхдээ өөрийн дүү болох Алтжингаас авсан гэж ойлгож байсан. Тиймээс Амарт надад мөнгө зээлээч гэж хандаагүй учраас Амарт мөнгө өгөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн дүн танилцуулж байх шиг байна. Хавтаст хэргийн 133 дугаар талд байгаа зээл анх авч байсан үеийн ханшаар тооцоход 89,775,000 төгрөг болж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн ханш 3407.88 төгрөгөөр тооцоход 107,348,220 төгрөг болоод байх юм, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болох зээл авсан цаг хугацааны ханш 2850 төгрөгийн ханшаар тооцоход 89,775,000 төгрөг болж байна, үүнээс нэмэгдэл зардал болох 2,614,500 төгрөг хасаад 17,375,220 төгрөгийн зөрүү гараад байх юм. Гэтэл одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөр байдлаар тайлбарлаад байх юм. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, хариуцагч хариу татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд байгаа юм уу, багасгаад байгаа юм уу? ойлгомжгүй байдалд хүрлээ. Хэрвээ багасгаад байгаа бол, би нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авъя хуульд заасан эрхээ эдлье.
3,000,000 төгрөг өгсөн байгаа, шүүхээс эвлэрлийн хугацаа өгсөн байгаа, ирээд уулз асуудлаа шийд гэж зөндөө хэлсэн байгаа, Б өөрөө ирэхгүй байгаа, энэ хүнийг би ямар чирч авчралтай биш дээ. Би энэ шийдийг гаргаагүй, шүүхээс 2 удаа процессийн алдаа гарлаа гэж шийд гарсан, нэгэнд нь оролцогчийн эрхийг хангаагүй байна гэсэн. Ер нь мөнгөний асуудлаас болоод Амар, Алтжин нарын хооронд үл ойлголцол гараад байгааг ойлгож байгаа, Алтжинд бол зээлсэн төгрөгөө өгье гээд байгаа.
гэв.
Гуравдагч этгээд: Тухайн асуудлыг дэгдээсэн миний буруу. Бүх л бүтэн гэр бүл учраас хамтдаа асуудлыг ярьж, шийдвэрийг хамтдаа гаргадаг. Би Б ыг гуйгаад байсан болохоор, тусалъя гэсэн санаачлагыг гаргаад 31,500 ам долларыг Амараар шилжүүлснээр өнөөдөр бид хоёрын амьдрал 2 тийшээ болж байх шиг байна. Би энэ шүүхэд яагаад бүх зүйл тодорхой байхад, хариуцагч талын арга саам хийсэн үгэнд итгээд, ингэж удаагаад шийдэж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаад гомдолтой байна. Эвлэрлийн хугацаа өгөөд, хоорондоо эвлэр гээд, Б ыг өөгшүүлээд, дэвэргээд байх юм. Б т хэлэхэд, авснаа буцаагаад өгчихөөр, яг яагаад байгаа юм. Анх авахдаа 7 хоногийн дараа өгнө, 01 сарын дараа өгнө, 3 сарын дараа өгнө гэж худлаа хугацаа хожоод байхаар одоо өгөх цаг нь болсон юм биш үү. Худлаа миний нэрийг бариад яваад байх юм. Хариуцагчийн ярьж байгаа бүх зүйл худлаа. Надад өгвөл өгөхөөр хугацаа зөндөө боллоо, би Америкаас ирээд 2 хүүхэдтэйгээ байр түрээслээд хийсэн ажилгүй хэцүү л явж байна, гэтэл дүүгээ бодоод өгөхгүй байгаа яагаад гэхээр, салсан нөхөрт нь хөрөнгө үлдээхгүй гэсэн санаатай байгаа гэсэн юм яриад яваад байдаг. Ер нь хэдэн удаа шүүхээр орж, хичнээн шүүгчийн нүүр үзэх гээд байгаа юм бэ, одоо болоо юм биш үү, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хэлэхээр би мэдэхгүй гээд байдаг мөртөө шүүх хурал болохоор янз бүрийн юм яриад байдаг. Одоо доллар хэдэн төгрөгийн ханштай болчихсон байгаа билээ, аль 2021 онд авчаад нэг ч төгрөгийн хүү төлөх нь битгий хэл, зээлсэн доллар ч байхгүй. Өнөөдрийн тухайд надад 1,000,000 төгрөг ч гэсэн мөнгө болоод байна гэв.
2.1 Хариу тайлбарын үндэслэлээ:
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж
баримтыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбарт хавсаргаж
5. Шүүх, талуудын хүсэлтийг үндэслэн хэргийг Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Амарын нэхэмжлэлийн шаардлагаас 107,635,500 төгрөгийг хангаж, 2,616,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б аас 2021 оны 04 дүгээр сарын 13- ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг зээлүүлсэн тул 110,250,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. /хх 1-2, 136-137/
3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, анх Алтжинтай ярилцан тохиролцож байр худалдаж авахаар ярьсан захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан" гэж тайлбарлаж маргасан. /хх 54/ байр захиалсан,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч Б.А нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг Б.Б ын Худалдаа хөгжлийн банк /доллар/-ны харилцах 452644351 дугаартай дансанд шилжүүлсэн, Б.Б нь 3,000 долларыг Basandalai Altanzul утгатай 2021 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр шилжүүлсэн, мөн өдрөө 2992.64 долларыг Basandalai Altanzul-aaс буцаан шилжүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6,000 долларыг Mashinii mungu Хаан банк 5077096956 Amarzaya boldoo утгатайгаар шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байна. /хх 61-62/
3.2 Талууд 31,500 долларын үнийн дүн болон доллар шилжүүлсэн, долларын ханшны талаар хэн аль нь маргаагүй болно.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл /доллар/-ыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул энэ үйл баримтыг талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, хариуцагч "байр худалдаж авахаар ярьсан ... байр захиалсан, захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан" байдлаар мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
7. "...долларыг байр авах гэж авсан гэж тайлбарлаж байх хэдий боловч хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг нэхэмжлэгчээс мөнгө авсан гэж үзлээ.
8. Харин мөнгийг байр авах гэж авсан боловч байр авсан эсэх нь тодорхойгүй учраас авсан мөнгийг зээлсэн гэж үзсэн учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэг үүснэ.
9. Зээлийн харилцаанаас үүссэн үүргээ хариуцагч Б.Б биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанартай эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч Б.А шаардах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1- д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
11. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Б.Амартай гэрээ байгуулаагүй учраас хуульд зааснаар төлбөр төлөх үүрэг үүснэ.
12. Төлөх төлбөрийг 107,635,500 төгрөгөөр тооцсон. Хариуцагч Б.Б нь төлбөрийг төлөөгүйгээс төлбөр төлөх үүрэг үүсэх үеийг шүүхийн шийдвэр гарснаас тооцох хэдий боловч нэхэмжлэгч Б.А нь шүүхийн шийдвэр гарах үеийн ханшийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
13. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3417.79 төгрөгийн ханшаар тооцож /31,500 /долларыг/ х 3417 /төгрөг/=107,635,500 төгрөгөөр/ тооцсон болно.
14. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Б аас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгох нь зүйтэй байна.
15. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
16. АНУ-ын долларын ханш 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2849.99 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2850.06 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3417.79 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдон. /хх 159-162/
17. Нэхэмжлэгчээс 25,000 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2849 төгрөгт шилжүүлснээр 71,225,000 төгрөг, 6,500 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2850 төгрөгт шилжүүлснээр 18,525,000 төгрөг буюу нийт 89,750,000 төгрөг болсон.
18. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул 17,573,220 төгрөгийг хохиролд тооцсон. Учир нь 2021 оны 04 дүгээр сарын 13-наас хойш 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханшны зөрүү 17,573,220 төгрөгийг хохирол /валютыг мөнгөөр шаардах эрхтэй/-д тооцож хариуцагч Б.Б аас гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
19. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тогтоож төлбөрийг төлнө" гэж заасан тул нэхэмжлэгч Б.Амарын нэхэмжилсэн 110,250,000 төгрөгөөс 107,635,500 төгрөгийн зөрүү 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
20. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б аас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
21. Б.Алтжингийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн үндэслэл тогтоогдоогүйг, хөндсөн гэж үзвэл Б.Алтжин нь тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжил хариуцагч Б.Б аас 696,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дүгээр зүйлийн 218.1-т зааснаар хариуцагч Б.Б аас 107,660,385 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Амарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,589,615 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 696,252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА