Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/01485

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/01485

Төв аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю ХХК

Хариуцагч:  П ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болор-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Ю ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гурван төрлийн бичлэг хийлгэхээр П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус гэрээний үүрэгт нийт 11,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлөрийг ажлаа хүлээн авахдаа төлөхөөр тохиролцсон. Гэтэл П ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэмэлт хугацаа олгосон ч үүргээ гүйцэтгээгүй. Иймд гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 7,700,000 төгрөг, гэрээнд зааснаар торгууль 5,500,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч П ХХК-ний төлөөлөгч Б.Лхагва нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

Т.Даваадорж нь Ю ХХК-аас ажил авах гэсэн юм заавал компаниар авах шаардлагатай гээд байна. Тиймээс танай компанид ямар нэгэн хохиролгүйгээр гэрээ хийгээд мөнгийг нь гаргаад авья. Танайд татварын асуудал үүсэх байх тэрийг нь танайх суутгаад аваад үлдчих гэсний дагуу П ХХК-ний нэр дээр гэрээ хийж ажил хийхийг нь зөвшөөрсөн. Үүний дагуу 11,000,000 төгрөгийн гэрээ хийж, урьдчилгаа 7,700,000 төгрөг манай дансанд орж ирээд 6,700,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 500585980 тоот Хас банкны өөрийх нь данс руу шилжүүлсэн. Гэвч мөнгөө гаргаж аваад өнгөрсөн хугацаанд ажлаа хийгээгүй бичлэгээ хийгээд өгөөч гэх шаардлагыг удаа дараа тавьсан бөгөөд аргацаалсан хариуг өгдөг байсан. Иймд манай компани уг ажлыг хийх болон төлбөрийг төлөх үүрэггүй гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 7,700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа байгаагаас 5,500,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэх 5,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Ю ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр П ХХК-тай байгуулсан гэрээнд П ХХК-ний төлөөлөн зурагдсан гарын үсэг П ХХК-ний захирал Б.Лхагвын гарын үсэг биш, мөн дарагдсан тамга нь тус компаний тамга биш гэсэн. Мөн гэрээнд торгуулийн заалт байгүй байгаа. П ХХК нь Ю ХХК-тай гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Т.Даваадорж гэдэг хүн Ю ХХК-аас ажил авах гэсэн юм заавал компаниар авах шаардлагатай байна гэсэн байдаг гэв.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Улаанбаатар принт ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ю ХХК болж нэрээ өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас ирүүлсэн Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10/-аар нотлогдож байна.

Иймд Улаанбаатар принт ХХК-ний нэр нь Ю ХХК болж өөрчлөгдсөн байх тул нь Ю ХХК нь Улаанбаатар принт ХХК нэртэй байх үеийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Улаанбаатар принт ХХК нь хариуцагч П ХХК-тай 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гар угаах заавар, мэндлэх хүндлэх ёс, мэдлэгтэй дэвтрийн туулайн анимэйшн гэсэн 3 төрлийн контентийг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан байна.

Тус гэрээний А талыг төлөөлж Улаанбаатар принт ХХК-ний ажилтан Б.Оргилмаа, Б талыг төлөөлж П ХХК-ний захирал Б.Лхагва нар байгуулсан байх бөгөөд П ХХК-ний захирал Б.Лхагва нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй. Харин хариуцагч Б.Лхагвын өмгөөлөгч Б.Жигмэддорж нь ...гэрээнд П ХХК-ний төлөөлөн зурагдсан гарын үсэг П ХХК-ний захирал Б.Лхагвын гарын үсэг биш, мөн дарагдсан тамга нь тус компаний тамга биш хэмээнд мэтгэлцсэн.

5. Хариуцагч тал 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ-нд зурагдсан гарын үсэг П ХХК-ний захирал Б.Лхагвын гарын үсэг биш, мөн дарагдсан тамга нь тус компаний тамга биш хэмээн татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол энэ талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах эрх нь нээлттэй байсан болно. Иймд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

6. Талуудын байгуулсан гэрээний дугаар нэхэмжлэгч Ю ХХК-иас хариуцагч П ХХК-ний данс руу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 7,700,000 төгрөг шилжин орсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

7. Талууд гэрээг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж, контентийг хийж гүйцэтгэх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэж тохирсон байх ба уг гэрээний 6.5.2-д Б тал нь энэхүү гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болор-Эрдэнэ нь хариуцагч П ХХК-иас 5,500,000 төгрөгийг төлсөн гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаас биелэгдсэн хэсгээс татгалзаагүй байна.

9. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараас үзэхэд талуудын хоорондын үүргийн харилцааг тодорхойлоход Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв. Талууд хэдийгээр бичгээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэлээ.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

8. Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй тул мэтгэлцээн үүсээгүй боловч түүний удаа дараагийн шүүхэд ирүүлсэн тайлбараас үзэхэд тэрээр Ю ХХК-тай гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээг иргэн Т.Даваадоржийн хүсэлтээр байгуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг Т.Даваадоржид өгсөн гэж тайлбарлах боловч гэрээний үүргийг гэрээ байгуулсан талууд хүлээх үүрэгтэй байдаг.

9. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж буй үндэслэлээ нотолж, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 752 дугаар зүйлийн 752.2-д Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан байдаг.

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд заасан торгууль төлөх үндэслэлгүй гэдгийг баримтаар нотлохгүй байна.

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Ю ХХК-ний хариуцагч П ХХК-иас гэрээний үүрэгт торгууль 5,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

11. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д