Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

  2025      06          04                                            2025/ДШМ/36

 

 

                                              О.Ө т холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Т

Шүүгдэгч                                                     О.Ө

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Ө ийн давж заалдах гомдлоор О.Ө т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  овогт О.Ө, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч О нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр         аймгийн         сумын         багт байрлах хойд эцэг Ц.Э ийн гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн банк руу нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг самсунг эс22 загварын гар утсандаа худалдаа хөгжлийн банкны интернэт банкыг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ц.Э д 8.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: О.Ө ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч    овогт О.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг    аймгийн Хот тохижуулах газарт өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөх болтол шүүгдэгч О.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ц.Э нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хамт хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдолдоо:

... Тухайн үед хохирогч аав Ц.Э нь надад 1.000.000 төгрөг өөрийн ашигладаг худалдаа хөгжлийн данснаас миний хаан банкны ********** дансанд шилжүүлэн өгсөн. Түүний дараа хохирогч Ц.Э ийн интернэт банк Худалдаа хөгжлийн апплекейшнийн өөрийн утсан дээрээ суулган нэг удаагийн кодоор 3.000.000 төгрөг авч 640.000 төгрөгийг аав ээжийн дэлгүүрт өртэй байсан түүнийг дарсан. Мөн хохирогч аав Ц.Э ын худалдаа хөгжлийн дансанд байсан зээл 500.400 дарсан буюу төлж өгсөн. Үүний дараа 3.000.000 төгрөг нь хохирогч Ц.Э ын худалдаа хөгжлийн дансанд үлдсэн ба үүнийг нотлох дансны хуулга болон ээж Ө.Ж гэрчээр мэдэж байгаа ба нийт 8.000.000 төгрөг О.Ө миний бие аваагүй ба авч үрэгдүүлсэн 3.900.000 төгрөг авч үрэгдүүлсэн нь үнэн. Хохирогч Ц.Э д учирсан хохирлыг нь шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулж хохирогч Ц.Э нь ямар ч гомдол саналгүй хохирол үлдээгүй гэж үзэж байгаа тул Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Ө тайлбартаа: ... Би ааваас 8.000.000 төгрөг аваагүй. Тэр үед аав уусан байсан учраас сайн санахгүй байсан. Би тэр үед мөрийтэй тоглоом тоглодог байсан. 3.000.000 төгрөг л авсан. Дэлгүүрийн өрийг дарсан. Үлдсэн мөнгө нь аавын дансанд үлдсэн ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ө т холбогдох хэргийг шүүгдэгч О.Ө ын давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч О.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр        аймгийн        сумын         багт байрлах хойд эцэг Ц.Э ын гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн банк руу нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг самсунг эс22 загварын гар утсандаа худалдаа хөгжлийн банкны интернэт банкыг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ц.Э д 8.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.

Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарахаар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан бөгөөд ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч дээрх шийдвэрийг албажуулах эрхтэй юм.

Гэтэл О.Ө т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр Э.Э-г томилсон шийдвэрийг тус шүүхийн шүүгч Д.А албажуулжээ.

Шүүгч Д.А нь тухайн үед ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэх эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгчийг томилсон шийдвэрийг хууль бус гэж үзнэ.

Иймд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шүүгдэгч О.Ө ын холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Харин дээрх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

3 Шүүгдэгч О.Ө ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Хрэгийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Ө т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР