Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2017/0204/З |
Дугаар | 221/МА2018/0348 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0348
“М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, түүний өмгөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-т тус тус заасныг баримтлан “М К” ХХК-ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Манай компани тендерт шалгарч “Э Ү” ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5/062-12 дугаартай ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл хариуцагч нь “Э Ү” ХХК-ийн 2012 он, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийх нэрээр өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “Э Ү” ХХК болон “М К” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/062-12 дугаар гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж дүгнэн тус гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэж гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог хийж ирсэн 2 аж ахуй нэгжийн төлбөр тооцоог буруутган огт үндэслэлгүй дүгнэлтийг хийн илүү төлсөн хоолны үнэ 2.591.5 сая төгрөгийг “М К” ХХК-аас гаргуулан авч “Э Ү” ХХК-ийн дансанд гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны дотор төвлөрүүлэх тухай 09/85 дугаар актыг гаргасан илт хууль бус акт болсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. “Э Ү” ХХК болон “М К” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн бусдад давуу байдал олгосон нь зөв буруу эсэхийг аудитор дүгнэж, хэрэгжээд дууссан хүчин төгөлдөр гэрээний үйлчлэлийг буцаах талаар захиргааны акт гаргах эрхгүй юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүхий хэрэг тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргаан биш болно. Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдаж байгааг анхаарч үзсэнгүй мөн энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн байна. Хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсныг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа нэхэмжлэгч гэрээгээ зөрчиж “Э Ү” ХХК-с их хэмжээний мөнгийг хууль бусаар авч төрийн өмчийн оролцоотой “Э Ү” ХХК-ийг хохироосон мэтээр иргэний хэргийн шүүхээр маргаж байгаа үйл баримтын талаар өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог.
Нэхэмжлэгч “М К” ХХК нь Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Тодруулбал,
Хариуцагч нь “Э Ү” ХХК-ийн 2012 он, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн зарим үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийн “2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “М К” ХХК, “Э Ү” ХХК нарын хооронд байгуулагдсан ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээнд ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа 3 компанийн гэрээнд тусгагдаагүй “өдөрт нэхэмжлэх хоолны тоо 1760 байна” гэсэн нэмэлт мэдээллийг оруулан өгч, уг гэрээний дагуу ажиллагсдын хоолны картаар гарсан гүйцэтгэл, гэрээнд тусгасан 1760 хоол хоёрын зөрүү буюу ажиллагсдын идээгүй хоолны үнийг НӨАТ-ын хамт 2012 он, 2013 оны 11 сар хүртэл нийт 2.591.5 сая төгрөгийг илүү төлсөн” гэх зөрчил илрүүлж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09/85 тоот акт тогтоосон байх ба уг актаар “М К” ХХК-д илүү төлсөн хоолны үнэ 2,591,5 сая төгрөгийг тус компаниас гаргуулан авч, “Э Ү” ХХК-ийн дансанд гэрээ дуусах хугацаа буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны дотор төвлөрүүлэх, байгууллагад хохирол учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ.
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө”, 15 дугаар зүйлийн 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж тус тус заасан.
Дээрх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу “Э Ү” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж акт тавьсан нь маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3 “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.7 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан захиргааны акт “илт хууль бус” болох үндэслэлд хамаарахгүй.
Түүнчлэн, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна”, 5.3 “Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана” гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 2.1-т “...дараах алдаа зөрчилд төрийн аудитын байгууллага төлбөрийн акт тавина. Үүнд: ...9. Улсад болон байгууллагад хохирол учруулсан төлбөрийн акт тавих үндэслэлтэй бусад нөхцөл байдал гаргасан” гэж тус тус заасан байх бөгөөд “Э Ү” ХХК нь “М К” ХХК-тай байгуулсан гэрээндээ ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдээс өөр зохицуулалт оруулж тус үйлдвэрийн ажилчдын идээгүй хоолны үнийг төлж байгаа нь байгууллагын хөрөнгийг арвич хямгачаар зарцуулах үүрэгтэй нь зөрчилдсөн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан анхан шатны баримт бүрдээгүй байхад бодит гүйцэтгэлгүй ажил үйлчилгээг санхүүгийн тайланд тусгасан нь уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Энэ тохиолдолд шалгагдагч байгууллага болох “Э Ү” ХХК-ийг буруутгаж акт тавьсаныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.9 “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж үзэх боломжгүй бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “М К” ХХК-д төлбөр хариуцуулсан, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн шинжийг агуулаагүй.
Өөрөөр хэлбэл, “Э Ү” ХХК болон “М К” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний дагуу төлбөрөө шаардах эрх хуулийн үндэслэлтэй эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд тухайн шүүхийн шийдвэрээс хамаарч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг буруутай албан тушаалтан төлөх эсэх нь тодорхой болох учиртай.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээгээр тохиролцсон зүйлд аудитор хөндлөнгөөс оролцож уг гэрээний зүйл заалтад дүгнэлт өгөх эрхгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй бөгөөд маргаан бүхий актад нэмэлт гэрээний талаар буруу ойлгож дүгнэсэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-д заасан процессын шинжтэй алдаа байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул энэ талаар тус шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй дүгнэлт хийсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан байх ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0197 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12-т заасныг баримтлан “М К” ХХК-ийн Үндэсний аудитын газрын аудитор Ш.И-д холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/85 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН