Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 116

 

  “П” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын

байцаагч нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Танхимын тэргүүн:         М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0594 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч Ш.З, П.Х нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0594 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг тус тус баримтлан П ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай П ХХК-ийн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0594 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: ИНЕГ-ын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ18/240, СШ18/241 тоот сорил шинжилгээний хуудсанд манай П ХХК-ийн ШТС12, 33-аас авсан Аи-92 автобензины дээжин дэх марганецийн хэмжээ 0,6-0,7 мг/дмЗ гэж тодорхойлсон байх боловч уг сорилыг Монгол Улсын стандарт Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, Техникийн шаардлага: MNS 0217:2017-д ГОСТ Р 51925 стандартын шинжилгээний аргаас өөр аргаар буюу MNS ASTM D 5185:08 стандартаар хийж, марганецийн агууламжийг тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан №СШ18/240, СШ18/241 тоот сорил шинжилгээний хуудсаар болон Стандарчлал, хэмжил зүйн газраас ирүүлсэн албан бичигт “MNS0217:2017 стандартын дагуу Аи-92 автобензинд марганецийн агууламжийг тодорхойлох итгэмжлэгдсэн лаборатори одоогоор байхгүй байна” гэснээр нотлогддог.

5. Гэтэл MNS ASTM D 5185:08 стандарт нь машин механизмын элэгдлээс үүсэх эвдрэл, гэмтлийг оношлох зорилгоор ашигласан тосолгооны материал дахь металын агууламжийг тодорхойлоход ашиглах арга бөгөөд энэ шинжилгээний аргын хамрах хүрээнд марганецийн элемент хамаардаггүй. Үүнээс үзэхэд манай компанийн Аи-92 автобензинээс марганец илрүүлсэн ажиллагаанд Монгол Улсын стандарт Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, Техникийн шаардлага: MNS0217:2017 стандартыг хэрэглээгүй байна. ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр явуулсан хяналт шалгалт нь ШӨХТГ-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамж, ШӨХТГ-ын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 тоот аж ахуйн нэгжүүдээс дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийг бүрэлдэхүүн болон ажиллах дараалал, аргачлал зэргээр тус тус баталсан удирдамжтай хяналт шалгалт байдаг.

6. ШӨХТГ-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжийн 2.1-т “Хяналт шалгалтыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, улсын ахлах байцаагч н.Л ахалж тус газрын улсын байцаагч н.М, улсын байцаагч Ш.З, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч н.М, Зах зээл судалгааны газрын улсын байцаагч н.Х нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 60 хүртэлх хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Энэ хугацаа нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар 60 хоногийн хугацаанд зөрчлийн хянан шалгах ажиллагаа дуусгах боломжгүй бол уг хугацааг ШӨХТГ-ын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Үүний дагуу хугацааг сунгахад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хяналт шалгалт явуулах хугацаа дуусгавар болж байна.

7. Хяналт шалгалт явуулах эрх олгосон удирдамжийн хугацаа дууссанаар улсын байцаагчийн хяналт шалгалт явуулах эрх дуусгавар болж байгаа бөгөөд эрхгүй улсын байцаагчийн явуулсан хяналт шалгалтын үр дүн хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн ШӨХТГ-ын улсын байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу дээж авснаас хойш 3 сарын дараа манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг ба маргаан таслах дээжийг хадгалах 3 сарын хугацаа дуусч, дээжийг устгасны дараа зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Энэ үйлдэл нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан холбогдогчийн эрхийг хязгаарласан, холбогдогчийн хууль ёсны эрх, ашгийг шууд зөрчсөн байтал шүүх тус хуулийг хэрэглээгүй. ШӨХТГ-ын улсын байцаагч нарийн дээр дурдсан бүх үйлдэл нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах”, “шалгуулагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх” зарчмыг хангаагүй; Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 5.9, 5.11, 52, 55,2 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 3.5, 3.11(4), 3.13 дахь хэсэг, Монгол Улсын стандарт Газрын тосны бүтээгдэхүүний дээж авах арга: МNS 0218:2008 стандартын 7.2, 7.4, 7.7 дахь хэсэг, Шүүх шинжилгээний хуулийн 20.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байхад шүүх эдгээр хуулийг хэрэглээгүй.

8. Анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0594 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дахь хуудсанд дурдсан “Хариуцагчаас зөрчлийн хэргийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээж, хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан тогтоол, шийтгэлийн хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, холбогдогчид танилцуулж, албан шаардлага хүргүүлсэн зэргээс дүгнэхэд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүгч улсын байцаагчийн удирдамжтай хяналт шалгалт болон 1802000538 дугаартай зөрчлийн хэргийн хугацааг хооронд нь хольж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зарим хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн болох нь Давж заалдах шатны шүүхийн 68 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-т заасныг баримтлан” гэж өөрчлөн,...” гэснээр тогтоогдож байна.

9. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь хуульд заасан процесс журмын дагуу явагдсан байвал түүнээс гаргасан эцсийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай. Хариуцагч ШӨХТГ-ийн хууль зөрчсөн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь дээр дурдсан хууль, дүрэм журам, стандартыг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбоотой ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг хууль, стандартад нийцсэн эсэхийг тогтоох зорилготой төрийн байгууллагын хяналт шалгалтын ажиллагаа хууль, стандартаар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг зөвтгөж, төрийн байгууллага хуулийг дагаж мөрдөхгүй байхыг шүүх хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзэхээр байна.

10. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0594 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсаар, “П” ХХК-иас дээж авч шинжлүүлэхэд АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлага хангахгүй зөрчил гаргасан гэж дүгнэн, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

13. Гомдол гаргагч “П” ХХК-ийн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

14. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ...хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, мөн Монгол улсад мөрдөгдсөн “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын Этилжүүлээгүй бензиний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлтийн 13-т марганецийн агууламж байхгүй байх шаардлага тавигдсан, мөн тайлбар 2-т “марганец 0,25 мг/дм3-аас бага бол тэдгээрийг байхгүй гэж үзнэ” гэжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу улсын байцаагч нар нь  “П” ХХК-ийн ШТС-12, ШТС-33 салбаруудаас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дээж авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ. Тус лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/240, СШ18/241 дугаар Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудсаар 00260308 кодтой дээжээс марганецийн агууламж 0.7±0.01 мг/дм3, 00560308 кодтой дээжээс марганецийн агууламж 0.6±0.01 мг/дм3 гэж тодорхойлсон, улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар “Шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтээр, автобензин дэх марганецийн агууламж 06-09 мг/дм3 гэж тодорхойлж байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ.

16. Дээрх баримтуудаар “П” ХХК-ийн борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын “Этилжүүлээгүй бензиний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлтэд марганецийн агууламж байхгүй /марганец 0,25 мг/дм3-аас бага бол тэдгээрийг байхгүй гэж үзнэ/ байх” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон, иймээс хариуцагч улсын байцаагч нараас шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасантай нийцсэн байна.

17. Түүнчлэн, хариуцагч нараас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, тус газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаар “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай” тогтоолоор хугацааг 14 хоногоор сунгаж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасныг зөрчөөгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хяналт шалгалт явуулах эрх олгосон удирдамжийн хугацаа дууссанаар улсын байцаагчийн хяналт шалгалт явуулах эрх дуусгавар болж байгаа бөгөөд эрхгүй улсын байцаагчийн явуулсан хяналт шалгалтын үр дүн хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

18. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан, бүтээгдэхүүнээс дээж авсан акт, дээж авсныг баталгаажуулсан тухай гэрэл зураг, лабораторид дээжийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримтуудаар хариуцагч нар нь “П” ХХК-ийн ШТС-12, ШТС-33 салбаруудаас АИ-92 автобензиний дээж авч шинжлүүлэхдээ холбогдох журам, заавар, стандартыг мөрдөж ажилласан болох нь тогтоогджээ. Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нар ...Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”-ын 3.5, 3.11 /4/, 3.13 дахь хэсэг, “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга МNS 0218:2008” стандартын 7.2, 7.4, 7.7 дахь хэсэг, Шүүх шинжилгээний хуулийн 20.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байхад шүүх эдгээр хуулийг хэрэглээгүй...” гэсэн хяналтын гомдол мөн үндэслэлгүй.

19. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй, эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА