Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

 

 

 

2025      06        04                                            2025/ДШМ/37

 

 

Э.С, Г.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                        Н.Д

 Шүүгдэгч                                                        Э.С

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.С ийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Э.С, Г.Т нарт холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   овогт Э.С , Монгол Улсын иргэн,.

 

   овогт Г.Т, Монгол Улсын иргэн,

 

 Э.С, Г.Т нар нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж          аймгийн          сумын       багт байрлах “       ” төвийн гадаа иргэн Б.Б, М.М нартай маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Э.С, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч      овогт Э.С,         овогт Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Г.Т нарыг тус бүр 1.000 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.С нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Т ийг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор буюу 66 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч Э.С ийн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоож, шүүгдэгч Г.Т т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

 

шүүгдэгч Э.С нь 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар       аймгийн        сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулж,

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.С, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.М ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.М нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.С, Г.Т нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Б.Б нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

Шүүгдэгч Э.С, Г.Т нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий гурван ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдолдоо:

 

“ ... Зорчих эрхийг хязгаарлах ялыг минь торгох ялаар сольж өгч тусална уу. Учир нь би бага насны 2 хүүхэдтэй, эхнэр жирэмсэн, эмчийн онцгой хяналтад байгаа. Эхнэр жижиг биетэй учраас Улаанбаатар хотын Эх нялхасын төвд очиж төрдөг. Би гагнуурын ажлаар байнга хөдөө, хот явж ажил хийдэг. Явж ажиллахаар олох орлого нь их байдаг учраас дулааны улиралд ихэвчлэн хөдөө явдаг. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Эрдэнэтэд тогтвортой ажил хийж байгаагүй. Тогтвор суурьшилтай ажиллахаар цалин мөнгө нь бага байдаг юм. Тийм болохоор хувиараа гагнуур хийдэг. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах юм бол байнга хөдөө гадаа явж хар бор ажил хийдэг надад маш хүндээр тусах юм. Миний болон ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:  

 

“ ... тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ баримталсан зохих хуулийн зүйл заалтыг 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-ыг баримтлаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг хэрхэн яаж тогтоосон нь ойлгомжгүй, 66 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоож гэж нэмсэн, нэгтгэсэн эсэх талаараа тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  Иймд дээрх зөрчлүүд нь 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.С тайлбартаа: ... Зорчих эрхийг хязгаарлах ялыг минь торгох ялаар сольж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Э.С, Г.Т нар нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж         аймгийн       сумын        багт байрлах “        ” төвийн гадаа иргэн Б.Б, М.М нартай маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин прокуророос Э.С, Г.Т нарын бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжээр, мөн “үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ... нэг гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн ... байхыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч М.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэрэгт холбогдсон байх атал прокуророос тэдгээрт холбогдох гэмт хэргийг хоёр түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь буруу байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэх Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулсан тул тэдгээрийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэхгүй ба энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Гэтэл прокурор 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай яллах дүгнэлтэд Э.С, Г.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хоёр түүнээс олон хүнийг зодож хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан тэдгээрийн үйлдлийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.С, Г.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийн талаар үндэслэлтэй дурьдсан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт холбогдох хэргийн дээрх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.С оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ баримталбал зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-ыг баримтлаагүйгээс гадна

 

... шүүгдэгч Э.С оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор буюу 66 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч Э.С ийн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоож ... гэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан зөрчилд хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Э.С ийн “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.С ийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.  Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ