| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2018/02066/И |
| Дугаар | 210/МА2019/00306 |
| Огноо | 2019-02-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2019/00306
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02198 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-ад холбогдох,
******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг *******-ын нэр дээр гаргуулахыг хариуцагч *******-ад даалгах тухай иргэний хэргийг
Хариуцагч *******-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******
Хариуцагч: *******-
Гуравдагч этгээд: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-ийн захирал Ч-тай ******* дугаар хорооны нутагт баригдаж байсан 5 давхар 20 айлын орон сууцны 2 давхрын 5 тоотоос 1 өрөөг захиалан бариулахаар гэрээ байгуулж, уг орон сууцыг гүйцэтгэгч тал 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлагдсан зураг төслийн дагуу барьж, захиалагч надад хүлээлгэж өгхөөр гэрээ байгуулсан.
Уг орон сууцны үнийг 26 000 000 төгрөгөөр талууд тохиролцсон бөгөөд би төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл ******* ХХК нь надад Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалсан 2 давхрын 5 тоот, 1 өрөө орон сууцыг танд өгөх боломжгүй боллоо та уг байрны 1 давхрын 1 тоот нэг өөрөө байрыг авах уу гэж санал болгосны дагуу би хүлээн зөвшөөрч, 1 давхрын 1 тоот, 1 өрөө орон сууцыг хүлээж авсан.
******* ХХК-аас надад дээрх орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гэсэн ч гаргаж өгөөгүй. Би ******* ХХК-аас захиалгын дагуу шилжүүлж авсан ******* дугаар хороо, ******* хотхон ******* тоот хаяг байрлах, Ү 35,55 метр квадрат 1 өрөө орон сууцад 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдран оршин сууж байгаа бөгөөд хууль ёсоор эзэмшиж байна. Иймд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Б- миний нэр дээр гаргуулахыг хариуцагч Ч-ад даалгаж өгнө үү.
Хариуцагч Ч- нь ******* ХХК-ийн захирлын хувьд өөрийн компанийн барьж ашиглалтад оруулсан дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авч, улмаар уг орон сууцтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдах явцад, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Иймд Ч-, ******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар хороо, ******* хотхон /*******/ ******* тоот хаягт байрлах, 35.55 м.кв 1 өрөө орон сууцыг *******т бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч- миний бие ******* ХХК-ийн захирал байх үед *******тай ямар ч гэрээ хэлцэл хийж орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй болно. Харин тус компанийн тамга тэмдэг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан гэх *******тай орон сууц захиалах гэрээ байгуулж манай компанийн барьсан байранд хууль бусаар оршин сууж байгаа. Ийм учраас иргэн *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Ийм нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь ******* дугаар хороо, 30 айлын орон сууцны 1 дүгээр орц, 2 дугаар давхарт 5 тоот орон сууцыг ******* групп ХХК-тай хэлцэл хийж худалдан авсан байна. Энэ хэлцлээр ******* ХХК *******ын өмнө үүрэг хүлээсэн байна. ******* миний бие ******* тоотыг иргэн *******аас авсан. Одоо *******ын захиалсан 50 дугаар байрны 05 тоотод хэн амьдардаг хэний өмчлөлд байдаг нь тодорхойгүй байна. *******ын өөрийн худалдаж авсан 501 дугаар байрны 01 тоотыг өмчлөлдөө авахаар санаархаж байгаа нь ойлгомжгүй байна. 5-ын тоо 1-ийн тоо хоёр өөр өөр тоо. 5 тоотын 1 өрөө, 1 тоотын 1 өрөө орон сууц нэг орон сууц биш 2 өөр давхарт байдаг 2 өөр орон сууц юм. Ч-ын надад өгсөн орон сууцаа *******тай адил санаа өгүүлж 2018 оны 3 дугаар сард буцаан авах гэж оролдсон. Шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон уг шийдвэрт 50 дугаар байрны 5 тоот гэж, биш 50 дугаар байрны 1 тоот гэж заасан байгаа болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тайчууд овогт Гооройгийн *******ыг ******* дугаар хороо, ******* хотхон /*******/ ******* байр, 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 33.55 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг Б-ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Ч-ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б- нь ******* дугаар хороо, ******* хотхон Доржийн гудамж 50 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ******* дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар Ч-ад даалгах, хариуцагч Ч-, гуравдагч этгээд ******* нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өдрийн ******* дугаар хороо, ******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг *******т бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж өөрчилсөн.
Анхан шатны шүүх нь хууль ёсны өмчлөгч болох иргэн *******ын орон сууцыг илтэд үндэслэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгч Б-ыг ******* дугаар хороо, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийн хэсэгт гомдолтой байна. Үүнийг шүүхийн шийдвэрийн хүчин дор бусдын өмч хөрөнгийг хүчээр дээрэмдэн булааж авч байгаа хууль бус гэмт үйлдэл гэж ойлгож байна.
Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зохигч тэдгээрийн төлөөлөгчид шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон гэх хэсэгт гомдолтой байгаа тул хэргийг хуулийн дагуу хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг буюу Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Ч-ад холбогдуулан ******* дугаар хороо, ******* хотхон ******* тоот хаяг байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, Ч-, ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Ч- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/08680 дугаар захирамжаар *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг гэрээний тал болох бэлэг хүлээн авагч *******ын эрх зүйн байдлын талаар тодруулах байжээ.
Мөн нэхэмжлэгч Б-д 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, хариуцагч Ч-ад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, гуравдагч этгээд *******т 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. /1хх 61, 141 дэх тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/02198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА