| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00270/И |
| Дугаар | 302/ШШ2025/00964 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 302/ШШ2025/00964
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух, А ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг, У сум, 8 дугаар багт оршин суух, Е -т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж оролцов.
Нэхэмжлэгч А , хариуцагч Е нарт шүүх хуралдааныг товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд нэхэмжлэгчээс өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн, хариуцагчаас ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д тус тус зааснаар тэд нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие У суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг. Тэндээс хариуцагч Е нь 300 литр дизель түлшний үнэ 1,230,000 төгрөгийг худалдаж авсан боловч төлөхгүй байгаа тул түүнээс төлүүлэхээр шүүхэд хандсан гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч Е нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: ... миний бие У сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхад хугацаанд 2024 оны 4, 5 дугаар сард тус суманд Х голоос гарсан үерийн ус тухайн сумын 8-р багийн айлуудад хүндрэл учруулж аймгаас техник хэрэгсэл дуудах үер усыг зогсоох далан босгох яаралтай ажил гарч байсан. Тухайн үед ЗДТГ-ын бензин шатахууны лимит дуусаж Т шатахуун түгээх станцаас ЗДТГ-т бензин шатахуун олгохгүй байсан. Тухайн үед миний бие Т шатахуун түгээх станцын эзэн А ахыг сайн таньдаг байсан учраас Засаг даргын Тамгын газарт /300л ДТ/ гурван зуун литр дизель түлш гуйж авч өгсөн. Уг тооцоог У сумын Засаг даргын Тамгын газарт авч өгсөн учраас Засаг даргын Тамгын газар төлөх ёстой гэж маргажээ.
4.Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар магадлалаар анхан шатны шүүх нэхэмжлэгч иргэн А ын хариуцагч иргэн Е т холбогдуулж гаргасан, худалдах-худалдан авах гэрээний үнэ 1,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, тодруулбал тус хэргийг нэг шүүх хуралдаанаар, хамтран хариуцагчийг татан оролцуулахгүйгээр нэхэмжлэлд дурдсан тухайн хариуцагчийн хувьд хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчиж, хамтран хариуцагчаар тус аймгийн У сумын Засаг даргын тамгын газрыг татан оролцуулан түүнээс мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
5.Улмаар нэхэмжлэгч А аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагчаар зөвхөн Е ийг тодорхойлсон тул шүүхээс түүнд холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Е ийн үйлдсэн гарын баримтаар нэхэмжлэгчийн У суманд үйл ажиллагаа явуулдаг Т ШТС-ын түгээгч С ээс хариуцагч Е 300 литр дизель түлшийг худалдаж авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүнд талууд маргаагүй байна.
6.2 Хариуцагч Е нь тухайн үед У сумын ЗДТГ-ын түлш, бензиний лимит дуусаж зогсоосон байсан. Тус сумын 8 дугаар багт үер ус гарч, үер усыг зогсоох далан босгох ажил байсан тул тус шатахуун түгээх станцын эзэн А ахыг сайн таньдаг байсан учир уг 300 литр дизель түлшийг түүнтэй утсаар ярьж тухайн үед ЗДТГ-т авч өгсөн тул У сумын ЗДТГазар төлөх ёстой гэж маргаж Х , Б нарын бичсэн гэх тодорхойлолт, фото зургуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
6.3 Гэвч нэхэмжлэгчийн У суманд ажиллуулдаг Т ШТС-ын түгээгч С ээс маргаан бүхий 300 литр дизель түлшийг тус сумын Засаг даргын Тамгын газар нь худалдаж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
6.4 Харин хариуцагч Е нь тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа маргаан бүхий 300 литр дизель түлшийг тус сумын Засаг даргын Тамгын газарт авч өгсөн гэх үйл баримтын талаарх нотлох баримтаа бүрдүүлж тус байгууллагаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Х , Б нарын бичсэн гэх тодорхойлолт болон фото зургуудад дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүхээс дүгнэлээ.
6.5 Тус шүүхэд хариуцагч Е т холбогдуулан нэхэмжлэлийг А гаргасан хэдий боловч маргаан бүхий 300 литр дизель түлшийг Т шатахуун түгээх станцаас худалдаж авсан байх ба хэрэгт авагдсан Т ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компани нь нэг гишүүнтэй, гүйцэтгэх захирал нэхэмжлэгч А болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А болон Т ХХК нь нэгдмэл сонирхолтой нэг этгээд байна гэж шүүх дүгнэлээ.
7.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч А болон хариуцагч Е нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан дизель түлш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан.
8.Нэхэмжлэгч буюу худалдагч А нь тус аймгийн У суманд ажиллуулдаг Т ШТС-аас дизель түлш худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,230,000 төгрөгийн 300 литр дизель түлшийг худалдан авагч Е ийн өмчлөлд шилжүүлж, тэрээр хүлээн авсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
9.Иймээс хариуцагч Е нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан дизель түлшний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар түүнээс худалдаж авсан дизель түлшний үнийг шаардах эрхтэй байна.
10.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Е ээс 300 литр дизель түлшний үнэ 1,230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгож шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ээс улсын тэмдэгтийн хураамжид 34,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е ээс 300 литр дизель түлшний үнэ 1,230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ээс улсын тэмдэгтийн хураамжид 34,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ад олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ