| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0082/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бутангууд овогт Т.Б-д холбогдох 1835000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймаг Түргэн сумын 1-р багт оршин суух Бутангууд овогт Т.Б. РД:ОН77071871.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хохирогч М.Д 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бусдөд зодуулсны улмаас хамрын хугарал, зүүн нүдний доод зовхи хар хөхөрч зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.
Хохирогч М.Д нь 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 нас 11 сар 17 хоногтой байсан болох нь М.Д-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55-р тал/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 56-р тал/-ээр тогтоогдож байх тул түүнийг насанд хүрээгий хохирогч гэж үзнэ.
Насанд хүрээгүй хохирогч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүргэн ахынхаа гэрт байж байтал 11 цагийн үед манай нагац ах Т.Б согтуу орж ирсэн. Би хоол хийж өгөөд дараа нь цай хийж өгсөн. Гэтэл намайг “Аягатай цай аманд барьж өг” гэсэн би “Та өөрөө бариад уучихаарай” гэж хэлсэн. Гэтэл манай нагац ах “Миний шил зүүж өг” гэж хэлсэн би дуугараагүй. Тэгтэл манай нагац ах Т.Б дэр аваад миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд манай эгч М.Бгийн хавирга руу өшиглөж, гар луу нь цохиод, толгой руу дэвссэн. Би Т.Б ахыг та эгчийг цохихоо боль гээд очиход Т.Б ах миний хамар луу нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гарч нэг мэдэхэд эмч ирсэн байсан. Тухайн үед намайг зодож байхад манай эгчийн хадам ээж П гэрт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад манай нагац ах Т.Б орж ирсэн. Манай дүү М.Д хоол хийж өгөөд дараа нь цай хийж өгөхөд “Аманд барьж өг” гэж хэлэхэд нь манай дүү М.Д “чадахгүй” гэж хэлээд цайг ширээн дээр тавьсан. Дарааа нь Т.Б ах миний шил зүүгээд өг гэж хэлсэн. Дараа нь дэр аваад манай дүү М.Дын нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд Т.Б ах намайг орон дээр сууж байтал хөлөөс татаж унагаагаад миний хавирга руу өшиглөж, гар, хөл рүү цохиход би түрхэн зуур ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд манай дүү М.Д-ын хамраас цус гарсан байсан. Тэгээд бид нар эмч, цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
гэрч Д.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн хүү Д.Б-ын гэрт байж байтал манай бэрийн нагац ах Т.Б орж ирээд хоол идээд сууж байгаад манай бэр М.Бг орон дээрээс татаж унагаад дэвссэн. Тэгээд дүү М.Д нь очоод боль гэж хэлэхэд Т.Б хамар луу нь өшиглөж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баруун зам дэлгүүрийн хажууд танихгүй хүмүүстэй архи уучихаад зээ охин М.Бгийн гэрт очсон. Тэднийд би их согтуу очоод зээ охин М.Дыг би дэр аваад нүүр лүү нь цохиж байснаа санаж түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Зээ охин М.Дын хамрыг цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр насанд хүрээгүй хохирогч М.Дыг шүүгдэгч Т.Б зодсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь насанд хүрээгүй хохирогч М.Д-ыг зодосны улмаас хамрын хугарал, зүүн нүдний доод зовхи хар хөхөрч зөөлөн эдийн гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-р тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Д нь шүүгдэгч Т.Б-ээс нэхэхмжлэх хохирол төлбөргүй, харин намайг зодсонд гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж Т.Б-д арга хэмжээ авч өгнө үү гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлл заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдал зэргийг харгалзсан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бутангууд овогт Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд ял хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ