Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02022

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02437 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Энхбаярт холбогдох

Хууль бус эзэмшлээс гарааш албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Шаравнямбуу

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

С.Гантулга нь 2017 оны 6 дугаар 13-ны иргэн Д.Батхуягаас худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий гараашийг худалдан авсан. Гэтэл иргэн С.Энхбаяр нь түрээслэн сууж байсан бөгөөд түрээсийн хугацаа дуусахад гараашийг чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл тус маргаан бүхий гараашийг чөлөөлөхгүй байна. Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл өгснөөр 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13/743 тоот албан бичгээр эзэмшигч мөн болохыг тогтоосон. Иймд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 41 дүгээр байрны зүүн талын 01 дугаартай гараашийг иргэн С.Энхбаярын хууль бус эззмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Энхбаяр шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2015 оны 7 дугаар сард Д.Батхуягаас маргаан бүхий гараашийг худалдан авахаар тохиролцож, Засгийн газрын 12 дугаар байранд байрладаг нотариатчид гэрээг батлуулахаар очсон. 2015 оны 8-9 сард Д.Батхуягтай гараашийн бичиг баримтаа өөрийн нэр дээр болгох хүртэл намайг гараашинд орох хаалганы гадна болон дээврийг засварлаад машинаа оруулаад ашиглаж болно, хожим засварын үнийг жич тооцно гэсэн амар тохиролцож, гараашийн түлхүүрийг авсан. Д.Батхуяг надаас байршил тодорхойлогч /GPS/ авсан. Миний зүгээс гарааш засварлахад 2 000 000 төгрөг зарцуулсан бөгөөд түүнээс байршил тодорхойлогчоо, засварын төлбөрийн хамт авах гэтэл Д.Батхуяг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр автозогсоол худалдах, худалдан авах гэрээний хавсралт болох 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн газрын төлбөрийг тодорхойлох тухай 107 тоот актын эх хувийг авч явсан. Үүнээс хойш Д.Батхуяг надаас гараашаа нэхэж байршил тодорхойлогчоо ав, засварласан зүйлээ эвдэж анхны байдалд оруул гэх мэтээр утсаар ярьж, элдэв янзын арга хэрэглэсэн. Баянзүрх дүүргийн 4 болон 7 дугаар хорооны орчим 5-7 автозогсоол зарагдахгүй 2 жил болж байгаа бөгөөд дээд үнэ нь 6 000 000 төгрөг байдаг. Д.Батхуяг надад 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр худалдсан автозогсоолыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр С.Гантулгад мөн худалдсан байна. 2017 оны 6 дугаар сарын 13-ны автозогсоол худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр газрын төлбөрийг тодорхойлох тухай актыг үйлдсэн байна. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Д.Батхуяг нь надаас 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн газрын төлбөрийг тодорхойлох тухай актын эх хувийг авч зугтсан. Уг актаар Д.Батхуяг нэг автозогсоолыг надад бас С.Гантулгад худалдсан байна. Д.Батхуяг гараашаа надад худалдсан. Харин газрын төлбөр төлөх үүрэг үүсгэдэг актыг надаас авч явсан. Би Д.Батхуяагаас тэр актыг 2 000 000 төгрөг болон байршил тодорхойлогчтой буцаан нэхсэн боловч тэрээр өгөөгүй. Д Батхуяг болон нэхэмжлэгч С.Гантулга нар нь найз нөхрийн холбоотой залилан хийж байгаа гэж би ойлгож байгаа бөгөөд С.Гантулга надад холбогдуулан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхбаярын хууль бус эзэмшлээс  Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо,  41 дүгээр байрны зүүн талд байрлах 01 тоот 18 м.кв талбайтай тоосгон гараашийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхбаяраас 114 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гантулгад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

... Миний бие нэхэмжлэгч талын маргаж буй энэхүү гараашийг Д.Батхуяг гэгчтэй худалдан авахаар тохиролцсоны дагуу 2015 оны 9 дүгаар сард түлхүүр хүлээж авсан. Тухайн уед Д.Батхуяг нь бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй байсан учир гэрээ хийж чадаагүй. Энэ хугацаанд өөрийн худалдаж авсан гараашийг нийт 2 600 000 төгрөгөөр засварлаж тохижуулсан болно. 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Д.Батхуягтай албан ёсоор гэрээгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, мөн өдрөө төлбөр тооцоог хийж дуусгасан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр миний гараашийг Д.Батхуягаас худалдаж авсан гэх С.Гантулга гэгч нь надад холбогдуулж миний хууль ёсны өмчлөлийн гараашийг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие С.Гантулга гэгчтэй ямар ч харилцаа холбоо байхгүй, огт танихгүй. Тэрээр Д.Батхуягтай хуйвалдаж миний хууль ёсны өмч болох гараашийг авах элдэв арга хэрэглэж байна. Миний бие маргаж буй гараашийг худалдаж авсан болох нь шүүхэд гаргаж өгсөн гэрээ, бусад нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн худал мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байхад шүүх хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймээс Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Гантулга нь хариуцагч С.Энхбаярт холбогдуулан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны зүүн талын 01 тоот гараашийг С.Энбаярын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч уг гараашийг худалдан авсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч С.Гантулга нь иргэн Д.Батхуягтай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны зүүн талд 01 тоотод байрлах 18 м.кв тоосон гараашийг 6 250 000 төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд гэрээний талууд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дээрх гараашийн үнийг төлсөн талаар тооцоо дуусгах тухай бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 8,32 тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч С.Гантулга нь Д.Батхуягаас маргаан бүхий гараашийг худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн байх тул хариуцагч С.Энхбаярын хууль бус эзэмшлээс гараашийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч С.Энхбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх гараашийг худалдан авахаар амаар тохиролцоод байршил тодорхойлогчийг Д.Батхуягт өгсөн, мөн гараашийн засварт 2 000 000 төгрөгийг зарцуулсан, улмаар Д.Батхуягтай 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гарааш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Мөн хэрэгт 2012-2017 оны хооронд гараашийн газрын төлбөр Д.Батхуяг төлсөн тухай Голомт банкны орлогын мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 23-25 тал/

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх болвч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч С.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ТУЯА

  ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО