Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 134

 

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

      Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, 

       Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: М.Мөнхөө,

       Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч: Б.Болормаа,                    

      Шүүгдэгч: Д.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Д.Б, Х овогт Б.Б нарт холбогдох 1835001700137 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 18-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух Х овогт Д.Б. РД:                  .

      Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух Х овогт Б.Б РД:             .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

       Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Малчин сумын Хөх хүрээ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох Халиун буга агнаж амьтаны экологи эдийн засагт 6.600.000 төгрөгний хохирол учруулсан, уг агнасан Халиун бугын эвэрийг худалдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь бүлэглэн ховор ан амьтан агнасан, түүний түүхий эдийг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

         Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Малчин суманд буга агнах зөвшөөрөл өгч байсан тохиолдолд байхгүй. 2018 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/370 тушаалаар 2018 онд Малчин суманд спорт агнуурын зориулалтаар Ихэр гэх газраас нэг буга агнах тушаал гарсан байгаа тухайн бугыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, сумын Засаг даргын тамгын газар, агнуур зохион байгуулах компани хамтарч гурвалсан гэрээ байгуулан төлбөр тооцоог нь орон нутгийн төсөвт суулгасны дараа агнах ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,  

    гэрч Н.П мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 2 дугаар сар байх өдрийн сайн санахгүй байна нэг өдөр Б, Маамуу/Б/ нар манайд ирээд хөрөө байна уу? гэхэд яах гэж байгаа юм бэ? гэхэд энэ доор цасанд нэг буга үхсэн байна эврийг нь авах гэсэн юм гэж хэлсэн. Манайд гар хөрөө байхгүй том хөрөө байна гэхэд тэгвэл хутга байвал өгчих гээд хутга аваад гарсан намайг хамт явъя гэхэд би араас чинь очъё гээд үлдсэн. Би араас нь очиход бугын толгойг таслаад авчихсан байсан. Тэр бугын толгойг Д.Б морин дээрээ ганзлаад аваад явах гэж байсан. Тэр бугын хүзүүнээс гарсан цус урсаж, цас хайлуулж байсан тул үхээд удаагүй байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р тал/,

     гэрч С.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Д.Б миний аав Сынд сувай хонио хүргэхээр явсан. Орой гэртэй ирэхдээ нэг бугын толгой ганзгалчихсан ирсэн. Би энэ чинь юу болж байна гэхэд манай нөхөр Д.Б нэг буга үхчихсэн байхаар нь толгойг таслаад аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр бугын эвэрийг хөрөөдөж аваад зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/,

     гэрч Д.С мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай хүргэн Д.Б хэдэн сувай малаа манайд авч ирж өгсөн. Манайд ирчихсэн байсан Б гэх залуутай хамт гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

    шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайх Увс аймгийн Малчин сумын Хөх хүрээ гэх газарт өвөлжиж байсан бөгөөд би 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сувай бог малаа ялгаж сувай бог малаа хадам аав Сын малтай нийлүүлэхээр болж малаа ялгад Малчин сумын 3 дугаар багийн нутагт байх Царт гэх газарт хадам аав Сынд малаа тууж хүргэсэн. Буцаад явахдаа аавынд ирчихсэн байсан Б гэх залуу хамт явъя гэсэн бид хоёр хамт явж байтал манай гэрээс 2 км орчим зайнд нэг буга зогсож байгаад үргээд нэг толгой даваад явчихаар нь араас нь бид хоёр очиход цасан хунгарт ороод хөдөлгөөнгүй болчихсон байхаар нь бид хоёр цаснаас гаргах гээд дийлэхгүй. Тэгээд энэ буга үхэх нь тодорхой боллоо гээд эврийг нь авахаар ойролцоо байх П гэдэг айлд очиж хөрөө асуухад байхгүй гэсэн тэгээд хутга авч нөгөө буга дээр ирээд хүзүүг нь хэрчиж эвэртэй толгойг нь аваад харьсан. Толгойг нь бид хоёр таслахад буга арай үхээгүй, муухан амьсгаатай байсан. Би тэр бугын эврийг А гэдэг хүнд 1 килограммыг нь  40.000 төгрөгөөр бодож 7 кг эвэр өгч 280.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг,

     шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С гэдэг айлд очоод байж байтал манай саахалт айлын Д.Б гэх залуу С ахынд малаа авч ирсэн. Тэднийхээс Д.Б бид хамт гараад гэртээ харихаар явж байтал Хөх хүрээ гэх газарт нэг буга явж харагдсан. Тэр буга үргээд нэг толгой даваад явсан. Тэгтэл Д.Б ах тэр бугын араас явж очоод намайг гараараа даллаад дуудсан. Би яваад очиход тэр буга цасан хунгар луу ороод хөдлөж чадахгүй байсан. Тэгээд бид хоёр бугыг цаснаас гаргах гэж татаж, чирсэн боловч дийлээгүй. Д.Б энэ буга угаасаа ингээд үхэх юм байна хоёулаа эврийг нь тайрч авъя гээд ойролцоо байх П гэдэг айл руу очиж хөрөө асуухад байхгүй гэсэн. Тэгээд тэднийхээс хутга аваад буга дээр ирсэн. Б хутгаараа тухайн бугын хүзүүг хэрчсэн. Энэ үед буга үхээгүй, амьсгалж байсан. Би өөрийнхөө болон Бгийн морь бариад зогсож байтал Б бугын хүзүүнээс татаад өгөөч гэхээр нь би 2 мориныхоо цулбуурыг нэг гартаа бариад нөгөө гараараа бугын хүзүүнээс татаж өгсөн. Б тэр бугын эврийг аваад гэр лүүгээ явсан би салаад гэр лүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Малчин сумын Хөх хүрээ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох Халиун буга агнасанболох нь нотлогдож байна.

      Шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 54-р тал/-ээр шүүгдэгч Д.Б, Б.Б нарын агнасан буга нь эр халиун буга /Cervus elephus/ болох нь тогтоогджээ.

     Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дүгээр бүлгийн 9 дугаартай орсон байгаа тул халиун бугыг ховор амьтан гэж үзнэ.

      Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсаралтааар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр  халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 6.600.000 төгрөг байхаар тогтоожээ.

      Иймд шүүгдэгч нарыг амьтны экологи-эдийн засагт 6.600.000 төгрөг хохирол учруулсан гэж үзнэ.

      гэрч Г.А-ын: “2018 оны хавар Малчин суманд бугын эвэр авч байсан. 2018 оны 4 дүгээр сард өдрийн сайн санахгүй байна нэг өдөр Малчин сумын иргэн Д.Б надаас бугын эвэр авч байгаа юу гэж асуухад би авч байгаа гэхэд 2 эвэр авч ирэхээр нь кг-ыг нь үзэхэд 7 кг болсон. Би 1 кг эвэрийг 40.000 төгрөгөөр бодоод 280.000 төгрөг өгөөд авсан”, гэрч С.Цийн: “Д.Б нэг буга үхчихсэн байхаар нь толгойг таслаад аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр бугын эвэрийг хөрөөдөж аваад зарж борлуулсан”, шүүгдэгч Д.Бгийн “Би тэр бугын эврийг А гэдэг хүнд 1 килограммыг нь  40.000 төгрөгөөр бодож 7 кг эвэр өгч 280.000 төгрөг авсан”, шүүгдэгч Б.Б “Б тэр бугын эврийг аваад гэр лүүгээ явсан би салаад гэр лүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдээр бугын эврийг шүүгдэгч Д.Б худалдсан болох нь шүүгдэгч Б.Б халиун бугын эврийг худалдан борлуулахад оролцоогүй болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баттулгыг ховор амьтны түүхий эдийг худалдсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ховор амьтан зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд нь яллах  үндэслэлтэй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

      Иймд шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг зохих зөвшөөрөл ховор ан амьтан болох Халиун буга агнаж амьтаны экологи эдийн засагт 6.600.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Д.Бг агнасан Халиун бугын эвэрийг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

    2. Шүүгдэгч Д.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Д.Б, Б.Б нь зохих зөвшөөрөлгүй, ховор ан амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б нь ховор амьтны түүхий эдийг худалдсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б, Б.Б нараар  зохих зөвшөөрөлгүй, ховор ан амьтан болох халиун буга агнасны нөхөн төлбөр 6.600.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нар  нөхөн төлбөрт 6.600.000 төгрөгийг орон нутгийн орлогод төлсөн болох нь Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Сайжрахын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай албан тоот, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын тодорхойлолт, Малчин сумын төрийн сангийн 100150700952 дугаартай дансанд 6.600.000 төгрөг шилжүүлсэн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

    Иймд шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан тогтоогдож битүүмжлэгдсэн хээр зүсмийн 14 настай, 730.000 төгрөгийн үнэтэй морь, эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 төгрөгийн үнэтэй хуучин эмээл, 6000 төгрөгийн үнэтэй хуучин тохом, 15.000 төгрөгийн үнэтэй хуучин суран хазаар, ховор амьтны түүхий эд болох халиун бугын эвэр худалдаж олсон орлого болох 280.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас тус тус гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч Б.Б хээр зүсмийн 17 настай, 700.000 төгрөгийн үнэтэй морь, эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэтэй хуучин эмээл, 4000 төгрөгийн үнэтэй хуучин тохом, 15.000 төгрөгийн үнэтэй хуучин суран хазаарыг шүүгдэгч Б.Бас тус тус  хурааж улсын орлого болгох  үндэсдэслэлтэй байна.

     Шүүгдэгч Б.Б нь 1999 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн 2018 оны 3 дугаар сарын 05-нд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 2 сар 21 хоногтой байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул түүний өмгөөлөгч С.Мөнхөөгийн “Миний үйлчлүүлэгч Б.Баттулгыг өсвөр насны шүүгдэгчээр тооцож өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

   Шүүгдэгч Б.Б гэм хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хээр зүсмийн 17 настай, 700.000 төгрөгийн үнэтэй морийг Б.Б-гийн эзэмшил гэж үзэн шүүгдэгч Б.Б төрсөн эцэг, нэг гэр бүлд хамт амьдардаг Б.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Б.Б, Б.Б нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн хээр зүсмийн 17 настай, 700.000 төгрөгийн үнэтэй морь нь тэдний хамтран өмчлөх дундын  эд хөрөнгө тул түүнийг хурааж улсын орлого болгох нь Б.Б-гийн өмчлөх эрхийг зөрчихгүй.

      Шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй тул шүүгдэгч Д.Б-гийн халиун зүсмийн 10 настай эр адуу, шар цоохор зүсмийн 7 настай эм үхэр, шар цоохор зүсмийн 8 настай эм үхэр, улаан зүсмийн 5 настай эм үхэр, улаан зүсмийн 6 настай эм үхэр битүүмжиллээс чөлөөлж, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг болгон  ашигласан нь тогтоогдож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

     Шүүгдэгч Д.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн  хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хянал тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх зүйтэй гэж дүгнэлээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах  үндэслэл болохыг тайлбарлах нь зүйтэй.

      Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Х овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ан амьтан зөвшөөрөлгүй агнасан, түүний түүхий эдийг худалдсан гэмт хэрэг,

      - шүүгдэгч Х овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ан амьтан зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

     3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Д.Бгийн 14 настай хээр морь, Б.Бгийн эзэмшлийн 17 настай хээр морь, морьны тоноглол болох эмээл 2 ширхэг, хазаар 2 ширхэг, тохом 2 ширхэгийг улсын орлого болгож,  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 280.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-гаас хурааж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг болгож ашигласан цэнхэр иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Б-гийн халиун зүсмийн 11 настай морь, халиун зүсмийн 10 настай морь, шар цоохор зүсмийн 7 настай эм үхэр, шар цоохор зүсмийн 8 настай эм үхэр, улаан зүсмийн 5 настай эм үхэр, улаан зүсмийн 6 настай эм үхэрийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

     6. Шүүгдэгч Д.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдасугай

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчД.Б, Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ