Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

 

 

2025      06        12                                            2025/ДШМ/42

 

 

Б.Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                        Ц.Л

 Шүүгдэгч                                                        Б.Д

 Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Дид холбогдох     эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Б-н Д, Монгол Улсын иргэн,

 

Б.Днь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд         аймгийн          сумын  багийн нутаг дэвсгэрт байх        дугаар сургуулийн орчимд        улсын дугаартай “Тоёота ист” загварын тээврийн хэрэгслийг 2.37 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Х овогт Б-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 1 жилийн хугацаагаар          аймгийн        сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ддавж заалдах гомдолдоо:

 

“ ... Миний хувьд хувийн болон ажлын шаардлагаар Улаанбаатар хот, хөдөө орон нутаг руу явах шаардлага маш их гардаг, мөн өөрийн болон эхнэр, хүүхдийн эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу их явдаг. Иймд зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байгаа нь миний болон миний гэр бүл, үр хүүхдэд хохиролтой, сөрөг үр дагаврыг бий болгож байна. Иймд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д тайлбартаа: ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Дийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Днь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу

 

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд      аймгийн     сумын    багийн нутаг дэвсгэрт байрлах      дугаар сургуулийн орчимд согтуугаар     улсын дугаартай “Тоёота ист” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай “ ... Бн Д нь  ...    аймгийн    сумын    баг Тойрогоор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Драгер Alcotest маркийн       дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 2.37%/ ... гэсэн тэмдэглэл, шалгасан баримт /хх 4-5/,

 

гэрч Г.Г-н “ ... 2025 оны 02 дугаар сарын 11-ий өдөр би өөрийн гэртээ ... байж байх үед ажлын ах Б залгаад ... Д гэж танилцуулсан залуутай Б ах орж ирсэн. Тэр хоёр Хараа нэртэй 0.75 литрийн архи 1 шилийг бариад орж ирсэн. Тухайн архийг бид гурав хувааж уугаад тэр хоёр гэр лүүгээ явна гээд 11 цаг өнгөрөөгөөд гараад явсан ... “ гэсэн мэдүүлэг /хх 10/,

 

гэрч Т.Б-н “ ... би Дийг дагуулаад 6-12 дугаар байранд амьдардаг Г гэх найзынх руугаа орсон. Ганзориг, Д бид гурав архиа хувааж уусан, 11 цагийн үед архи ууж дуусаад Д гэр лүүгээ явлаа гэсэн Д нь машинтай явж байгаа гэхээр нь би гэр лүүгээ дөхүүлээд буучихья гээд машинд нь суусан. Д машинаа согтуу бариад Ш-н тойрог дээр явж байтал цагдаа Дийн унаж явсан тээврийн хэрэгслийг зогсоосон ... ” гэсэн мэдүүлэг /хх 13/,

 

гэрч Б.Б-н “... томилгоот хуваарийн дагуу    аймгийн    сумын     багийн нутаг дэвсгэрт     сургууль руу өгсөх тойрог дээр зам зохицуулж байх үедээ     улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг Б-н Д жолоодож явж байх ба уг хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байв. Уг хүнийг согтуурлын зэрэг хэмжих      багажаар шалгаж үзэхэд 2.37 хувийн согтолттой байсан. Уг хүн нь 2024 оны 11 дүгээр сард ... эрхээ 1 жил хасуулсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 19/,

 

    аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн       дугаартай шийтгэврийн хуулбар /хх 56-58/,

 

Цагдаагийн ерөнхий газрын ... жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 64/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан “ ... зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Дээрх ялаар шийтгүүлсэн этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг өөрчлөх тохиолдолд энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурьдлаа.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... нэмэгдэл ялын хугацааг ... торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор ... гэж буруу бичсэн /хх 100/  байгааг цаашид анхаарвал зохино.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ