| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/02637/И |
| Дугаар | 191/ШШ2025/11293 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/11293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: И.Б
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Д
23 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан *******,*******,******* хаягт байрлах 70, м.кв орон сууц бэлэглэх гэрээ, 23 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоол бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь Х.******* мөн болохыг тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч Х.*******, гуравдагч этгээд Д.*******ын төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Ц.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.*******тай 2017 онд танилцаж 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарсан. Бидний дундаас хүү Э. нь 20 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн. Х.******* нь мөрийтэй тоглоомд орж гэр бүлээ хайхрахаа больсон цагаас эхлэн бид хамт амьдрахад хэцүү болсон. Үүний улмаас миний бие гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргаж дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж, *******,*******,******* хаягт байрлах 70, м.кв орон сууц, тус хаягт байрлах байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоолыг тус тус бидний дунд өмч гэж үзэн нийт 560,741,000 төгрөгөөр үнэлж түүний 50 хувь болох 280,370,500 төгрөгийг Ц. надад өгөхөөр шийдвэрлэсэн.
Үүний дагуу миний бие гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар хариуцагчаас шаардахад хариуцагч нь дундын эд хөрөнгө болох орон сууц, авто зогсоолын 50 хувийг мөнгөн дүнгээр тооцож өгөхөөр болсон. Тус шүүхийн шийдвэрийн дагуу миний бие Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч энэхүү эд хөрөнгүүдийн өмчлөгч нь Х.******* биш гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байна.
Учир нь Х.******* нь 23 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бидний дундын эд хөрөнгө болох *******,*******,******* хаягт байрлах 70, м.кв орон сууцыг, 23 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус хаягт байрлах байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоолыг тус тус өөрийн өвөө болох Б. уруу шилжүүлж өгсөн нь миний эрх ашгийг зөрчөөд зогсохгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч нь энэхүү хууль бус үйлдлээ гэрлэлт цуцлах болсон шалтгааны улмаас өөрийн эд хөрөнгөө өвөө уруу түр шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд шүүхэд энэхүү тайлбараа албан ёсоор гаргаж өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Миний бие дээрх хууль бус гэрээнүүдийг цуцалж дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг минь гаргаж өг гэсэн боловч Х.******* нь одоогоор миний өмч биш гэсэн тайлбарыг өгч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй намайг хохироосоор байна.
Энэхүү эд хөрөнгүүд нь бидний дундын эд хөрөнгө бөгөөд Х.******* нь бусад уруу шилжүүлэхдээ Ц. надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Мөн эд хөрөнгөө нуух зорилгоор дур мэдэн бусдад шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Х.*******ын байгуулсан энэхүү хэлцлүүд нь иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.
Иргэний хуулийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авна. 128.3. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу хийгдээгүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. 128.4 Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн олсон ашгаа нуун тарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд: 23 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан *******,*******,******* хаягт байрлах 70, м.кв орон сууц бэлэглэх гэрээ, 23 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоол бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь Х.******* мөн болохыг тогтоож өгнө үү.
Дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор өмнөх өмчлөгчийн эрх сэргэж миний бие дундын эд хөрөнгөө захиран зарцуулж өөрт оногдох хэсгээ гаргуулан авах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 онд гэр бүл болж хамт амьдарсан. Дундаас нь хүү төрсөн. Хариуцагч нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай, мөн муруйтай тоглоом тоглодог тул гэрлэлт цуцлуулах болсон. Шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, маргаан бүхий орон сууц, авто зогсооолыг гэр бүлийн дундын өмч мөн байна гэж үзсэн. Улмаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсон юм. Улмаар гэр бүлийн дундын эд хөрөнгө гэсэн байдаг. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлд хандахад өмчлөлийн асуудал шийдэгдээгүй гэдэг үндэслэлээр ажиллагаа хийгдэхгүй байгаа юм. Маргаан бүхий эд хөрөнгийг 20 онд хариуцагч нь худалдан авсан. Гэрлэлт цуцлах болоход бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн. Ингэхдээ гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авалгүйгээр өвөө уруугаа шилжүүлсэн. Уг нь нь хүчин төгөлдөр бус байх тул орон сууц, авто зогсоол бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Өмнө нь шүүх гэр бүлийн дундын хөрөнгө гэдгийг тогтоосон юм.
24.8.26-нд шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг таамаглаж нэхэмжлэл гаргах боломжгүй. Уг шийдвэрийн дагуу бид нэхэмжлэл гаргаад явж байгаа юм. Хариуцагч гэдгийг хэн байхыг хуульд заасан юм. Хариуцагч нь болсон үйл баримтын талаар тайлбараа өгсөн. Энэ хэрэг нь өвтэй холбоотой маргаанд хамааралгүй юм.
Анх нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Үнийг тогтоох боломжгүй гэж үзсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
1.2. Нэхэмжлэлд дурдсан орон сууц, авто зогсоолыг хариуцагч нь 21.9.23-нд худалдан авсан байдаг. Улмаар 21 онд хариуцагчийн өмч байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-д гуравдагч этгээдийн талаар зохицуулсан. Энд нэхэмжлэл гаргасан үндэслэл, шаардлагын талаар зөвшөөрөх, татгалзах эрхгүй юм. Гэтэл гуравдагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар яриад байна. Мөнгө нь өвөөгийн данснаас гарсан юм.
24.8.26-ны шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсан. Учир нь өмчлөгчөөр тогтоосон агуулга алга. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн эрх ашгийг төр хариуцахаар байдаг. Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө нь дундын эд хөрөнгөд хамаардаг. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцож шийдсэн бөгөөд үр дагаврыг нь шийдээгүй орхигдуулсан гэв.
2. Хариуцагч Х.******* нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.******* нь Ц.гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
2.1. Нэхэмжлэгчтэй 2018 онд гэрлэлтээ батлуулсан. 20 онд уг байранд нүүж орсон. Гэрээг 20 оны 9 сард гэрээ байгуулж ордер авсан. 21 оны эхээр гэр бүл салах хурал болоод би гэр бүлээ авч үлдэх зорилгоор өвөөтэйгөө зөвлөөд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Дараа нь буцааж авах тохиролцоотой байсан. Хэрэг шийдэгдээгүй байхад өвөө нас барсан юм. Би нэхэмжлэгч болон хүүдээ дундын өмчийн талыг өгөхийг зөвшөөрсөн. Одоо зараад шийдвэрийг гүйцэтгэх бодолтой байгаа юм. Улсын бүртгэлд орчиход боломжгүй гэсэн. Би өвөөгийнхөө компанид ажилладаг байсан юм. Өвийн асуудлын талаар мэднэ. Энэ хэрэгт ямар хамааралтайг нь ойлгохгүй байна. Гэр бүл салах үед эд хөрөнгийг авчих тул итгэлтэй хүн уруугаа шилжүүлсэн. Гэрлэлтийн маргаан 1.5-2 жил үргэлжилсэн гэж бодож байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И. нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хандан гаргасан Ц.гийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ц. хүү *******тай минь сууж ач хүүг минь төрүүлсэн. Миний аав нь 24 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Миний аав амьд сэрүүндээ энэ хоёрыг элэг бүтэн яваасай гэж хүсэж байсан учраас тус байрыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Гэвч энэ хоёр маань бидний үгэнд оролгүй гэрлэлтээ цуцлуулж шүүхээс эд хөрөнгийн 50 хувиар тооцож Ц.д олгохоор шийдвэр гарсан байсан. Одоо Ц. нь ач хүүтэй минь хамт амьдарч байгаа бөгөөд орон байр хэрэгтэй байгаа тул мөнгөө төл гэж шаардаж байгаа нь үнэн. Гэвч *******т мөнгө байхгүй учраас өөрийн нэр дээр байсан хөрөнгөө зарж өгөхөөс өөр төлбөр төлөх боломжгүй байгаа билээ. ******* нь гэрлэлтээ авч үлдэхийн тулд өвөө рүүгээ бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн нь үнэн тул энэхүү шаардлагыг нь зөвшөөрч байна.
3.1. Миний бие гуравдагч этгээдээр оролцох болсон байна. Миний бие гуравдагч этгээдийн хувьд тус шүүхэд уг хэрэгтэй холбоотой тайлбарыг өөрийн зүгээс бичгээр гаргасан болно. Энэ тайлбар маань шүүх хуралд өгөх тайлбар хэвээр байх болно. Иймд шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй болохоо мэдэгдье гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******ын төлөөлөгч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гэрээ хүчингүй болгох үндэслэл байхгүй бөгөөд өвийн журмаар маргаантай байгаа бөгөөд тус хэргийг шийдвэрлэх боломжгүй болно.
4.1. Хариу тайлбарыг 1 хуудас баримтын хамт гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Энэ нь зохион байгуулалттайгаар зохиомол маргаан гэж хардаж байгаа юм. Талууд хамаарал бүхий этгээдүүд. Нийт 3 маргаан байгаагийн нэг нь энэ юм. Нэг нь Ишгэний өмчлөлийн 9 эд хөрөнгөд холбогдох д холбогдох хэрэг хянагдаж байгаа юм. Үүний 2 нь энэ хэргийн маргаж байгаа эд хөрөнгө юм. Тус хэрэгт ийн өмгөөлөгчөөр энэ хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар явдаг. Энэ хэрэг хянагдаж байгаа лавлагааг тамгын газраас авч өгсөн байгаа юм. Мөн өв залгамжлагч болохыг тогтоох хэрэг бас хянагдаж байгаа юм. Эд хөрөнгийг хариуцагчийн гээд өвлөгдөх эд хөрөнгө биш болгох гэж энэ хэргийг үүсгэсэн гэж хардаж байгаа юм. *******ын нөхөр талийгаач нь нас барсан. Үүнээс хойш өвийн асуудал маргаан дагуулж эхэлсэн. Гэрлэгчдийн хэн нэг нас барвал нөгөө тал нь өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах асуудал яригдах юм. Иймд 50 хувийг *******т үлдэх 50 хувийг өвлөгчид хуваах талаар бид маргаж байгаа юм. Үүний дараа энэ хэргийн нэхэмжлэлийг гаргасан тул нөгөө хэрэгтэй хамааралтай гэж ойлгож байгаа юм. Бэлэглэлийн гэрээний нэг тал нас барсан тул түүнийг оролцуулахгүйгээр хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэгэнт нас барсан тул өв залгамжлагч нар тодорхой болсны дараа өв залгамжлагчид холбогдуулан ярих ёстой юм. Бэлэглэгчийг хариуцагчаар татаад өвлөгч нарыг татахгүйгээр ажиллагаа явуулж буй нь алдаатай юм. Хүчин төгөлдөр эсэх талаарх маргааныг өвлөгч нарыг оролцуулж шийдэх ёстой юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Өөр хэргийг шийдэж байгаа бол гэсэн үндэслэл байгаа юм. Хариуцагчийн ээж болон эмээ нарын хооронд шүүх дээр маргаан явж байгаа юм. нь өргөж авсан охин нь бөгөөд хариуцагч нь түүний хүү юм. Талийгаач нас барсны дараа өвийн талаар маргасан юм.
Шүүхээр дахин шийдсэн асуудал гэсэн үндэслэл байхгүй юм. Өмнөх шийдвэрийг харахад дундын эд хөрөнгө гэдгийг хариуцагч зөвшөөрөөд ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө өгнө гэж зөвшөөрсөн байдаг. Шүүхээр ногдох хэсгээ шийдүүлчхээд одоо дахиад байрыг авна гээд байгаа нь өмнө шийдсэн асуудлыг дахиж шийдэх гээд байна. Мөнгөө өгөхгүй болохоор байр болгож дахин шийдүүлнэ гэж байхгүй. Энэ нь бас 117-д хамаарч байна. Улсын дээд шүүхийн 2007.12.17-ны өдрийн зөвлөмж байдаг. Хариуцагч нь дундын эд хөрөнгийг өвөөдөө шилжүүлсэн, улмаар эхнэр нь гэрээг хүчингүй болгож, хариуцагчийнх болохыг тогтоож, зарж ногдох хэсгийг өгнө гээд байна. Зөвлөмж дээр гэр бүлийн дундын эд хөрөнгийг зөвшөөрлөөр бусдад зарах талаар заасан бөгөөд энэ нь нэр нь бичигдсэн хүнд хамаарахаар заасан байдаг юм. Бэлэглэлийн гэрээ байгуулах үед эрх нь хариуцагчид байсан. Энэ эрхийн дагуу шилжүүлсэн нь гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч нь ногдох хэсгээ хариуцагчаас шаардах эрхтэй талаар шийдвэр гарсан гэж үзэж байгаа юм. Гэрээг хүчингүй болгох асуудал дээр заавал талууд оролцох ёстой гэв.
5. Хэргийн оролцогчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
5а. Нэхэмжлэгчээс: Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх5/, бэлэглэлийн гэрээний хуулбар 2 ширхэг /хх6, 8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх7, 9/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх10/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх11/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх12/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03094 дүгээр шийдвэрийн хуулбар /хх13-19/,
5б. Хариуцагчаас: Бэлэглэлийн гэрээний хуулбар 2 ширхэг /хх43, 45/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх46/, худалдах худалдан авах гэрээний хуулбар 2 ширхэг /хх47-51, 52-57/, төрөл садангийн лавлагаа /хх60/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх61/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх62/, төрөл садангийн лавлагаа 2 ширхэг /хх90, 91/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх92/,
5в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******оос: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 25 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 2897 дугаар албан тоот /хх/
5.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Монголын нотариатчдын танхимын албан тоот /хх79/, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх97-99/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц. нь,,,,, тоот хаягт байрлах, 75. м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, тус байрны хаягт байрлах, 12.72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн авто зогсоолыг тус тус бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Х.*******ын өмч болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Үндэслэлийг гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл юм. Цаашлаад ийнхүү эд хөрөнгийг хариуцагчийн өмчөөр тогтоосноор өмнө нь шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэсэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр гаргуулах нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Х.******* нь гэрлэлт цуцлах маргаантай холбоотойгоор өөрийн өвөө Ц. агсанд түр шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И. нь хариуцагчийн эх гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.
4.1. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* нь маргаж буй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэрийг түүний нөхөр Ц. агсан бүрдүүлсэн, тэрээр одоогийн өмчлөгч бөгөөд нас барсан, түүний эд хөрөнгөний өвийн маргаан шүүхэд хянагдаж байгаа тул энэ хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх боломжгүй гэж маргаж байна.
5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө, эрх өвлөгддөг тул өвийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ёстой гэх тайлбар үндэслэлгүй.
6. Хариуцагч Х.******* болон Ц. нар нь 23 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр,,,,, тоот хаягт байрлах, 75. м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц, тус байрны хаягт байрлах, 12.72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн авто зогсоолын бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. /хх6, 8/
Энэхүү гэрээ хэрэгжсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /98, 99/
7. Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрээр маргаж буй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоосон гэж тайлбарласан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03094 дүгээр шийдвэрээс үзэхэд тухайн болон энэ хэргийн хариуцагч нь маргаж буй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэдгийг зөвшөөрөөд гэрээний зүйлийн ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн байна. /хх13-19/
Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрээр шүүх маргаж буй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх үйл баримтыг дүгнээгүй. Тодруулбал хариуцагч нь дундын эд хөрөнгө гэдгийг зөвшөөрөөд ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө төлөхийг зөвшөөрсөн шийдвэр байгаа нь энэ хэргийн маргааны зүйлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх үйл баримтыг шүүх дүгнэсэн гэж үзэхгүй юм.
8. Хариуцагч нь шүүх хуралдаанд маргаж буй эд хөрөнгө нь Ц. агсны эд хөрөнгөний эх үүсвэрээр түүний өмчлөлд бүртгэгдсэн талаар тайлбарлаж байна. Иймд тухайн эд хөрөнгө нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шүүх шууд дүгнэх боломжгүй.
Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх тайлбар нотлогдохгүй байна.
8.1. Цаашлаад Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжид “Шүүх гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдээс гэр бүлийн дундын өмч гэж маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр болон хамтран өмчлөгчөөр хэн бүртгэгдсэн байгааг тэргүүн ээлжид анхаарах ёстой. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д "Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3.-т зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байна.”
“Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т "Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" гэсэн хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах нь үндэслэлгүй юм.” гэжээ.
9. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн үзвэл нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу хариуцагчийн бусадтай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Уг эд хөрөнгө нь Ц. агсны өмчлөлд бүртгэлтэй болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа, бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх5, 6, 8, 92, 98, 99/
Улмаар Ц. агсны өвийн маргаан хянагдаж байгаа болох нь Монголын нотариатчдын танхимын 25 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 894 дүгээр албан тоот болон тус шүүхийн Тамгын газрын 25 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 2897 дугаар албан тоотоор тус тус тогтоогдож байна. /хх79, 1/
Мөн бэлэглэлийн гэрээний бэлэглэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснөөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-д зааснаар эд хөрөнгөний өмчлөх эрх бэлэг хүлээн авагчид шилжсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснөөр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх тул энэ хэмжээнд асуудлыг шийдвэрлэнэ. Учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар өөр шүүгчийн гаргасан захирамж, шийдвэрийг тайлбарлах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.*******т холбогдох 23 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан *******,*******,******* хаягт байрлах 70, м.кв орон сууц бэлэглэх гэрээ, 23 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоол бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь Х.******* мөн болохыг тогтоох тухай нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД