Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 407

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805001070342 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 9-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баянмонгол” хороололд барилгын туслах ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  дугаар гудамж  тоотод түр оршин суух, Дорнод аймаг, Хэрлэн сум,  дугаар баг, Ялалт дугаар гудамж  тоотод бүртгэлтэй, ялгүй,  дугаарын регистртэй, Е овогт Б Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарн 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Цгийн халааснаас Самсунг Эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.446.540 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Хамт явсан хүмүүс маань намайг хохирогчоос гар утас авсан гэдгийг мэдээгүй. Хохирлыг төлсөн байгаа. Надад хөнгө ял оногдуулж өгнө үү гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э ын Ц “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын 25 давхрын пабад найз Мөнхболор, Түмэнжаргал нарын хамт ороод бид гурав коняк, виски авч уугаад, уг пабаас 01 цагийн үед гарч 10 дугаар хорооллын ХААН банкны ертөнцийн зүгээр зүүн талаар нь  явж байсан чинь урдаас хоёр залуу ирээд тамхи байна уу гээд яриа өдөөд бид гурав 5 дугаар байрны гадаа ирээд нэг залуу нь хойно гараад явсан нөгөө залуу нь намайг тэврээд юм яриад явж байгаад салаад би гэр рүүгээ зам хөндлөн гараад явж байтал миний бугуйн цаг утастай холбогдсон байдаг учраас цаг чирээд байхаар нь өөрийн утсаа шалгасан чинь миний утас байхгүй байхаар нь 5 дугаар хорооны цагдаа дээр очиход хаалттай байхаар нь такси бариад Баянгол дүүргийн цагдаа дээр ирж өргөдөл өгсөн.

2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө би явсан газруудын камерийг шүүж үзэхэд 4 залуу зохион байгуулалтайгаар миний утсыг авсан байсныг би утас нь дээрээ бичиж авсан байгаа. Нөгөө хоёр залуу гээд байсан залуучууд дөрвүүлээ байсан байна лээ. Нэг залуу нь 1.77 орчим өндөртэй, махлагдуу шар царайтай залуу байсан. Өмсөж явсан хувцас нь малгаатай хар куртиктэй. Миний гар утас Самсунг С8 плас маркийн, сериал дугаар нь 355989/08/353408/6, мөнгөлөг хар өнгөтэй, 2017 оны 12 сард Тэди төвөөс 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

Би тэр хүмүүсийг танихгүй, харин сүүлд хохирлын мөнгөө авч байх үед нэг туранхай бол залуу /Энхбаяр/ одоо санаад байхад намайг тэвэрч аваад байсан. Тэр үед хоёулаа явж байсан ба нэг залуу нь намайг тэвэрсэн, нөгөөх нь надад ойртоогүй цааш явсан. 1.550.000 төгрөг нэхэмжилж улмаар хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад ямар нэг гомдол, санал байхгүй” /хх-н 11-13/ гэж,

гэрч Н Т “… 2017 оны 12 дугаар сарын 27-ны оройн 19 цагийн орчимд найз Хашбатын Амгаланд байдаг гэр рүү нь Батхүү, Энхбаяр бид гурав хамт очсон. Ингээд бид нар тэндээ хамт сууж, юм ярьцгаан архи ууцгаасан ба ихэнх нь нилээн согтсон. Би тэр хоёроос бараг илүү ч байна уу даа согтсон байсан. Тэгээд шөнө Батхүүгийн машинтай бид нар явж байсан учраас түүний машиныг унах дуудлагын жолооч дуудуулж 23 цаг өнгөрч байхад байх гэж би санаж байна, Амгалангаас гараад 24 цагийн орчимд байна уу даа 10 дугаар хорооллын 5 дугаар байранд байдаг Батхүүгийн гадаа ирлээ сэрээрээ гээд намайг сэрээсэн. Харин би босоод тэр хоёроос түрүүлээд буусан, ингээд би хоёр байрны голоор ороод эргээд эхний орцонд Батхүүгийн гэр байдаг учраас ганцаараа түрүүлээд алхсан. Харин нөгөө хоёр хойно үлдсэн ба би за за удахгүй орж ирэх байлгүйдээ гээд гэрт орж ирэхэд манай найз Чинзориг унтаж байсан. Би 00 ороод, хоол халааж идээд хэсэг сууж байсан. Нөгөө хоёр жаахан удаж байгаад орж ирэхээр нь яасан бэ гэж Энхбаяраас асуусан чинь машинаа байрлуулах гэсэн зогсоол олдохгүй удлаа гэж хэлсэн. Батхүү миний нойр хүрээд байна, унтлаа гээд хэвтсэн, тэгээд ч их согтсон харагдаж байсан. Энхбаяр бид хоёр үлдээд яах уу гэж байснаа ганц нэг юм олж уух уу гэж байгаад за за юу ч гэсэн гарцгаая гээд гараад такси бариад архи зардаг дэлгүүр орох гээд архи хайгаад 10 дугаар хорооллын тэр орчмоор явсан чинь архи зардаг онгорхой дэлгүүр олдоогүй. Гэмтлийн эмнэлгийн тийшээ явсан тэнд бас байхгүй байсан ба тэр үед 04 цаг орчим болж байсан ба бид хоёр хоорондоо архи олдохгүй юм чинь харьцгаая гэсэн за за гээд би Энхбаярыг тэндээ буулгаад би тэр таксигаараа гэртээ харьсан.

Би хүний гар утас хулгайлсан талаар мэдэхгүй байна. Угаасаа би юу ч мэдээгүй, харин сүүлд нь цагдаа нар болоод явчихсан чинь нөгөө Энхбаяр маань машин байрлуулдаг шөнөө хүний гар утас халааснаас нь авсан гэж сүүлд хэлж байсан. Тэгээд ч өөрөө сүүлд уулзаад чи яагаад энэ талаар бид нарт хэлээгүй юм бэ гэхэд би харин санаа зовоод хэлж чадаагүй гэж байсан. Чинзориг намайг гэрт нь ороход унтаж байсан, босч ирээгүй. Батхүү бид хоёр энэ хэргийн талаар мэдээгүй” /хх-н 63/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогч Э.Цгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 8/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 62/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг шүүх “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Гэхдээ шүүх шүүгдэгч Б.Эт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Цгийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Е овогт Б Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Эт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Ц гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ