| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0370/Э |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
2025 06 05 2025/ДШМ/39
Г.Г д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нарын давж заалдах гомдлоор Г.Г д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт Г.Г , Монгол Улсын иргэн,
Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын баг тоотод иргэн З.Г той “ууж байсан архиа үлдээхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөх, архины шилээр толгойн ард дагз хэсэгт нь цохих зэргээр зодсоны улмаас З.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Шүүгдэгч Г.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Г.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ийн цагдан хоригдсон 327 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г ээс 5.000.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч д олгож,
гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нар давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч нь өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлдэг.
Гэрч Д.Э анх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн өдөр Б ийн гэрт өглөө 8 цагт очсон, ... Г ах Б эгчийг дахиад хоол хийгээд өг, шөл битгий хийгээрэй, гоймон голдуу хийгээрэй гэхээр нь хоол хийж өгөөд Г ахын хажууд ширээн дээр хоол, тамхи, гар утас, асаагуур, ундааны саванд хар цай хийж өгөөд гараад явсан ,... Б эгчийг ажил дээрээс аваад очиход Г их хурхирч байсан ,... Б эгч бид хоёрыг ороход Б эгчийн хөлөнд нэг юм тээглэсэн, гэрлээ асаагаад харахад хогийн сав байсныг тухайн үедээ нээх юм бодоогүй анзаараагүй, тэгээд Г ахыг орноос нь хөдөлгөхөд дэр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь бид хоёр гайхаад өглөө ийм байгаагүй ш дээ яасан юм бол гээд эргэн тойрноо харахад ширээн дээр байсан хоол газар асгарчихсан миний анзаарснаар өглөө Б эгч бид 2 явахдаа тамхийг нь дөхүүлж өгөөд явсан тэгэхэд тамхины савыг нь дүнсэн тамхиар дүүргэж өгсөн тэгээд газар асгарсан тамхийг харахад жаахан байсан тэр тамхийг татлаа татлаа гэхэд тэгж их бүгдийг нь татахгүй хүн орж ирээд тэр тамхинаас нь авсан юм шиг санагдсан. Бас тамхи үлдээхдээ тамхины асаагуур тавьсан тэр нь байхгүй байсан, үүдэн хэсэгт цус болоод гишигчихсэн юм шиг яг дуссан цус гэхэд өөр нялчихсан юм шиг байсан, хаалганы дотор талын хавтас цус болчихсон, Б эгчийн хөлөнд тээгэлсэн хогийн сав хонхойчихсон байсан ... ” гэж,
мөрдөгчийн “Таныг ... өглөө Б г гэрээс нь очиж авахад Г ийн нүүр хэсэг шалбарсан, духан хэсэгт ямар нэгэн шалбархай байсан уу ” гэсэн асуултанд хариулахдаа “Тийм ил харагдах шарх байгаагүй, байсан бол би яасийн гээд асууна” гэж хариулжээ.
Гэрч Д.Э нь хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гэрч бөгөөд өглөө ороход байсан байдал эргээд очиход өөрчлөгдсөн байсан төдийгүй гэрт нь хүн ирсэн байна гэх сэтгэгдэл төрүүлэхүйц байсан, мөн амь хохирогчийн дэр өглөө зүгээр байсан атлаа эргэж ирэхэд цус болсон байдал, хаалга, хогийн сав цус болсон, хоол, тамхи асгарсан байдалтай байсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байна.
Эндээс харахад амь хохирогчийн гэрт гэрч Д.Э г өглөө ирээд явснаас хойш дахин ирэх хүртэлх хугацаанд хүн орж хохирогчийг зодсон, зодолдсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна. Гэрчийн анхны өгсөн ач холбогдол бүхий мэдүүлэгт анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.
Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд дэрний уут, хаалга, хогийн сав гэх мэт цус болсон зүйлүүдийг хурааж авсан тухайн цус мэт бохирлогдсон зүйлийг шинжилгээнд явуулж цус мөн эсэх, цус бол хэний цус болохыг тогтоогоогүй, мөн дээрх эд мөрийн баримт болох хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон хурааж авсан зүйлүүд байхгүй, алга болсон байна, ямар учраас яагаад хэргийн газраас хураан авсан хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт алга болсон нь тодорхойгүй байна.
Гэрч Т.Б нь мөрдөн байцаалтын шатанд 4 удаа, шүүх хуралдаанд 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүний эхний өгсөн 2 мэдүүлэг, сүүлд өгсөн мэдүүлэгнээсээ эрс зөрүүтэй, мөн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь мөн өмнө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ ноцтой зөрүүтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Т.Б г худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэх дүгнэлттэй. Энэ хохирогчийн өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Т.Б ийн шүүгдэгчийг буруутай гэсэн мэдүүлгийг ямар байдлаар үнэлж, энэ мэдүүлэг нь үнэн зөв байна гэж үзсэн нь тодорхойгүй буюу шүүгдэгчийн эрх зүйн байдыг илтэд дордуулсан гэж үзэхээр байна.
Амь хохирогчид: духны зүүн хэсэгт 4,0x1,0 см, 0,5 см, 1,0x0,2 см, 0,5x1,0 см, зүүн хөмсгөнд 0,8x0,2 см, 0,6x0,2 см, баруун хөмсөгний дээр 1,4х0,8см, баруун өвдөгөнд 1,5x2,0 см тавшсан зулгаралтуудтай, зүүн нүдний дээд зовхинд 0,5x5,0 см, цээжний урд хэсэгт өвчүүний голд 9,0x10,7 см, хэвлийн баруун хэсэгт доошоо баруун ташуу хүртэл 23x14 см, зүүн хөхний доор 7-10 дугаар хавирганы түвшинд ташуу 11x5,5 см, баруун хөхний дээр 10x4,2 см, цээжний баруун талд суганы доор 7,0x4,0 см, 2,5x5,0 см хэмжээтэй ногоон хүрээтэй цайвар хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдсон. Нийт биеийн 10 өөр газар 15 тооны гэмтэл учиржээ.
Эдгээр гэмтлүүдийн тавшсан гэмтлүүд нь 5-10 хонгийн өмнө, бусад гэмтлүүд нь 10 буюу түүнээс дээш хоногт үүссэн байхаар байна гэдгийг шинжээч эмч Ч.Б мэдүүлжээ. \ХХ-129х\. Гэтэл шүүгдэгч Г.Г энэ хугацаанд амь хохирогчтой уулзаагүй байдаг. Амь хохирогчид учирсан энэ олон гэмтлүүдийг хэн, хэзээ учруулсан гэдэг нь тогтоогдоогүй байна.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэнд: Цогцосны дотор шинжилгээгээр “... зүүн талд дунхы ясны харалдаа 7,0x4,5 см хүрэн улаан цус хуралттай, хуйх зузаан...” гэжээ, мөн шүүх хуралдаанд оролцсон ахлах шинжээч эмч С.Э мэдүүлэхдээ “...амь хохирогчийн духанд учирсан гэмтэл нь амь насанд хүрсэн...” гэж мэдүүлсэн.
Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дахь хэсэгт : “...духны хуйхан доорх цус хуралт гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой” гэсэн байна.
Тэгэхээр амь хохирогчийн духанд үүссэн гэмтлээс болж амь хохирогч нас барсан байна. Гэтэл Б сүүлд өгсөн буюу үнэн зөвөөр мэдүүлсэн гэх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэгтээ “... би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, одоо болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө,...2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө явахдаа ...цуйван хийж өгсөн,...орой ажлаасаа 22-23 цагийн орчимд ирэхэд... танай дүү Г \Г\ ирсэн,... архины шилээрээ толгойн ард дагз хэсэгт 1 удаа цохиод гараад явсан гэж ярихаар нь би хэлэхдээ чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ гэхэд би ч бас зүгээр байгаагүй би цохисон гэж хэлсэн... ” \ХХ-60\,
дахин өгсөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний мэдүүлэгтээ “...миний ийшээ архины шилээр цохисон гээд гараараа толгойныхоо ар дагз хэсэг рүү зааж эндээс цус гарч байна уу гэж асуухаар нь би хурууныхаа өндөг хэсгээр талийгаачийн дагз хэсэгт хүрч үзэхэд бага зэрэг памбайчихсан байсан ба хурууны өндөг цус болсон,...нүүрэн хэсэгт зулгарсан өнгөц шархнууд байгаа тэр шархнууд дээр нь өмнө нь тос түрхэж өгч байсан...” \ХХ-63\ гэж тус тус мэдүүлжээ.
Гэтэл Б ийн мэдүүлгээс харахад хохирогчийн толгойн ар хэсэг дагз руу архины шилээр цохисон, тэр хэсгээс цус гарсан байхаар байна. Гэтэл амь хохирогчийн толгойн хуйх гэмтэлгүй бүтэн байдаг. Мөн нүүрэн дэхь зулгарсан шарханд өмнө нь тос түрхэж өгч байсан гэдгээ хэлдэг. Амь хохирогчийн духанд зулгарсан шарх байдаг бөгөөд энэ шарханд Б өмнө нь тос түрхэж өгч байсан гэдгээ мэдүүлсэн байна. Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, бөгөөд эдгээр нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г тайлбартаа: ... Хашааных нь ард явж байхад архи авч өгөөч гээд авч өгсөн. Тэрэндээ маш их гэмшиж байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Г ийг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн Г.Гд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.
“ ” овогт Г.Г г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын Шанд баг тоотод хохирогч З.Г той “ууж байсан архиа үлдээхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөх, архины шилээр толгойн ард дагз хэсэгт нь цохих зэргээр зодож, амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г ийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж түүнийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчйин өмгөөлөгч Р.Ц, Д.О нар ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь тухайн этгээд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн сумын баг тоотод хохирогч З.Г той “ууж байсан архиа үлдээхгүй” гэсэн шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөх, архины шилээр толгойн ард дагз хэсэгт нь цохих зэргээр зодсоны улмаас З.Г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь
гэрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “ ... Г овогтой Г манай төрсөн эгч Т.Г ын хүүхэд байгаа юм ... Би урд нь өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, одоо болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө ... ажлаасаа 22.00-23.00 цагийн орчимд гэртээ орж ирэхэд гэр эмх замбараагүй болсон байхаар нь Г оос “юу болсон юм” гэхэд “танай дүү Г /Г/ ирсэн, ирэхдээ нэг шил 0.75 л архитай ирээд тэрнээсээ задлаад 2-3 хундага архи хийж өгөөд үлдсэн архиа аваад явах гэхээр нь “архи хамт ууя, эсвэл архиа үлдээчих” гэхэд Г “чамд би архи өгөх албатай юм уу” гэж хэлээд өшиглөөд, цохисон бөгөөд дараа нь архины шилээрээ толгойны ард дагз хэсэгт нэг удаа цохиод гараад явсан” гэж ярихаар нь би “чи бас зүгээр байгаагүй байлгүй дээ” гэхэд “би ч бас зүгээр байгаагүй, би цохисон” гэж хэлсэн ...
Би болсон хэргийн талаар өөрийн төрсөн эгч Т.Г ийн гар утас руу 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой эмнэлэг дээр ирсний дараа залгаж ярихдаа “Г гэртээ ухаангүй хэвтэж байгаад эмнэлэг дээр ирсэн байна” гэхэд “юу болсон юм, яасан юм” гэхээр нь “өчигдөр Г /Г/ манайд орж ирээд Г той маргалдаад, архины шилээр толгойн тус газарт нь цохисон гэсэн тэрнээс болчих шиг боллоо” гэж хэлсэн ... Манай нөхөр Г амьд байхдаа надад ярихдаа “Г орж ирж зодсон, толгойд архины шилээр цохисон” гэж хэлснийг би өөр хүнд хэлээгүй ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход толгойны дух хэсэг, толгой, цээж, хавирганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан Г надад хандаж толгой руугаа заагаад “Г архины шилээр толгой руу цохисон” гээд надад зааж өгөөд харуулахад толгойны ар тал, хойд хэсэгт цус шүүрсэн, цус бага зэрэг гарсан байсан. ...“би яаж зүгээр байхав урдаас нь цохисон” гэж ярьж байсан ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход архины шил /хагарсан/ байгаагүй, ... би урд нь айж сандарсандаа худал хэлж байсан, ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Г ийн биед бүх гэмтлүүд нь учирсан.” гэсэн мэдүүлэг,
мөн түүний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “ ... Г надад “Г манайд ирээд явсан, би байсан цуйвангаа халааж өгсөн, Г гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр архинаасаа надад 2-3 хийж өгчихөөд архиа аваад явах гэхээр нь би “хоёулаа цуг ууя, эсвэл надад архиа үлдээчих” гэхэд Г “би таньтай архи уух албатай юм уу” гээд миний ийшээ архины шилээр цохисон” гээд гараараа толгойныхоо ар дагз хэсэг рүү зааж “эндээс цус гарч байна уу” гэж асуухаар нь би хурууныхаа өндөг хэсгээр талийгаачийн дагз хэсэгт хүрч үзэхэд бага зэрэг памбайчихсан байсан ба хурууны өндөг цус болсон. Мөн надад “Г намайг өшиглөсөн, түлхсэн, архины шилээр толгой руу цохисон” гэж хэлсэн.
...Хэсэг хугацааны дараа би Г рүү залгаж “чи ахтайгаа зодолдоо юу, чи ахыгаа зодчихсон юм уу” гэж асуутал “би юу гэж цохидог юм, зүгээр түлхчихээд архиа аваад гарсан шүү дээ” гэж хариулсан ... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 06.00-07.00 цагийн үед босоод шөлтэй хоол хийтэл талийгаач хүзүүгээ хөдөлгөж чадахгүй биеэрээ эргээд байсан ба “толгой өвдөөд байна, хүзүү хөшчихөөд байна” гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... 17.00 цагийн үед дарга Э ийн хамт гэртээ харьсан, энэ үед талийгаач ухаан алдчихсан, хамаг бие нь суларчихсан байсан. Би нөхрийг минь алсан Г ийг өмөөрч, нууж мэдүүлэг өгсөн болохоор маш их шаналж байсан, энэ бүхнийг үнэн зөвөөр шалгуулмаар байна ... Нүүр хэсэгт нь зулгарсан өнгөц шархнууд байгаа тэр шархнууд дээр нь би өмнө нь тос түрхэж өгч байсан юм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө талийгаач унтахдаа “толгой өвдөөд байна, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна” гэж хэлээд байхаар нь талийгаачийн цээжийг хартал цээж хэсэгт нь хүнтэй барьцалдаж, ноцолдсон юм шиг улайсан, бас баруун хавирга хэсэгт нь юманд нидэрсэн юм шиг улайсан, толгойн ар хэсэгт нь жижигхэн хавдаад памбайчихсан, цус шүүрч байсан ... Г, Г хоёр хоорондоо таарамж муутай ... Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны орой Г тэй утсаар ярьж, яагаад манай нөхрийг зодсон талаар асуухад “би зодоогүй, ганцхан удаа өшиглөсөн, түлхсэн” гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Х.П ын “... Эмнэлэгт байхдаа Г /Г/ Г ахынд очиж архи ууж байсан талаар Б эгчийн хамаатнууд нь хоорондоо ярьж байхыг сонсож байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 08-10-ны хооронд хажууд нь байнга сахиж, ар гэрээс нь хүн оруулахад нь би 2-3 удаа ороод харахад ... толгой, тархи нь хавдсан, гуя, цээж, хавирга, нүд хэсэг нь хөхөрсөн, хүнд зодуулсан байдалтай байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үүрээр нас барсан ... Тухайн өдрийн 14.00 цагийн орчим Ч “Г тэй уулзъя” гээд хаана байгааг нь мэдээд Ү бид гурав Г тэй уулзахаар очоод хашааны гадаа уулзахдаа “чи Г ахыг зодсон юм уу” гэхэд “би зодоогүй” гэхээр нь “чи урд нь зоддог байсан биз дээ, дахиад очоод зодсон юм уу” гэхэд “үгүй” гээд байсан бөгөөд Г ийн хоолой нь боолгосон, нүүрний хэсэг гэмтэлтэй байсан, ... Г ийн хүзүү, хоолой нь шалбарсан байсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Ц ын “ ... аймагт ирэхэд ах маань эмнэлэгт ухаангүй байсан бөгөөд нүүр нь халцарчихсан, баруун нүдний доор хавдсан, хоёр хөхний ойролцоо шалбарч улаан эрээн болсон, зүүн тохой, хоёр өвдөг нь шалбарчихсан, зүүн гуяны ард нь хөхөрчихсөн, толгойн ар хэсэг нь хагарчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Э ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “ ... Б эгч Г ийн хөнжлийг янзлахаар сөхөхөд хоёр гар нь татчихсан юм шиг цээжин дээр барьчихсан байсан, тэгэхээр нь би “гар нь татчихсан юм биш үү, сонин байна, түргэн дуудъя” гээд өөрийн утсаар залгаж түргэн дуудсан ... Г ахыг орноос нь хөдөлгөхөд дэр нь цус болчихсон байсан ...” гэсэн,
мөн түүний 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “ ...Тухайн үед дэр нь цус болсон, цээж хэсэг нь шалбарсан байхаар нь “архи уугаад унаад шалбарсан юм байх даа” гээд Б эгчийг “үнэрт дээ” гэхэд “архи үнэртэхгүй байна” гэж байсан ...” гэсэн,
2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “ ... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08.00 цагийн үед Б эгчийг ажил руу авч явахаар гэрийнх нь гадаа очсон, энэ үед Б эгч “чи орж ирээд хоол ид, хоол болж байна” гэхээр нь би гэрт нь орсон ... орой 17.00-18.00 цагийн үед санагдаж байна, Б эгч над руу залгаад гэр рүү явчихаад ирье” гэхээр нь “хувцасаа өмсөж бай” гэж хэлээд ажлын гаднаас Б эгчийг аваад гэр рүү нь явсан ... Б эгчийн гэрт орсон чинь Г ах орон дээрээ чанга хурхирч байсан, энэ үед Б эгч, нөхрөө хөнжлөө эвгүй нөмөрчихсөн байхаар нь янзлах гэтэл хоёр гараа цээжин дээрээ тавьчихсан, татчихсан юм шиг байсан, энэ үед би эргэн тойрноо харахад хаалганы дэргэд байсан хогийн сав хонхойчихсон, ширээн дээр байсан аягатай хоол, савтай дүнсэн тамхи газарт асгарчихсан, үүдний хэсэгт хулдаасан дээр цус болчихсон, хаалганы дотор талын хавтсан дээр цус шиг зүйл болчихсон байсан. Өглөө нь гэр доторх зүйлийг сайн анзаарч хараагүй учраас “өглөө гэр нь зүгээр байсан даа” гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн байна. Б эгч бид хоёрыг гэрт нь орох үед тэр ширээ Г ахын хэвтэж байсан ор руу тулсан байсан, Г ахын хэвтэж байсан ор руу тулж байрлахдаа хөл хавьцаа нь байсан, сүүлд эмнэлгийн ажилчид орж ирээд Г ахыг “насилик дээр хэвтүүлж авч явна” гээд тэр ширээг хажуу тийшээ өргөж хөдөлгөсөн, мөн тухайн үед ширээн дээр байсан аягатай хоол, саванд хийсэн таглаагүй дүнсэн тамхи зэргийг Г ах таталт өгөхдөө өөрөө газар унагаачихсан юм шиг байна билээ ...” гэсэн мэдүүлэг
гэрч Х.О ийн “ ... 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12.00 цагийн үед эмнэлэг дээр очоод ахыг сахиад орой 23.00 цаг өнгөрч байхад явсан бөгөөд тухайн үед биеийг нь хартал бүх бие нь хүрэн няцарсан, хуруу, гар, хөл нь шалбарчихсан байдалтай байсан ... ах маань доогуураа өмдтэй, цээжээрээ нүцгэн байсан бөгөөд зүүн талын хавирганы орчим шалбарчихсан, дух нь шалбараад хавдсан, дагз нь хагарчихсан цус гоожсон байсан ...” гэсэн мэдүүлэг
гэрч Д.Ү ийн “ ... шөнийн 04.00 цаг өнгөрч байхад “одоо бие нь болохоо болилоо, гэр бүлийн хүмүүс нь ор” гэхэд нь гэр бүлийн 8-10 хүн орсон, тэр дунд би ороод харахад З.Г ах нэг амьсгаа авах шиг болоход эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан, тухайн үед эмнэлгийн орон дээр ухаан мэдрэл байхгүй, бие, цээж хэсэг нь улаан эрээн болсон байсан ... Г ийн хоолой, хүзүү нь маажуулсан /боолгосон ч юм уу/ юм шиг улаан эрээн, нүүрэн дээр нь шалбарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Ч ын “...гэр бүлийн, ойр дотны хүмүүс ороорой ... гэхээр нь сэхээний өрөө рүү ороод харахад гуурстай, амьсгалын аппараттай, толгой нь боолттой, цээж маажсан, гар бие нь хөхөрсөн, хүнд зодуулсан шинжтэй байсан бөгөөд эмч “нас барчихлаа” гээд бид нарыг гаргасан ... Манай аав Г эмнэлэгт очихоос 2-3 хоногийн өмнө би утсаар залгаж ярихад аав архи уусан бололтой байсан бөгөөд надаас “хэзээ ирэх вэ” гэж асуухаар нь “би удахгүй амралтаа аваад очино” гэхэд “эднүүс /Г/ намайг дээрэлхээд, зодоод байна” гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг,
шинжээч эмч Ч.Б ийн “ ... Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой ба тухайн үед толгойн ар дагз хэсэгт хүч үйлчилж зөөлөн эдийн гэмтэл үүсэх үед тархины битүү гэмтэл үүсэх боломжтой ... ” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б ийн 2021 оны 85 дугаартай, “ ... Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэжээ ... Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ ...” гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Э, С.К, Т.А нарын 2025 оны ** дугаартай, “... Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Амь хохирогч нь их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины дээд хэсэг, гүүрэн тархи, уртавтар тархины урд цистерн болон цистерн магна-г хамарсан аалзан хальсан доор, хажуугийн ховдлын арын эврийн цус хуралдалт, духны хуйхан доорх цус хуралт гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд амь байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ...” гэсэн дүгнэлтүүд,
аймаг сум баг тоотод хэргийн газрын үзлэг хийсэн болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нь ... З.Г “баян айлд байдаг” гээд түрүүлж намайг алгадахаар нь би уурандаа түлхсэн, толгой хэсгээрээ савж унаад босож ирсэн. Г намайг нэг удаа шанаан тус газар алгадсан ... гэж мэдүүлдэг ба урьд нь хохирогчийг дээрэлхэж зоддог байсан талаар
гэрч Г.Ч ын ... Манай аав Г эмнэлэгт очихоос 2-3 хоногийн өмнө би утсаар залгаж ярихад аав архи уусан бололтой байсан бөгөөд надаас “хэзээ ирэх вэ” гэж асуухаар нь “би удахгүй амралтаа аваад очино” гэхэд “эднүүс /Г/ намайг дээрэлхээд, зодоод байна” гэж ярьж байсан ... ” гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ...прокурорын яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр үед бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, үүнийгээ тэр хүндээ аваачиж өгөө гээд гарч явсан ... гэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Би архи авч өгөөд гэрт нь ороод 2, 3 татсан. Тэр архиа авч үлдээд би найзындаа авч очиж найзтайгаа ууна гэхээр би харилаа гээд түрүүлээд гараад явсан, өөр зүйлгүй ... гэж тус тус мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нар ... хэргийг цагаатгаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол гаргасан хэдий ч хэрэгт нотлох баримтаар цугларч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар эдгээр гомдол, мэдүүлгүүд нь няцаан үгүйсгэгдэж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г ийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нарын “ ... хэргийг цагаатгаж өгнө үү... “ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Д.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР