| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 312/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
2025 06 05 2025/ДШМ/40
М.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.Б д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт М.Б , Монгол Улсын иргэн,
М.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “**” дугаартай худгийн хажуугийн замд “Toyota Sai” /Тоёота Сай/ загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.Бүрэнтогтохыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Б д холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч овогт М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн.” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт хураан ирүүлсэн “ ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
“ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол” гэж хуульчилсан бөгөөд тус гэмт хэргийн обьектив тал нь “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй , хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй” гэмт хэрэг. Мөн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүх шүүгдэгч М.Б г “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдээгүй талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж түүнд холбогдох энэ гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай болон хэрэгт авагдсан Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... аймаг сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн камерын хяналтын төвд тус нутгийн багийн урд гэсэн нэршилтэй хяналтын камерт үзлэг хийж шүүж үзэхэд доороосоо дээшээ чиглэлтэй тээврийн хэрэгслүүд явж байгаад гүүрэн дээгүүр тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна.
Уг дүрс бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цаг минут секундэд тухайн гүүрний баруун талд цагаан өнгийн улбар шар дээвэртэй худаг (ус түгээх газар) байх ба худгийн зүүн талд авто машины зорчих хэсэг дээр хэвтэж байх хүн дээр цагаан өнгийн Тоёота сай загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуй хэсгээрээ дайран гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.
Үзлэгийг цааш үргэлжпүүлэн маршрутаар хяналтын камерыг шүүж үзэхэд цаг минут секундэд тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт **** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота сай загварын тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг мөн бичигдсэн байна ...” гэх тэмдэглэл,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” дугаартай хүрэн улаан, шар өнгөтэй худаг байх ба түүний хажууд буюу ертөнцийн зүгээр зүүн талд шороон зам байх ба камерын бичлэгийг үндэслэн хохирогч В.Б ын хэвтэж байсан газрыг тогтоож “А” дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.
Уг шороон замын нийт урт нь 5.10 метр, А цэгээс шар худаг хүртэл 3.35 метр, А цэгээс баруун тийш хөвөө хүртэл 1.30 метр, А цэгээс зүүн тийш хөвөө хүртэл 3.80 метр, худгийн баруун хойд хэсэгт бетонон хөлтэй цахилгааны модон шон байх бөгөөд уг шонгоос А цэг хүртэл урагш өнцөг гарган хэмжихэд 5.50x4.75 метр хэмжээтэй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хохирогч В.Б ын “ ... Тухайн хүмүүсээс салаад харих гээд явж байхдаа муудаад ** дугаар худгийн хажууд хэвтэж байтал цагаан өнгийн машин миний дээгүүр гараад явчихсан. Би машины араас нь орилсон ч зогсоогүй, тэндээ явж чадахгүй хэвтэж байгаад унтчихсан, орой бүрэнхий болж байхад би сэрээд босоод гэртээ очсон ...” гэх мэдүүлэг,
гэрч Д.М ын “... 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн гэр болох Улаанбаатар хот дүүрэг дүгээр хороо гэх газар байж байх үед охин Б гар утсаар залгаад ... ааваа, би машинтай явж байгаад гудамжинд хэвтэж байсан хүн дайрчихсан, та хүрээд ирээч гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,
гэрч Ю.А гийн “... 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн гэр болох аймгийн сумын тоотод байж байх үед над руу Б захирал залгаад ажил дээр цагдаа нар ирсэн. М.Б машинаар хүн дайраад мэдээгүй явчхаж гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,
яллагдагч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн “... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр Ж ийн эзэмшлийн **** улсын дугаартай Сай загварын тээврийн хэрэгслийн аккумулятор нь суугаад хүн дуудаж асаалгаад гэрээсээ гараад худалдааны төв байдаг ломбард ороод гэр рүүгээ явахдаа хорооллын замаар явж байхад зам хаасан байсан учир гэр хорооллын замаар яваад гэрийнхээ ойрхон байдаг дэлгүүр орж хүүхдүүддээ юм аваад оруулж өгөөд буцаж гараад ** дугаар сургуулийн урдуур гараад зах ороод аккумулятор авч солиулчхаад гэр рүүгээ хорооллын замаар явахад зам хаасан байсан учир хорооллын дундуур ороод гэр рүүгээ явсан. Би биш учир хаагуур явсан гэдгээ хэлж мэдэхгүй байна, хорооллын замаар явахдаа худгийн хажуугаар яваад зүүн гар тал руугаа эргээд гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг зэрэг нь
түүний яллагдагчаар өгсөн " ... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш гэж бодож байна, зах дээр очоод аккумулятор солиулж байтал том хүү маань дүү таталт өгөөд байна гэж над руу мессенжерээр залгасан, тэгээд би сандраад машинаа унаад гэр рүүгээ явсан. Хорооллын В ийн зам засвартай байсан учир хороолол дундах гэр хорооллын замаар явсан, нэг мэдсэн гэртээ ирсэн. 4 хоногийн дараа манай гэрт цагдаа нар хүрч ирсэн. Тэгээд надад камерын бичлэг үзүүлсэн. Тэр камерын бичлэг дээр би тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүний дээгүүр гарчихсан байсан ...” гэх мэдүүлгүүдтэй өөр хоорондоо цаг хугацааг 1 хоногийн зөрүүтэй, болж өнгөрсөн үйл баримтын тухайд өөр хоорондоо зөрүүтэй (“хорооллын замаар явахдаа худгийн хажуугаар яваад зүүн гар тал руугаа эргээд гэр рүүгээ явсан ”... “ хороолол дундах гэр хорооллын замаар явсан, нэг мэдсэн гэртээ ирсэн”) гэж мэдүүлсэн байхад шүүх дан ганц яллагдагчийн хүн дайрснаа мэдээгүй” гэх мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгч бусад бичгийн нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаад бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй байна.
Мөн шүүгдэгч М.Б нь зам тээврийн осол гэмт хэрэг гаргасан гэдгээ мэдэх боломжтой байх цаг хугацаанд буюу цаг минут секундэд зорчигч В.Б ыг дайрсан, хохирогч В Б нь замын зорчих хэсэгт 1 метр 30 см зайд хэвтэж байсан зэргийг үндэслэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.А “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, Б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” Г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт ... шүүгдэгч М.Б г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв ... гэж дурдсан атлаа шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг тул аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг санаатай зөрчин аюул, осол бүхий нөхцөл байдлыг өөрөө буй болгож бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарах тул
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.6 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Б тайлбартаа: Тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б г 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймаг сумын багийн нутаг дэвсгэр “**” дугаартай худгийн хажуугийн замд “Toyota Sai” /Тоёота Сай/ загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас босож чадахгүй зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.Б ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Б д холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Б г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч “ ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... “ гэсэн үндэслэлээр прокурор эсэргүүцэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрын удирдлага болгож логик дүгнэлтэнд түшиглэн үнэлдэг.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.41-д заасан “Үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл /цас, бороо, манан, шуурга гэх мэт/ болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг,
1.2.42-т заасан “Үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг,
1.2.43-т заасан “Харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг тус тус хамааруулдаг.
Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерийн бичлэгээс үзэхэд дээрх үйл баримт нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цаг минутын орчим буюу өдрийн цагаар болсон байх бөгөөд тухайн үед үзэгдэх орчин хангалтгүй, хязгаарлагдмал болон харанхуй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хохирогч В.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан буруутай үйлдэл тогтоогдож байх хэдий ч жолооч аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Б ийн ... гэмт хэрэг үйлдсэнээ мэдээгүй ... гэсэн мэдүүлгийг үндэслэн түүнд холбогдох “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан.
Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч М.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8.д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч М.Б д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА