Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 413

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Д.Г

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805015270414 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 14-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Пүүжир холдинг” ХХК-д ажилладаг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 57 дугаар гудамж 4 тоотод орших суух,

ял шйтгэл: 1. Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйлд зааснаар нутаг заахгүйгээр 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 63 дугаартай захирамжаар 5 сар 3 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнссэн сулласан,

2. 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 546 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ЧВ65121478 дугаарын регистртэй, Ө овогт Дын Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Пүүжир холдинг” ХХКомпаний байранд хохирогч Х.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйл надад байхгүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Цын хохирлыг барагдуулж, тэрээр гомдол саналгүй гэдгээ хэлсэн байгаа. Бид хоёр хамт ажилладаг юм. Надад аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өмгөөлөгч аваагүй шалтгаан нь гэм буруу дээр маргахгүй, харин өмгөөлөгч авах мөнгөөрөө ял төлбөрөө барагдуулмаар байна. Мөн манай гэр бүл цалин орлого муутай тул торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгоно уу гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Хгийн Ц “... 3 дугаар сарын 8-ны өдөр ажлаа тараад хувцсаа солих гэж байтал арьс шир боловсруулдаг ажил хийдэг байсан Г миний толгой руу арматурын төмрөөр цохиод, хүрзээр миний зүүн өвдөг рүү цохиход хүрзний иш нь хугарчихсан. Дахиад ус буцалгагч аваад шидэх гэхээр нь би бултсан. Гийг гартаа цохих юмгүй болчихоор нь би түлхэж унагаад нүүр рүү нь нэг цохичихоод зугтсан. Миний толгойноос цус гараад Шагай ах хараад угаачих гэхээр нь угаагаад Баасансүрэн ахыгаа дуудаад явах гээд үүдэн дээр очтол “эр хүн шиг учраа олъё” гээд хутга барьчихаад явуулахгүй байсан. Урьд нь бид хоёр маргалдаж хэрэлдэж байгаагүй. Г тухайн үед согтуу байсан. Намайг цохих үед эхнэр нь хажууд нь байсан. Би эрүүл ажлаа тараад явах гэж байсан. Миний хувьд Гээс нөүтбүүк болон эмчилгээний зардал 300.000 төгрөг авсан ба одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохиролдоо нийт 700.000 төгрөг авсан гэж үзэж байгаа тул хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 9-11, 54/ гэж,

гэрч Н Б “... 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байж байтал дүү Ц над руу залгаад ахаа би хүнд зодуулчихлаа гэсэн. Намайг яваад очиход дүү Ц, Г, түүний энхэр нар байсан. Би машинаас буугаад юу болоод байна гэхэд Ц ахаа наадах чинь гартаа хутга барьсан байна гэхээр нь би Г, Ц нарыг машинд суу гээд машинд суулгаад тэр чигтээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа буутал Г машинаас буухдаа хутгаа машин доогуур шидсэн. Тэгэхээр нь тэр хутгыг нь би авсан. Ингээд цагдаад өгөх гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү яв гэсэн. Цын ярьснаар бол Г архи уугаад яваад байхаар нь та жаахан унтчих гэж хэлсэн чинь орой нь чи яадаг гэнэ ээ гээд зодсон гэсэн. Г тухайн үедээ их согтуу байсан” /хх-н 22-24/ гэж,

гэрч Б О “… 2018 оны 3 дугаар сарын 8-ны өглөө ажил дээрээ 9 цагт ирсэн ба өдөр 13 цагийн үед цайндаа орсон. Тэгээд 17 цаг 30 минутад ажил тарах байсан ба Ц өглөөнөөс хойш ажлаа хийхгүй яваад байхаар нь манай нөхөр чи ажлаа хий, ажил ихтэй хүн цөөхөн байна гэтэл чамд хамаагүй шүү гэж хэлсэн. Цын найз Энхбат хамт явна гээд ажил дээр ирээд тэр хоёр юм хийхгүй гадуур яваад байсан ба 16 цаг болж байхад хувцас солих өрөөнд би яваад ортол Ц гадуурх хувцсаа өмсөөд зогсож байсан ба манай нөхөр орж ирээд чи одоо ажлаа хийгээч эмэгтэй хүмүүс хүртэл баярын өдрөөрөө ажил хийж байхад гэхэд чи ямар бригадын дарга биш гэтэл чамд ямар хамаатай юм гээд тэр хоёр хоорондоо барьцалдаад заамдалцсан. Гэтэл Ц 2 давхарт байдаг бандан дээр үсрээд гарсан ба нөхөр араас нь гарах гэтэл чи намайг цохидог хэн бэ гээд нөгөө бандан дээрээс бууж ирээд манай нөхрийг хавсарч унагаад дээрээс нь цохихоор нь би боль гээд тэр хоёрыг салгасан. Манай нөхөр газраас босч ирээд шкаф нь дээр байсан арматур төмрийг аваад Ц руу шидсэн чинь толгойг нь оноод дух хэсгээс цус гарсан ба манай ажлын эмэгтэй зүсэгдсэн байна гэж хэлсэн. Ц ахыгаа дуудаад ах нь ирээд цагдаа руу аваад явсан. Цыг пиво уусан гэж сонссон. Харин манай нөхөр ажил дээрээ архи уусан байсан ба архи үнэртэж байснаас айхтар согтоогүй байсан. Тэд нар хамт 2016 оноос эхлэн ажиллаж байгаа. Манай нөхөр уг нь үйлдвэрт 2005 оноос эхлэн өвөл нь ажиллаад, зун тоосгоны үйлдвэрт ажилладаг юм. Манай нөхөртөө маргалдаж хэрэлдэж байсан зүйл байхгүй” /хх-н 26-27/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Х.Цын гэмтэлтэй холбоотой “Цын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 3451 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гэд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Гэд оногдуулсан торгох ялыг түүний хувийн байдал буюу ар гэрийн байдлыг нь харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

 

Шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Х.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Д.Г цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Түүнчлэн энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Ө овогт Дын Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Гэд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 90.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Д.Г торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Гэд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ