Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 432

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Ч.А

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805023160474 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хамтран амьдрагч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байр 73 тоотод орших суух, ялгүй, ХД76082915 дугаарын регистртэй, Уран овогт Чын А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” караоке дотор хамтран амьдрагч Н.Бийг бусадтай хардсаны улмаас зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас надад дахин ярих зүйлгүй. Бийг зодсондоо гэмшиж байна. Зодох болсон шалтгаан нь хардсан юм. Надад аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өмгөөлөгч аваагүй шалтгаан нь мөнгө байхгүй. Тэгээд ч би гэм буруу дээр маргахгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Нийн Б “... би хамтран амьдрагч Атой гэрийнхээ гадаа 1 шил архи хувааж уугаад Төмөр зам орж 25 дугаар эмийн сангийн тэнд явж байтал Аын зүс таних Түвшээ, Болороо нар тааралдаад байрны гадаа нэг шил архи хувааж уусан. Аод тэр өдөр 40.000 төгрөг байсан. Хас караокед ороод 20000 төгрөг үлдсэн байсан тул нэг цаг аваад 2 Сэнгүр пиво аваад уугаад сууцгаасан. Караоке орохдоо А бид хоёр согтчихсон байсан. Караокед танихгүй 2 банди явж байгаад намайг танилцъя гэсэн. Гэтэл тэрийг А харчихаад хардаж маргалдаад би Аыг гомдоохоор үг хэллэг хэлээд эд нартай бүгдтэй нь хамт явлаа унтлаа гэсэн. Тэгсэн А уурлаад нүүр рүү нэг удаа цохиод газарт унаад ухаан алдсан байсан. Би өөрөө тухайн үед өөрийгөө хянаж чадахааргүй согтуу байсан. Тэгээд юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Сэрээд харахад миний зүүн талын шанаа цус хурж хавдсан, зүүн нүд хөхөрч улайсан байсан өөр гэмтэл байгаагүй ээ. А эмнэлэг дээр байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 9/ гэж,

гэрч Б М “... би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн урд талын Тото гэх буудлын доор байх Хас гэх караокед 2017 оны 2 сараас 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл зөөгч бармен хийдэг байсан юм. Хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим найз Отгонбаярын хамт караоке дээр очсон. Намайг очиход Отгонбаяр гэх эмэгтэй зөөгчөөр ажиллаж байсан. Захирал Лхагвасүрэнгийн хүүхэд Төгөлдөр байсан. Нэг цаг орчим болж байхад гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирсэн. Энэ хүмүүсээс нэг ахыг нь зүс таних ба намайг ажиллаж байхад шил, сав авдаг байсан юм. Тэд нар орж ирээд 5 тоот өрөөнд ороод дуулсан байх. Бид 2 бол нэг тоот өрөөнд орсон. Гаднаас энэ хүмүүс орж ирэхдээ архи уусан бололтой байсан. Отгонбаяр бид хоёр 150 грамм архи уусан. Ингээд байж байгаад гарахад караокены үүдэнд шатны доор дээрх 4 хүний 2 нь буюу нөгөө шил аваад байдаг ах шатны доор явган суучихсан хажууд нь саарал өнгийн цамцтай эмэгтэй шалан дээр хэвтэж байсан ба нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд тэр ах Отгонбаяр бид хоёрыг гарч ирэхэд нөгөө эмэгтэйн нүүр рүү гараараа 2 удаа цохьсон ба боль гээд болиулсан. Явъя гээд үснээс нь зулгаагаад байсан. Намайг харж байхад нөгөө ах эмэгтэйг өшиглөх гээд байсан боловч нөгөө эмэгтэй бүр согтчихсон байсан. Харья гээд байсан боловч эмэгтэй босоогүй. Тэгсэн энэ хэд чамайг шаах гээд байна гээд байсан. Бас бид нарыг манай эхнэрийг гадагшаа гаргаад өгөөч гэсэн юм. Тэгээд гаргаад өг гэхээр нь Отгонбаяр, Тото буудлын хамгаалагч Төрөө, Төгөлдөр бид өргөж гаргасан. Гаргаад буудлын гадаа шатны доор эмэгтэйг хэвтүүлээд үлдээсэн бөгөөд эрэгтэй хажууд нь үлдсэн. Тото буудлын рестораны зөөгч Баагий цагдаа дуудсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Н.Бийн гэмтэлтэй холбоотойгоор “Бийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломтой гэмтэл. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 5166 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 17/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Ч.Аыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Аод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ч.Аод оногдуулсан торгох ялыг түүний хүсэлтийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

 

Шүүгдэгч Ч.А бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.А цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Уран овогт Чын Аыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ч.Аод оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 166.666 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Ч.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ч.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Аод урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ