| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01533/И |
| Дугаар | 320/ШШ2025/01273 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01273
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/01273 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Д.М***ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/01533/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.М***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д***ийн М*** нь Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1972 оны 5 дугаар сарын 26-ны өдөр аав Г.Д***, ээж Д***-ын Б*** нарын 11 дэх хүүхэд болон мэндэлсэн. Аав, ээж маань 13 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би одоо 53 настай, 1980-1988 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Улмаар 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2-р бригадад илгээлтээр хувиарлагдаж хоньчноор ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилласан. Дараа нь 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал *** дүгээр ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирэхэд нэгдэл татагдан буусан байсан тул хувиараа мал маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2-р багт мал маллаж байна. Би 55 нас хүрээд малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх бөгөөд нэгдэлд ажиллаж байсан үеийн орсон гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож байж миний нийт ажилласан жил болон малчнаар ажилласан жил гүйцэх юм. Би 1990- 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан боловч нэгдэлд хоньчноор ажиллаж байснаа тогтоолгоно.
Иймд Д***ийн М*** намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны дуустал Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2-р бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ***онд Арбулаг суман төрсөн, айлын 11 дэх хүүхэд 15-уулаа. Эхнэр хүүхдийн хамт ам бүл 6 амьдардаг. 1988 онд 8 дугаар анги төгсөж 8 жилийн цэргийн алба хааж ирээд Арбулаг суманд одоог хүртэл малчнаар ажиллаж байна. 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж байна. Надад хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал байхгүй учраас ажилласан жилээ тогтоолгохоор болсон. Бас нэг зүйлийг тайлбарлахад цэргийн алба хаасан тухай лавлагаанд Сэлэнгэ аймгаас татагдсан гээд буруу бичсэншиг байна лээ. Үүнийгээ би тэр бичсэн хүн л алдаатай бичсэн гэж ойлгож байгаа. Би нутгаасаа огт гарч үзээгүй. Зөвхөн цэргийн албанд л явж гарсан хүн байгаа юм гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11/403 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.У***, Н.О*** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.М***ын Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.
3.Хэрэгт:
Д***ийн М***ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар, 1989 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар, 1990 оны 1 дүгээр сараас 8 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 3 хуудас (хх-ийн 6-8 дугаар хуудас),
Д***ийн М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Арбулаг Мандал нэгдэл, ажилд орсон: 1988, цех, тасаг бригад: мал аж ахуй, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхлэсэн он: 1988, оршдог сум, район: Арбулаг ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 25 дугаар хуудас),
Д***ийн М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд сурагч ... гэж 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 26 дугаар хуудас),
Д***ийн М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас (хх-ийн 27 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11/403 дугаартай “ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1988-1990 оны тушаал шүүж үзэхэд Д.М***ыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.” гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Хилийн цэргийн Тусгай архивын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн а/1363 дугаартай “Д***ийн М*** нь бүх цэргийн дайчилгаагаар 1990 оны 10 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгаас хугацаат цэргийн албанд татагдан, *** дүгээр ангид алба хаагаад ХЦ-ийн даргын 1992 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн б/304 тоот тушаалаар 7 дугаар сарын 15-нд халагджээ.” гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 11 дүгээр хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.У***ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Д.М*** нь 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар анх ажиллаж эхлэсэн. Тэгээд 1990 оны намар цэрэгт яваад цэргийн албаа хаагаад ирэхэд нь манай нэгдэл хувьчлагдан тарсан байсан. Түүнээс хойш хувийнхаа малыг маллан Арбулаг сумынхаа 2 дугаар багтаа одоог хүртэл амьдарч байгаа хүн юм. Би 1988 онд Арбулаг сумын иргэн Д***ийн М***тай гэр бүл болон очоод Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар тус нэгдлийг хувьлагдан тартал ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа Мандал ХК-д тэмээчнээр ажиллах болсон юм. ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 35-37 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.О***ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Д.М*** нь 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар анх ажиллаж эхлэсэн. Тэгээд 1990 оны намар цэрэгт яваад цэргийн албаа хаагаад ирэхэд нь манай нэгдэл хувьчлагдан тарсан байсан. Түүнээс хойш хувийнхаа малыг маллан Арбулаг сумынхаа 2 дугаар багтаа одоог хүртэл амьдарч байгаа хүн юм. Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 3 дугаар бригадад 16 настайгаас хойш буюу 1974 оноос тус нэгдлийг хувьчлагдан тартал малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Дундуур нь 1976-1979 онуудад 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 35-37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Д.М***ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
6. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын тамгын газраас ирүүлсэн цалин хөлсний баримтад нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаанд 1988 оны 9 дүгээр сараас эхлэн цалин хөлс олгогдсон баримтыг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гашвай Д***ийн М*** -ын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 10-ны дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА