Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 444

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805010380452 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 29-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, барилгын инженер ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хороолол, 103 дугаар байр, 80 тоотод оршин суух,

ял шийтгэл: 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 353 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ялаар шийтгүүлсэн, ЕЙ79102932 дугаарын регистртэй, Боржигон овогт Дийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эгшиглэн” зоогийн газарт хохирогч Ч.Аыг зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед болсон асуудал үнэн зөв бичигдсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчийн хохиролд 2 сая төгрөг өгсөн байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ч А “... 2018 оны 2 дугаар сарын 14-ний өглөө гэрээс гарч явахад найз Баянжаргал над руу яриад 10 дугаар хорооллын Хишиг монголд Мөнхзаяа бид хоёр хоол идээд сууж байна, чи ирэх үү гэсэн. Би ажил руу явах замдаа очсон юм. Тэр хоёр пиво уучихсан сууж байсан. Намайг пиво авах уу гэхэд нь би машинтай яваа уухгүй гэхэд уучих, өнөөдөр баярын өдөр гэхээр нь би хамт пиво уусан. Бид гурав ууж байхад Баянжаргал согтоод гэр рүүгээ явсан. Мөнхзаяа бид хоёр Хишиг монгол зоогийн газраас гараад Эгшиглэн зоогийн газарт орж нэг нэг пиво уугаад байж байхад гаднаас 3 залуу орж ирээд Б гэгч залуу ширээн дээр үсэрч гарч ирээд пивоны шилээр миний дух руу нэг удаа цохих гэхэд хажууд нь байсан залуу пивоны шилийг нь авч болиулсан. Тэгтэл Б гэх залуу нь намайг цохиж зодоод, нөгөө хоёр залуудаа наад хүнээ чирээд гаргаад ир, гадаа гаргаад ална гээд дайрсан. Би ширээний хажуугаар гарч зугтаад голын ширээний доор ороод суухад намайг өшиглөөд байсан. Миний цүнхийг булаагаад ав гэж Б хэлэхэд нөгөө 2 залуу нь миний цүнхийг авсан. Би зөөгч рүү нь орилоод цагдаа дууд гэхэд нөгөө Б гэгч цагдаа чамд үйлчилэхгүй гээд явсан. Мөнхзаяаг нэг цохиод тэр гурван залуу гараад явчихсан. Манай найз Мөнхзаяагийн салсан нөхөр нь юм байна лээ. Би ажлын шугмаар 2-оос 3 удаа уулзсан. Тухайн өдөр Баянжаргал намайг дуудахаар нь очсон юм. Тэр үед Мөнхзаяа, Баянжаргал хоёр хамт хоол идээд пиво уугаад сууж байсан ба Баянжаргал яваад Мөнхзаяа бид хоёр үлдсэн. Миний толгой руу Б цохьсон. Миний нүүр, нүд, хамар руу хэд хэдэн удаа цохьсон. Намайг ширээн доор байхад нуруу руу хэд хэд өшиглөсөн. Нөгөө хоёр нь надад гэмтэл учруулаагүй, Б намайг зодож гэмтэл учруулсан. Б салсан энхэрээ надтай хардаад намайг зодсон, надад гомдол байхгүй” /хх-н 18-19/ гэж,

гэрч Ц М “... 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хишиг монгол зоогийн газар найз Баянжаргалын хамт хоол идсэн. Хоол идэж байхад А ирсэн. Бид гурав хоолоо идэж дуусчихаад Эгшиглэн зоогийн газар орж шар айраг уусан. Шар айраг уугаад сууж байхад Баянжаргал согтлоо гээд яваад өгсөн. Тэгээд Атай шар айраг уугаад сууж байтал манай нөхөр Б гаднаас 2 найзын хамт орж ирээд ширээн дээр байсан шар айрагны шилийг аваад ширээн дээр цохьсон. Аыг найзуудтайгаа нийлж байгаад зодсон. А ширээн доогуур ороод гарч ирэхгүй байсан. Манай нөхөр найзуудтайгаа нийлээд өшиглөсөн. Намайг мөн адил зодсон. Алгадаад, бөгс рүү өшиглөж зодсон. Аын гар цүнхийг нь булааж аваад гэрийн хаягийг чинь олоод эхнэрт нь хэлнэ гээд аваад явсан. Учирсан гэмтэл гээд байхгүй зүйлгүй, гомдол саналгүй.

Тухайн үед би их айсан, бас сандарсан. Б пивоны шил ширээн дээрээс авахад нь айсан, найз нь тэр шилийг нь булааж авсан. Тэгээд Аыг Б толгой руу нь гараараа цохьсон. Хоёр найз нь Аыг зодоогүй” /хх-н 20-21/ гэж,

гэрч П Г “… тухайн өдөр Бтэй би утсаар ярьсан, бид хоёр хоол идэхээр болсон. Бид нар Хишиг монголд байнга хоол иддэг юм. Би 10 дугаар хороололд таарсан. Бид ширээнд суусан, Б араас орж ирсэн. Зоогийн газрын ширээнүүд дундуураа хаалттай байдаг. Б ширээн дээр суухгүйгээр шууд нэг залуу руу дайраад байсан. Зодолдох гээд нилээд юм болсон. Тэр хоёрыг салгах гээд 5-аас 6 минут болсон. Б бид хоёр архи уугаагүй байсан. Бийг салгах үед нөгөө залуугаас нилээд архи үнэртэж байсан. Би очоод Бийг бариад авсан. Намайг салгах гэхэд Б тэр залууг 2-оос 3 удаа өшиглөөд нөгөө залуу нь урдаас нь хэрэлдээд байсан. Тэр хоёрыг барьцалдаад авахад нь ширээ унасан. Нөгөө залуу нь нэг цүнх барьчихсан байсан, Б наад цүнхийг нь ав гээд байхаар нь булаагаад авсан. Би Бийн машиныг асаагаад явах гэхэд нөгөө залуу нь араас гарч ирээд хэрэлдээд байсан. Б тэр үед зодолдоогүй. Би тэр хүнд гар хүрээгүй, цохиогүй, тэр хоёрыг салгасан” /хх-н 23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ч.Аын гэмтэлтэй холбоотойгоор “Аын биед тархи доргилт, зүүн чамархай, дух, дагз, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, хоёр бугалга, хоёр дал, нуруу хоё шуу, хүзүү, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 2604 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Харин прокурорын 419 тоот яллах дүгнэлт алдаа ихтэй тухайлбал; Улаангом сумыг “Улаангомбо” гэж бичсэн, “яллагдагч О А” гэж өөр хүний нэр бичсэн, яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт “хохирогч М.Б” гэж өөр хүний нэр бичсэн зэргийг энэ шийтгэх тогтоолд тэмдэглэж орхих нь зүйтэй.

 

Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлгүүд үг үсгийн буюу монгол хэл бичгийн дүрмийн алдаа ихтэй, өгүүлбэр зүйн хувьд утга найруулга муутай нийтлэг алдаанууд байгааг цаашид анхаарвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бөд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч Д.Бөд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дийн Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Бөд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ