Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 471

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805015360432 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ноос ноолуурын технологич мэргэжилтэй, “Дэвжих эрдэнэ” ХХК-д захирлын жолооч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31 дүгээр гудамж, 504 тоотод хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байр, 113 тоотод түр оршин суух, ялгүй, ХК83090873 дугаарын регистртэй, Монгол овогт Сын С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч нь С.С нь хохирогч Ц.Эгаас “дипломат паспорт гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.620.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус авч нийт 5.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Уг нь залилан мэхлэе гэж бодоогүй. Би манай ажлын Отгончулуун, Эрдэнэ нарын материалыг орчуулж байтал Э нөхөртөө ногоон паспорт гаргуулъя гэхээр нь болчих байх гээд мөнгийг нь авсан. Тэгээд би мөнгийг нь хувьдаа хэрэглэчихсэн.

Гэхдээ би бусдыг залилан мэхэлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоос 2.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 2.620.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 30 гэхэд төлж барагдуулахаар Этай эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц Э “... С гэдэг хүнийг 2016 оноос мэдэх болсон. Бид хоёр Дэвжих Эрдэнэ ХХК-д хамт ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын дундуур С болон манай ажлын хэсэг хүмүүс хамт сууж байгаад бид нар Солонгос явах талаар ярилцсан. Гэтэл С ногоон паспорт авчих юм бол дипломат харилцаатай бүх улс орнуудад визгүй зорчих боломжтой байдаг юм байна лээ гэж хэлсэн. Тухайн үед би Сэс ногоон пастортын талаар мэдээллийг авсан. Тэгээд манай нөхөр Хүрэлбаатар 2018 оны 7 дугаар сарын сүүлчээр Австри улс руу явах гэж байсан учраас би нөхөртэйгээ ярилцаад тухайн ногоон пастортыг гаргаад авчихвал амар юм байна гэж бодоод эргэж Стэй холбогдоход С ногоон паспорт гаргахад 5.000.000 төгрөг хэрэгтэй, би гайгүй хүн танина, гайгүй гарчихдаг юм гэж надад итгүүлсэн. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сд ногоон паспорт гаргуулж авах зорилгоор 5.000.000 төгрөгөөс 1.620.000 төгрөгийг түүний надад өгсөн 5016127322 дугаарын данс руу, 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр мөн С 5016127322 дугаарын данс руу бэлнээр 2.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би Сд нийт 5.120.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.

С нь удахгүй, өнөө маргаашгүй гарна гэх зэргээр итгүүлдэг байсан бөгөөд 2018 оны 2 дугаар сард ногоон паспорт чинь гарчихсан байгаа гэж байна гэтэл нөгөө хүн нь машин дотроосоо хулгайд алдчихсан байна, тэгээд дахиад бичиг баримтыг чинь гаргаж өгөх юм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Сд итгээд хэсэг хүлээсэн. Сүүлдээ удаад байхаар нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Би Сэс 5.120.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /хх-н 14-15/ гэж,

гэрч Б Х “... би Эгийн нөхөр нь байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр эхнэр Этай гадаад явах гэж байгаа талаараа ярилцахад Э манай ажлын газарт ногоон паспорт гаргаж өгөх хүн байдаг гэж хэлсэн. Тэр хүнээр дамжуулаад ногоон паспорттой болчих юм бол дипломат харилцаатай орнууд руу визгүй зорчино гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд эхнэр Э өөрөө тухайн ажлын газрын хүн буюу Стэйгээ уулзаад мөнгө төгрөгөө шилжүүлж байсан. Миний мэдэж байгаагаар 5.120.000 төгрөгийг гурав хувааж шилжүүлж өгсөн. Түүнээс хойш С гэгч нь удахгүй паспорт гарна, удахгүй бүтнэ гэх зэргээр манай эхнэртэй ярьж тайлбарладаг байсан. Тэгсээр байгаад 2018 оны 2 дугаар сар хүрсэн. Цагаан сарын үеэр ногоон паспорт бүтсэн гэтэл нөгөө хүн нь машинаасаа хулгайд алдсан байна лээ гэж С манай эхнэрт ярьсан байсан. Тэгээд С нь нөгөө хүн нь дахин ногоон пасторыг чинь гаргаж өгөх байх гээд бас л хугацаа хожсон. Бүр сүүлдээ үнэн худлаа нь мэдэгдэхгүй хүн итгэмээргүй зүйл яриад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.

Би Стэй эхнэр мөнгөө өгсний дараа эхнэр Эг ажил дээрээс нь очиж авах гээд явж байхдаа тааралдаж байсан. Түүнээс өөр байдлаар уулзаж байгаагүй. С гэдэг хүний талаар огт мэдэхгүй. Тухайн мөнгийг би өөрийн данснаасаа шилжүүлж өгсөн. Гэхдээ нэгэнт эхнэр хохирогчоор гэр бүлээ төлөөлөөд оролцож байгаа учраас нэхэмжлээд явчих байх” /хх-н 48-49/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрчийн дээрх мэдүүлгүүд нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч С.С гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцнэ.

Иймд Монгол овогт Сын Сг хуурч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Сд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусдад учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулан, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч С.С үйлдсэн “Залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч С.С үйлдсэн гэмт хэргийн ангилал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцэж байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С нийт 5.120.000 төгрөгийн хохирлоос 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба үлдэх 2.620.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч Ц.Этай “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

 

Харин хохирогчид учруулсан хохирол бүрэн төлөгдөөгүй тохиолдолд шүүгдэгчээс албадан гаргуулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Монгол овогт Сын Сг “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ хуурч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Сд оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч С.С нийт 5.120.000 төгрөгийн хохирлоос 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж,

 

үлдэх 2.620.000 төгрөгийг “Эвлэрлийн гэрээ”-нд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар түүнээс гаргуулж хохирогч Ц.Эд олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Сд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ