Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 472

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Б.Мөнгөншагай

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Болортуяа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803001820156 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч, эрх зүйч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүд, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Нефтийн 1 дүгээр 27 дугаар байр 7 тоотод оршин суух, ялгүй, ХЕ70021612 дугаарын регистртэй, Боржигин овогт Сийн М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.М “Улаанбаатар” төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарны 28-ны өдрүүдийн хооронд “Улаанбаатар” төмөр замын харъяа байгууллагуудаас галын аюулгүй талаар сургалт орсон төлбөр, ажлын байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргасны төлбөр гэж албан тушаалын байдлаар ашиглан нийт 1.660.500 төгрөгийг бэлнээр болон ХААН банкны дансаар шилжүүлэн авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Энэ бол миний буруу. Цаашид өөртөө анхаарах болно. Байгууллагад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Миний амьдрал ахуйг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж, хэсэгчлэн төлөх боломж олгоно уу гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Оын Б “... Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын гал түймрийн улсын байцаагч хошууч М нь Улаанбаатар төмөр замд 1.660.500 төгрөгийн хохирол учруулсан. Тэрээр хууль бусаар өөрт авч ашигласан 1.660.500 хохирлоо 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны 405011821 дугаарын дансанд тушааж хохиролгүй болгосон” /хх-н 17-22/,

гэрч Д Ш “... М манай байгууллага дээр ирээд, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ганзам 11 дүгээр дэлгүүр, цайны газар нийт 12 ажлын байрны галын дүгнэлт гаргаж өгсөн гэж манай байгууллагаас 480.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 6-нд 3 дэлгүүр, 2 агуулах байрны галын дүгнэлт гаргаж өгөөд 200.000 төгрөг бэлнээр авсан. Мад бэлнээр 680.000 төгрөг хүлээлгэж өгөхдөө мөнгө хүлээлгэж өгсөн баримт дээр өөрийнх нь албаны үнэмлэх гарын үсэг, тамга тэмдэг даруулсан. Ажлын байрны галын дүгнэлт гаргасан улсын байцаагч өөрийн тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан болохоор бэлнээр өгсөн” /хх-н 3-4/ гэж,

гэрч Д Ш “... 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар төмөр замын доод хяналт аудитын албаны байцаагч Цагаанбанди над руу утсаар залгаад Улаанбаатар төмөр замын хүүхдийн секторт шалгалт хийж байхад танай байгууллагын гэрээт онцгой байдлын газрын гал түймэрийн улсын хяналтын байцаагч хошууч М сургалт зохион байгуулсан нэрээр бэлэн мөнгө авсан байна, энэ талаар замын даргын тушаал гэрээ байвал авч ирээд тайлбар хий гэхээр нь би очсон. Тэгээд замын даргын 2013 оны 12 дугаар сарын 9-ны а/306 тоот тушаал хавсралтын хамт очиж үзүүлсэн. Энэ тушаал хүчинтэй тохиолдолд танай байгууллага сургалт хийсэн бол бэлнээр болон хувь дансаар авах ёсгүй төлбөр авсан тохиолдолд төмөр замын байгууллагууд хоорондын тооцоогоор төлбөр тооцоо хийнэ. Өөр бусад аж ахуй нэгж байгууллагуудаас ийм аргаар төлбөр тооцоо авч байсан талаар асууж лавлаарай гэсэн. Энэ талаар байгууллагын дарга Давхарбаярт мэдэгдсэн. Би Улаанбаатар төмөр замын нийт 27 аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогч нартай холбогдож асуухад 9 аж ахуй нэгж байгууллагт сургалт орж ажлын байрны дүгнэлт гаргасан нэрээр нийт 1.660.500 төгрөгийг авсан байсан. Манай байгууллагын дансанд одоогийн байдлаар нэг ч төлбөр тооцоо мөнгө ороогүй. Манай байгууллагын гэрээт улсын байцаагч М замын даргын тушаалыг үндэслэж мөнгө авсан бол манай байгууллагын дансанд мөнгө нь орох ёстой тиймээс дээрх 1.660.500 төгрөгийг манай байгууллагын дансанд орно. Албаны дарга Б.Давхарбаяр үүрэг болгосны дагуу Улаанбаатар төмөр дотоод хяналт, аудитын албанд С.Мтай холбоотой талаар материал албан бичгийг өгсөн” /хх-н 7/ гэж,

гэрч Б Э “... улсын байцаагч М 2017 оны 11 дүгээр сард манай эмнэлгийн харъяа Мандал их эмчийн салбарын байшингийн дээвэр шатсан тал дээр ямар учир шалтгаанаар шатсан эсэхийг тодруулах хэрэгтэй байсан учир М байцаагч очиж үзсэн. Тэгээд энэ талаараа аж ахуйн дарга Чимгээд хэлсэн байсан. Дараа нь Мандал их эмчийн салбарын дүгнэлт гаргаж өгөөд манай эмнэлэг диализийн аппарат ажиллуулах тендэрт оролцоход галын дүгнэлт шаардлагатай байсан учир улсын галын байцаагч Мад хандаад дотрын 3 дугаар тасагт галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан. М байцаагч ахмадын тасаг буюу оншилгооны байрыг өөрөө үзүүлж явж байгаад энэ байранд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэж хэлээд дүгнэлт гаргаж өгсөн. Энэ гурван байрны дүгнэлт гаргасан гэж манай байгууллагаас 120.000 төгрөгийг аж ахуйн дарга Чимгээгээс авсан. Тэгэхээр нь би яагаад бэлэн мөнгө нэхээд байгаа юм төмөр замын байгууллагууд хоорондын тооцоогоор төлбөр тооцоогоо хийдэг гэсэн чинь М  байцаагч заавал бэлнээр мөнгөө авна гэсэн. Би аж ахуйн дарга Чимгээд дараа тайлангаар авсан мөнгөнөөсөө өгчих, өгсөн талаараа баримт гарын үсэг зуруулж аваарай гэж хэлсэн. Мөнгө хүлээлгэж өгсөн баримт нь 2017 оны 12 дугаар сарын санхүүгийн тайланд үдэгдсэн” /хх-н 8/ гэж,

гэрч Ц С “... М манай байгууллага дээр 2017 оны эхний хагас жилд сургалтын төлөвлөгөөний дагуу ирж сургалт явуулсан. Сургалтын төлбөр гэж 40.000 төгрөг бэлнээр Мад олгосон. Бэлэн мөнгөний зарлагын баримтад Мын иргэний үнэмлэх мөнгө хүлээж авсан өөрийнх нь гарын үсгийн зуруулж тайланд хавсаргасан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 16-нд Агуйт зөрлөгөөс Улаанбаатар 2 өртөө хүртэл нийт 14 ажлын байрны дүгнэлт гаргаж өгч дүгнэлтийн төлбөрийг өөрийн хувийн данс болох ХААН банкны 5019027415 тоот дансаар 560.000 төгрөгийн нэхэмжлэлийг манай байгууллагад ирүүлсэн. Өртөөний дарга Ц.Цогтод танилцуулахад мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар өртөөний Төрийн банкны 104600651399 тоот харилцах данснаас 504.000 төгрөгийг Мын хувийн дансанд шилжүүлсэн” /хх-н 9/ гэж,

гэрч Ц М “... 2017 оны 9 дүгээр сарын 12-нд Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн албаны онцгой байдлын Гал түймэрийн улсын байцаагч М манай байгууллага дээр Гал түймэрийн аюулгүй байдлын талаар 2 цагийн сургалт явуулсан. Сургалтанд манай байгууллагын ажлаас чөлөөтэй 51 ажилтан оролцсон. Тухайн сургалтын төлбөр гэж 90.000 төгрөгийг касснаас бэлнээр олгосон. Урьд нь манай байгууллагад сургалт орж байгаагүй болохоор өмнө нь мөнгө төгрөг авч байгаагүй. Байгууллага хоорондоо гүйлгээ болон төлбөр тооцоог хоорондын тооцоогоор шилжүүлдэг бэлнээр төлбөр тооцоо хийдэггүй” /хх-н 10/ гэж,

гэрч Р А “... дохиолол холбооны 2 дугаар ангийн 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу галын аюулгүй байдлын талаар Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанаас улсын байцаагч М манай ажил дээр ирж 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мөн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд галын аюулгүй байдлын талаар манай ажлын газарт сургалт орсон. Тухайн сургалтын төлбөр гэж 85.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Түүнд бэлнээр өгсөн холбогдох баримт байгаа. Би 2016 оны 9 дүгээр сард дохиолол холбооны 2 дугаар ангид томилогдож ирсэн. Намайг ирснээс хойш дээрх мөнгө шилжүүлнээс өөрөөр төлбөр мөнгө шилжүүлж байгаагүй” /хх-н 11/ гэж,

гэрч А Б “... 2017 оны 4 дүгээр сарын 20, 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд Улаанбаатар төмөр замын улсын байцаагч хошууч М манай байгууллага дээр ирж галын аюулгүй тухай байдлын тухай сургалт орсон. Энэ сургалт орсон гэж сургалтын төлбөр 136.800 төгрөгийг С.Мын ХААН банкны 5019027514 дансанд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Төмөр замын байгууллага хооронд тооцоо хийхдээ авлагатай байгууллага нэхэмжлэл явуулсны үндсэн дээр төлбөр төлөх байгууллага хоорондын тооцоогоор төлбөрийг барагдуулдаг” /хх-н 12/ гэж,

гэрч Б М “... манай байгууллага дээр Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албанаас С.М, Улаанбаатар төмөр замын удирдах газрын хөдөлмөр хамгаалалтын байцаагч Л.Оюунчимэг нар 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ирж галын аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн талаар сургалт явуулж, сургалт орсны төлбөр гэж нийт 150.000 төгрөг, Л.Оюунчимэг 100.000 төгрөг, С.М нь 50.000 төгрөгийг сургалтын төлбөр гэж авсан. Байгууллагын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарын зөвшөөрлөөр бэлэн мөнгө гаргадаг. Бэлнээр мөнгө өгөхдөө кассанд үлдэгдэл мөнгөнөөс 150.000 төгрөгийг бэлнээр гарын үсэг зуруулж өгсөн талаар баримт нь байгаа” /хх-н 13/ гэж,

гэрч Л О “... Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албанаас шинээр манай байгууллагыг хариуцаж ажилладаг Гансүх онцгой байдлын улсын хяналтын галын байцаагч хошууч С.М нар ирж 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай ажил дээр галын үзлэг шалгалт хийсэн. Шалгалт хийж дуусаад бүх ажилтан нараа цуглуул гээд галын аюулгүй тухай байдлын тухай сургалт орсон. Сургалтын төлбөрт 50.000 төгрөг өгсөн гэсэн. Бид нарт бэлэн мөнгө байдаггүй албаны удирдлага нарт танилцуулж байгаад авч өгье гэхэд М, Гансүх бид 2 өнөөдөр цай уугаагүй цайны газартаа хоол хийлгээд өгөөч гэхээр нь тогоочид хэлээд бууз жигнүүлж өгсөн. Тэгээд М ажил руу хүргэж өгөх машин тэрэг гаргаж өг гэхээр нь манай дарга Д.Нэргүй машин байхгүй, такси бариад яв гэж 10.000 төгрөг М байцаагчид өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 19-нд албанаас 50.000 төгрөг гаргаж өгсныг би Мад байцаагчид мөнгийг нь өгөх гээд ирсэн боловч тэрээр байхгүй болохоор хамт ирж хамт ирж сургалт орсон Гансүх байцаагчид өгөх гэсэн чинь би наад мөнгийг чинь авахгүй М байцаагчид өг гэсэн. Хэд хоногийн дараа М  байцаагч над руу утсаар залгаад сургалтын мөнгө яасан бэ, би гадуур ажилтай явж байна, чи миний данс руу мөнгөө шилжүүл гээд ХААН банкны 5019027415 гэсэн хоолны мөнгө болон таксины мөнгийг хасч 30.000 төгрөгийг манай энхэрийн 5003395409 дугаарын данснаас шилжүүлсэн” /хх-н 14/ гэж,

гэрч Б Г “... 2015 оноос өмнө байгууллагын дотоод журмаар Замын даргын А306 дугаар тоот тушаалаар сургалт зохион байгуулсан галын дүгнэлт гаргасны төлбөр авдаг байсан. Гэхдээ бэлнээр бус байгууллага хоорондын тооцоогоор авдаг юм. 2016 оноос галт түймрийн галын байцаагчийг Онцгой байдлын ерөнхий газраас гэрээгээр авч ажиллуулж эхэлсэн, үүнээс хойш дотоод хяналтын байцаагч төлбөлт сургалт явуулах, дүгнэлт зөвшөөрөл гаргахыг хориглосон, галт түймэрийг улсын байцаагчнар хуулийн хүрээнд сургалт зохион байгуулах учраас үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа, Галын аюулгүй байдлын тухай хуулинд урьдчилан сэргийлэх сургалт үнэ төлбөргүй зохион байгуулахаар заасан байдаг. Замын даргын А306 дугаар тушаалаар уг дүгнэлт гаргасан, сургалт орсон төлбөр нь УБТЗ-ын дансанд орж байгаа, манай байгууллага УБТЗ-ын харьяа байгууллага болохоор манай дансанд нөхөн төлүүлсэн. М урьдчилан сэргийлэх сургалт үнэ төлбөргүй явуулах ёстойг мэдэж байсан боловч Галын байгууллага хоорондын дансаар шилжих төлбөрийг өөрийн дансаар авч хохироосон байсан. Гэрээ 2018 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр дууссан байгаа. Гэрээнд сургалт зохион байгуулахыг заасан боловч, төлбөрийн асуудлыг тусгаагүй” /хх-н 122-123/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч байгууллагын төлөөлөгч, гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд нь хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч С.Мын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцнэ.

Түүнчлэн шүүгдэгч С.М албан тушаалын байдлаа ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хуулийн энэ зүйл хэсэгт ялын санкц нь торгох, эсхүл хорих ял байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Мад торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч С.Мад ял оногдуулахдаа түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзав.

 

Харин түүний ахуй амьдралыг харгалзан, цаашлаад торгох ял бодитой биелэгдэх үүднээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С.М цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Сийн Мыг “хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. С.Мад оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 833.333 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. С.М торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. С.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Мад урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ