| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0888/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 209
Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1773 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаар магадлалтай, Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт холбогдох 1902001010086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Талын говь” ХХК-нд менежер ажилтай,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Б овогт Х.Б,
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Саян-Уул” ХХК-нд орчуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б.Б,
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, “Туг.мн” сайтад орчуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Э,
Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нислэгийн хөдөлгөөний удирдагч мэргэжилтэй, “Их Монгол хадаг” ХХК-ны захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Т.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Х.Б-г хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгөх, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б, Б.Э, Т.Э нарыг хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих хугацаагаар хорих ял, Б.Б, Т.Э нарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Х.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Б, Т.Э, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр...” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ганбат, Н.Намжилцогт, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүгдэгч Т.Э нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Х.Б нь хэдийгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болон түүний түүхий эд болох өвстэй холбоотой хэрэгт холбогдсон боловч гэмт хэрэгтээ дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа цаашид амьдралдаа бодит зорилго тавин амьдарч байгаа, найз нөхөддөө мансууруулах төрлийн өвстэй холбоотой гэмт хэргийн хор аюулын талаар байнга тайлбарлан сануулж байгаа зэргээс харахад ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан. Мөн тус гэмт хэрэгт холбогдохдоо 0-9 насны 2 охинтой байсан бөгөөд хүүхдүүдийн эх Х.Н нь Х.Б-с салж хүүхдүүдээ орхин хаяж явсан. Х.Б-н үйлдлийг харахад мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцод заагдсан онц аюултай мансууруулах бодис биш зөвхөн өвсний асуудал байсныг дурдах нь зүйтэй. Тус олон улсын гэрээ, конвенцод заасны дагуу Х.Б-н нийгэмшүүлэх байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл онолын хувьд харагдаж байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан 5 жил 6 сарын хаалттай хорих байгууллагад эдлэх ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Иймд тэдэнд оногдуулсан ял тохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт худалдаалах зорилготой, зорилгогүй гэсэн хоёр шинж бий бөгөөд сэдэлтийн хувьд өөр ойлголт юм. Хэдийгээр нэг үйлдлээр “өвс” гэх нэршилтэй ургамлыг түүж авч ирээд шавар болгож заримыг нь худалдаалж, заримыг нь бусдад өгсөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бие даасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд 2 хэсэг гялгар ууттай, нийт 3.83 грамм жинтэй, “Шавар” гэх нэршилтэй, сонингийн цаасанд ороосон, 18.7 грамм жинтэй, “Тоос” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 0.1 грамм жинтэй, “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Э-т өгсөн, 1.38 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Э-т худалдсан, 1.2 грамм жинтэй, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-д худалдсан,
Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар ороо, 23 дугаар байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 0.1 грамм жинтэй, "шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар ууттай 1.2 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,
Т.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 3 дугаар орцонд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.38 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Б.Э, Т.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх шүүгдэгч Х.Б-н үйлдсэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн атлаа хууль хэрэглээний алдаа гаргажээ.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас зэрлэг олсны ургамал түүж тоосыг ялган мансууруулах бэлдмэл боловсруулан бэлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дүгээр хэсэгт заасныг үйлдлээрээ хангасан байх ба мөн бэлдмэлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд худалдаалах зорилгоор хадгалж байгаад Б.Э-т өгсөн, заримыг Т.Э, Б.Б нарт худалдсанаар түүний үйлдэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд шилжсэн байна.
Х.Б-н үйлдсэн эхний гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болж хувирч хүндэрч зүйлчлэгдэхдээ үндсэн бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан хэвээр тул нэг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлсэн бүрэлдэхүүнээр түүнд холбогдох хэргийг давхардуулан зүйлчлэх шаардлагагүй болно.
Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг өөр, өөр эх сурвалжуудаас орон зай, цаг хугацааны ялгаатай нөхцөлд олж авсан, бэлтгэсэн, шалтгаан сэдэлт адил бус байгаа бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хэд, хэдэн удаа үйлдсэнд тооцож давхар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг дээрх дүгнэлт үгүйсгэхгүй.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-н үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг хэсэгчлэн хүлээн авч, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1773 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:
“Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих хугацаагаар хорих ял ... шийтгэсүгэй” гэснийг
“Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял ... шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР