Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0925/З |
Дугаар | 975 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 975
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч М.Дашхүү, түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгч С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нарыг оролцуулан нэхэмжлэгч М.Дашхүү нарын 4 иргэний нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Мэндийн Дашхүү
Нэхэмжлэгч: Сандагийн Санжмятав
Нэхэмжлэгч:Сономгалсаны Цэрэвсамбуу
Нэхэмжлэгч: Чимэдийн Одонхүү
Хариуцагч:Налайх дүүргийн Сонгуулийн хороо
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Найрамдлын гудамж
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэний дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг даалгуулах, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, тогтоолд өөрчлөлт орж зарим хэсэг хүчингүй болсонтой холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд хуульд заасан хугацаанд мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Дашхүү С.Цэрэвсамбуу, Ч.Одонхүү, Ч.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Одонхүү, Ч.Ганзориг бид Ардчилсан намаас Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдын олонхын санал авч, төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл Налайх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бидэнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “...нэр дэвшигч, сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо ... хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг баримтлах...” ёстой байтал өрсөлдөгч нөхөд болох Монгол ардын нам болон тэдний нэр дэвшигч нар сонгуульд оролцох этгээдийн баримтлах үндсэн зарчим болон сонгуулийн хуулийг зөрчиж, Сонгуулийн хороо болон Цагдаагийн байгууллагад зохиомол өргөдөл гомдол удаа дараалан гаргасан боловч тогтоогдсон зүйл байхгүй юм.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт “...Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах нь хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн бол тухайн зөрчил нь шүүхээс тогтоогдсон байхыг шаардана.
Гэтэл бидэнд холбогдуулан гаргасан гүтгэлгийн шинжтэй зөрчлийн талаарх өргөдөл гомдлын дагуу шалгаж, шүүхээр тогтоогдсон зүйл огт байхгүй, түүнчлэн дүүргийн сонгуулийн хороонд төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй байхад ийнхүү хууль зөрчиж, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан нь бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөж байна.
Сонгуулийн хуулийн үзэл баримтлал бол “шударга өрсөлдөөн”-ийг хангаж сонгогдох эрхээс гадна нийт ард түмний сонгох эрхийг хамгаалж байгаа болохыг анхааран үзэж, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.Дашхүү, нэхэмжлэгч С.Цэрэвсамбуу, Ч.Одонхүү, Ч.Ганзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
1. Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэний дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг даалгуулах;
2. Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах;
3. Тогтоолд өөрчлөлт орж зарим хэсэг хүчингүй болсонтой холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд хуульд заасан хугацаанд мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгуулах” гэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны дарга М.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Налайх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшсэн Мэндийн Дашхүү, Сономгалсангийн Цэрэвсамбуу, Чимэдийн Одонхүү, Чалхаагийн Ганзориг нарын дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Төлөөлөгчийн түр үнэмлэх олгох тухай” 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон түр үнэмлэх олгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд сонгогчдын хамгийн олон санал авсан 25 төлөөлөгчдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 89/3258 албан тоотод “...Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэдэд Ардчилсан намаас иргэдийн саналыг хууль бусаар татах зорилгоор гурил, будаа тараасан гэх 3 гомдол мэдээллийг хүлээн авч Цагдаагийн хэлтсийн зөрчлийн 3981, 4009, 4021 дугаар бүртгэн шалгаж байна” гэж ирүүлсэн. Дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан тоотыг Сонгуулийн хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцэж Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” гэсэн заалтыг үндэслэн дүүргийн сонгуулийн хороо нь хууль хяналтын байгууллагад Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн талаар шалгагдаж байгаа М.Дашхүүд Төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлсэн болно.
Энэ нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцсон зэрэг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хөндсөн хууль зөрчсөн шийдвэр бус тул дүүргийн Сонгуулийн хорооны хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож, тус дүүргийн 3 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Дашхүү 1319, Ч.Одонхүү 1239, Ч.Ганзориг 1206, С.Цэрэвсамбуу 1157 сонгогчдын санал тус тус авсан байна. Ийнхүү Налайх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 3 дугаар тойрогт нэр дэвшиж, хамгийн олон сонгогчдын санал авсан М.Дашхүү, Ч.Одонхүү, Ч.Ганзориг, С.Цэрэвсамбуу нарыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгосонд тооцсон боловч тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 89/3258 дугаар албан бичгийг хүлээн авсны дагуу дээрх 12 дугаар тогтоолын 3 дахь заалтаар нэхэмжлэгч 4 иргэнд Төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар маргаан бүхий тогтоолын 2 дахь заалтаар төлөөлөгчөөр сонгогдсон 25 хүнээс нэхэмжлэгч 4 иргэнийг хасч 21 хүнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч 4 иргэн Налайх дүүргийн Сонгуулийн хороонд төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй, ийнхүү түдгэлзүүлэх болсон нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн шүүхээр маргаж байна.
Сонгуулийн тухай хуульд сонгуульд ялалт байгуулсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг тухайлбал тэдэнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлэх харилцааг зохицуулаагүй, дүүргийн Сонгуулийн хороонд ийнхүү түдгэлзүүлэх эрх олгоогүй байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.7-д ““сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг”, 162 дугаар зүйлийн 162.2-т “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж тус тус заасны дагуу гагцхүү шүүхээс Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдгийг тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай харилцааг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл дүүргийн Сонгуулийн хороо хуулиар өөрт нь олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, төлөөлөгчдөд түр үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Ийнхүү захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчим болон маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмуудыг баримталж ажиллаагүй байна хэмээн шүүх дүгнэлээ.
Мөн маргаан бүхий тогтоолыг гаргахдаа дүүргийн Сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцээгүй байна. Орон нутгийн сонгуулийн бүх баримт Нийслэлийн Архивын газарт шилжсэн бөгөөд шүүхээс хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн баримт бичгийн үзлэгээр маргаан бүхий тогтоолыг хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл баримтууд дунд байгаагүй болно. Харин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тэмдэглэлийг хариуцагч нөхөн гаргаж өгжээ хэмээн дүгнэж, тус баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрсөн байна.
Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно”, 161.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, хамгийн олон сонгогчдын санал авсан нэхэмжлэгч М.Дашхүү, Ч.Одонхүү, Ч.Ганзориг, С.Цэрэвсамбуу нарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгож, тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд мэдээлэх нь зүйтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тус тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг, нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нарын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон нийслэл, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дашхүү, С.Цэрэвсамбуу, Ч.Ганзориг, Ч.Одонхүү нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооноос 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН