Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0352

 

“Э Г” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0245 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******ийн  гаргасан давж заалдах гомдлоор, “Э Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0245 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрх хүссэн өргөдөл дээрх хэмжээгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Э Г” ХХК-д 9983 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх нэмж олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Э Г” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дэргэдэх газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн боловч тухайн газарт нэгэнт өмнө нь олгогдсон буюу Баянгол дүүргийн Засаг даргын удаа дараагийн захирамжтай иргэн Г.Т-гийн эзэмшил газартай давхцалтай байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн энэ талаар “Э Г” ХХК-ийн зөвшөөрсөн албан бичиг болон Геоид ХХК-иар хийлгэсэн 66260.4 м.кв газрын кадастрын зургийг ирүүлсэн байдаг нь энэхүү газрын хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү албан бичиг болон кадастрын зургийг үнэлж дүгнэсэнгүй. Нэхэмжлэгч “Э Г” ХХК нь төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүй хашаалан эзэмшиж ашиглаж байсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус зөрчиж байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд нь Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй байх тул хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсэн нь өрөөсгөл юм. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/561 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахгүй юм. “Э Г” ХХК нь 2005 оноос одоогийн ашиглаж буй газраа 7.6 га хэмжээгээр хашаалан үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэх боловч энэ хэмжээгээрээ газрын төлбөр огт төлж байгаагүй, төрийн өмчийн газрыг үнэгүй эзэмшиж, ашиглаж байсан нь хууль зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй байна. Мөн нийслэлийн Засаг даргын зүгээс иргэн Г.Т-д газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын удаа дараагийн захирамжуудыг хууль бус болохыг мэдээгүй, нэгэнт газар эзэмших эрх олгогдсон, мэдээллийн санд бүртгэгдсэн байсан тул нийслэлийн Засаг дарга “Э Г” ХХК-ийн хүсэлтийн дагуу бусдын эзэмшил газарт давхцуулан газар эззмших эрх олгох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Э Г” ХХК нь “Баянгол дүүргийн Засаг Даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э Г” ХХК-ийн хүсэлт гаргасан 76243 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 9983 м.кв газар нэмж эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э Г” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/72, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон газар дээрээ “М Э” ХХК болон иргэн Ж.Ц-ны эзэмшиж байсан газрыг нэмж нэгтгэн нийт 7.6 га газрыг эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтээ 2009 онд гаргасан, нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэн тус компанийн эзэмшихийг хүссэн 76413 м.кв газрыг мэдээллийн санд 2009 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэгж талбарын 18636308022355 дугаарт бүртгэсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч компани нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болон 05 дугаар сарын 21-ний өдөр 7.6 га талбайн хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргасныг Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх боловч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр “Э Г” ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулж олгохдоо 66260 м.кв болгож багасгасан нь хуульд нийцээгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүх хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 12 захирамжийн хууль зүйн үндэслэлд дэлгэрэнгүй тайлбар хийж нэр бүхий этгээдүүдэд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ байршлыг нь өөрчилдөг, хүсэлт гаргаагүй байхад үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлдэг, газрын хэмжээ байршил, эргэлтийн цэг тодорхойгүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй, гуравдагч этгээд Г.Т-гийн 2 нэгж талбартай газарт 1 гэрчилгээ олгосон зэргээр тус дүүргийн Газрын албаны удаа дараагийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.5, 34.6.3-т заасныг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын удаа дараагийн захирамжтай иргэн Г.Т-гийн эзэмшил газартай давхцалтай байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 7.6 га газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй байхдаа зөвшөөрөлгүй хашаалсан, уг хэмжээгээр газрын төлбөрөө төлж байгаагүй зэргээр буруутай байх боловч уг үндэслэлээр 9983 м.кв газрыг нэмж эзэмшүүлээгүй бус гагцхүү гуравдагч этгээд Г.Т-д олгосон газартай давхацсан гэх үндэслэлээр татгалзсан байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд нь Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй байх тул хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй хэмээн шүүх дүгнэсэн нь өрөөсгөл” гэх гомдол  үндэслэлгүй.

 Ийнхүү нэхэмжлэгч “Э Г” ХХК нь 2009 болон 2016 онд газар ээзмших хүсэлтээ гуравдагч этгээд Г.Т-гээс түрүүлж гаргасан байхад нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газарт Г.Т-гийн нэр дээр 9125 м.кв газрыг давхцуулан 2016 оны 06 дугаар сард мэдээллийн санд анх удаа бүртгэсэн газрыг эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг Даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/366 дугаар захирамжийн холбогдох хэсэг хууль зөрчсөн, уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн Г.Т-д холбогдох хэсэг мөн хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН