Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 117

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

 Хурал болон Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, тус аймгийн

Эрдэнэцогт сумын Засаг дарга нарт тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай 6/4 тоот тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г тус тус хүчингүй болгуулж, Ч ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах”

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 121/ШШ2019/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.О, Ц.С, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Э.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 121/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 26 дугаар зүйлийн 26.1-26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.3.1-27.3.3, 27.4.1-27.4.7, 27.5-27.7, 29 дүгээр зүйлийн 29.1-29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, тус аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай 6/4 тоот тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ-г тус тус хүчингүй болгуулж, Ч ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай 6/4 дугаарын тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг тус тус хүчингүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар уг захиргааны хэргээс Ч ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараахь гомдол гаргаж байна.

4. Магадлалд “...гэрээ хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй” гэжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсэгт “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нэхэмжлэлийн шаардлага хамаарна” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргана” гэж тус тус заажээ. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд “Ч” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын нэхэмжлэлийн шаардлагад хамаарахаар хуульчилсан байна.

6. Хариуцагч талаас дээрх гэрээг автоматаар цуцлагдсан учраас хүчингүй болсон гэж тайлбарлан маргасан ба нэхэмжлэгчийн хувьд энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзээд нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг  тогтоолгохоор маргаан гаргасан. Өөрөөр хэлбэл талууд эрх зүйн харилцаа байгаа эсэх асуудалд маргасан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас, “Ч” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дугаартай “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

9. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргатай “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-ХО-01”-г байгуулсан байх ба уг гэрээний дагуу хөрөнгө оруулагч болох “Ч” ХХК нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын захиргаа, түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг барилгуудыг нэгдсэн дулаанаар хангах халаалтын зуухны барилгыг барьж, нэгдсэн шугамд холбох, цаашид ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах, үйл ажиллагаанаас олсон ашгийг 100% авахаар тохиролцон, 2014 оны 11 дүгээр сард инженерийн хийцтэй дулааны шугам сүлжээ /уурын зуух/-г ашиглалтанд оруулж, уг гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан боловч хариуцагчаас нэхэмжлэгч компанийг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тоот тогтоолоор инженерийн хийцтэй дулааны шугам сүлжээг хувьчлахаар шийдвэрлэжээ.

10. Улмаар дээрх тогтоолын дагуу уралдаант шалгаруулалт явуулж, “Марал гүн” ХХК-ийг шалгаруулан, тус компанитай “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд Эрдэнэцогт сумын Засаг дарга нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2014 оны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 тоот гэрээг цуцлах болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

11. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч “Ч” ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/4 тоот тогтоолтой марган, хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахыг, 106 дугаар зүйлийн 106.3.5-д шүүх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргахыг хуульчилсан, тодруулбал нэхэмжлэгчийн гаргасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

13. Гэтэл анхан шатны шүүхээс “гэрээний хүчин төгөлдөр эсэх”-тэй холбоотой нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”-д хамаарч байх тул уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэхээр байна. ...Маргааны эх үүсвэрийг шийдвэрлээгүй байхад гэрээний үүргийг үргэлжлүүлэхийг холбогдох албан тушаалтанд даалгах боломжгүй” гэсэн хуульд нийцээгүй дүгнэлтүүд хийж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.

14. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн эдгээр шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 121/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 631 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                М.БАТСУУРЬ

                                           ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА