Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 650

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.С

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805034980679 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, МCS Коко кола ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Улаантолгойт 9 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, ялгүй, УШ91082191 дугаарын регистртэй, Боржигон овогт Бын С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.С 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки-21” нэртэй баарны гадна хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ надад хүн зодоё гэсэн санаа бодол байгаагүй. Хохирогчтой маргалдаж муудалцаад ийм юм боллоо. Цаашид өөртөө анхаарах болно. Хохиролд 508.000 төгрөг өгсөн гэв.      

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Бийн Б “... 2018 оны 6 дугаар сарын 22-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лаки 21 гэх нэртэй пабд найз Жангарын төрсөн өдөр болоод очсон. Тус пабын төв зааланд найзуудтайгаа сууж байтал, С гэх залуу мөн хэдэн хүнтэй гаднаас орж ирсэн. Тус пабыг ажиллуулдаг Тамирааг С гэх залуу таньдаг юм байна лээ. Пабд орж ирээд найз Тамираатай гар барьж мэндлээд хоёр ширээний цаана очин сууж үйлчлүүлсэн. Тамхины өрөөнд орж ирээд тамхи татахад С нэг хүнтэй маргалдаад байсан. Би дотор маргалдахгүй гэж хэлсэн чинь С нүүр рүү нэг удаа цохиод гадагш гарсан. Би араас нь гадаа гараад учраа олох гээд зогсож байтал нүүр рүү нэг удаа цохьсон. Би зугтаад гүйсэн чинь араас хөөж байгаад зодсон. Кастел баарны замын урд хааж очин нүүр нүдгүй цохиж, газар унагаж байгаад дэвссэн. Хажууд явж байсан хэдэн охидууд ирж салгасан. Эргүүлийн цагдаа таарч Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст авчирсан” /хх-н 10-11/ гэж,

гэрч Б Ч “... 2018 оны 6 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Лаки 21 нэртэй пабд ажлынхантайгаа орж үйлчлүүлсэн. Ороод удаагүй байхад 5 хүн яваад 3 хүн үлдсэн. Тухайн пабд 0.5 граммын нэг шил виски, ус ундаа авсан. Бид дөрөв ширээн дээр сууж байсан би тамхи татах гээд гадаа гарсан чинь гадаа С нэг эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр маргалдаж байсан эрэгтэй Сгийн хамар руу нэг удаа цохиод гүйсэн, араас нь С гүйж, би араас нь салгах гээд гүйсэн. Гурван замын уулзвар дээр очоод Б гэх залуу, Стай барилцаж авсан би салгасан. Удалгүй дахиж маргалдсан нэг нэгийгээ цохиод дийлдэхгүй байсан. Хажууд нь байсан танихгүй хүмүүс тэр хоёрыг салгасан. Тэгээд С буцаад Лаки 21 паб руу явсан, Б хамраа дараад үлдсэн. Би Сгийн араас дагаад явж байтал хажууд салгаж байсан хүмүүс хажуугаар явсан цагдаагийн машиныг дуудаад намайг Б гэх залууг зодсон гэж хэлээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. С, Б хоёрыг мөн цагдаагийн хэлтэс дээр авчирсан” /хх-н 16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Бий гэмтэлтэй холбоотой “Б.Бий биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхины цус хуралт, баруун чихний ар, хүзүү, баруун мөрний ар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 19/ гэсэн 8023 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Б.Сг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 60/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Бын Сг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.С торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Сд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ