| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2405000001086 |
| Дугаар | 2025/ДШМ/329 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/329
2025 03 13 2025/ДШМ/329
О.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Анхбаяр,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405000001086 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О.М, 1996 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт ...... тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 310 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 12 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, үлдэх 12 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 333 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 8 cap 27 хоногийн ялыг дүйцүүлэн хасаж тогтоож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ХМШЗ/58 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 cap 24 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө сулласан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД: ................../,
Шүүгдэгч О.М нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 6 дугаар гудамжинд БНХАУ-ын иргэн В-н Iphone 15 маркийн гар утсыг булааж, хүзүүгээр нь боож унагаан халааснаас нь Манжийн үеийн хийцтэй зааны ясан халбага, алтан нуух, улаан шүрэн толгой, шувуу, модны сийлбэртэй хөөргийг хүч хэрэглэн авч дээрэмдэн хохирогч Вд 15,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Мийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Мийг баривчлагдсан, цагдан хоригдсон 140 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Samsung A51 загварын rap утсыг О.Мд буцаан олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Мөөс 3,800,000 төгрөг гаргуулж Вд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хэрэг үйлдсэн цагаасаа эхлэн өөрийн хийсэн хэрэгт гэм буруугаа хүлээдэг бөгөөд ихэд гэмшдэг. Мөн өөрийн учруулсан гэм хорын төлбөр 15,800,000 төгрөгийн хохирлоос 12,000,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж, буцаан өгсөн. Үлдэгдэл 3,800,000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулах нөхцөл бололцоогоор анхнаас нь хангаж өгөөгүй. Миний бие уг 3,800,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж, гэм буруугийн тал дээр ямар ч маргаангүй оролцсон. Би өөрийн хийсэн хэрэгт туйлын ихээр гэмшдэг. Иймд эрхэм шүүгч та бүхэн энэхүү байдлыг минь харгалзан үзэж, боломжийн хэмжээгээр ялаас минь хасаж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч О.М нь өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогчийн биед халдаж гэмт хэрэг үйлдээгүй гэж анхнаасаа мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэрэл зургийг талаар ярьж байна. 2 дугаар гэрэл зургийн үзүүлэлт дээр хохирогчоос эд зүйлийг булаагаад зугтааж байгаа гэсэн камерын бичлэгээс авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд байдаг. Дээд тал нь хохирогчийг дагаж явж байгаа камерын бичлэг байгаа. Гэтэл 2 дугаар гэрэл зургийн үзүүлэлтийн камерын бичлэг авагдаагүй байдаг. Хохирогчийг боож унагааж байхад тодорхой хэмжээний цаг хугацаа орсон. Энэ хугацааг тэгэх боломжтой юм уу гэдэг байдлаар гэрэл зургийг нь авсан боловч камерын бичлэгийг хавсаргаагүй. Мөн хохирогч “би зүүн гараараа утсаа бариад явж байсан. Гэтэл гэнэт утас булааж аваад намайг боож унагаасан” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд зүүн гар нь шалбарсан гэж дүгнэсэн. 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилсон. Уг хэрэг нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 4 цагт гарсан. Анх гомдол гаргаад шинжээч томилуулаагүй. Заавал хэсэг хугацааны дараа шинжээч томилуулсан нь эргэлзээтэй. Мөн миний үйлчлүүлэгчийн үйлдлийг зөвхөн хохирогч БНХАУ-ын иргэний мэдүүлэгт үндэслэсэн хүндрүүлэн зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлэг нь эх сурвалжтай байна, эх сурвалжаа нотолсон бол гэж заасан. Хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа. Мөрдөгч Б.Төгөлдөр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа миний үйлчлүүлэгчийг эрүүдэн шүүсэн. Энэ нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж яллагдагчаар татагдаж, шүүх дээр хэрэг нь байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийхдээ миний үйлчлүүлэгчийн биеэс гарсан энэ хэрэгт хамааралтай байх магадлал өндөр мөнгийг завшсан үйлдлүүд байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тогтоож нэгтгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн Б.Төгөлдөрийн авсан мэдүүлэг, тайлбарууд нь эрүүдэн шүүж авсан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг дараа нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж гомдол гаргаж явахгүй нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл буруу, ял хөнгөрүүлэх, эрүү шүүлт тулгасан зэрэг 3 асуудлын талаар дурдаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахдаа камерын бичлэгийг шинжлэн судалсан. Дээрх камерын бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцсэн гэж үзэж байгаа. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг довтолсон, хүч хэрэглэсэн үйлдэл хаана байгаа юм бэ гэдэг талаар нэлээн маргалдсан. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр энэ тайлбарыг хэлдэг. Гэвч нотлох баримт шинжлэн судлахад хохирогч унаж тусахаар хэмжээний согтолттой байгаагүй нь харагддаг. Дээрээс нь 2 өөр газрын камер байсан учраас 2 камерын цагийн зөрүү нь компьютероосоо шалтгаалаад өөр байгаа. Тэгэхээр зөрүү гарах боломжгүй нөхцөл байдал байдаг. Мөн гар утас болон хөөрөг алдагдсан асуудал байгаа. Хохирогч “гар утас аваад боож унагаагаад халааснаас хөөрөг авсан” гэж мэдүүлдэг. Хохирогчийн уг мэдүүлгийг О.Мийн мэдүүлэгтэй харьцуулж үзвэл О.Мийн үнэнд ойр биш байхаар мэдүүлэг байгаа. Учир нь, логик дарааллын хувьд хэрэв эд зүйл алдсан нөгөөх нь унагаасан бол аваад буцах ёстой байсан атал араас нь дагаж яваад гар утсыг нь булааж авсан асуудал байдаг. Тэгэхээр логик алдаатай мэдүүлэг өгсөн бөгөөд нотлох баримтуудаар нотлогдоогүй. Мөн хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн биеэ авч явж байсан байдал нь тогтоогдоогүй. Тэгэхээр шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан үзнэ. Хоёрдугаарт, ял хөнгөрүүлэх тухайд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. О.Мийн хувьд хохирол төлбөр гүйцэт нөхөн төлөөгүй. Гэхдээ төлөхөө илэрхийлж байна. Гэвч зүйлчлэл, гэм буруугийн хэлбэр дээр маргаж байгаа. Тиймээс ял хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гуравдугаарт, эрүү шүүлт гэсэн үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлээгүй. Миний мэдэж байгаагаар хууль бусаар баривчилж саатуулсан. Мөн шүүгдэгч О.Мийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэж өгөхөд түүний биеэс гарсан эд зүйлийг мөрдөгч хүлээлгэж өгсөн. Дээрх мөнгөний зарцуулалтын асуудал яригдаж байгаа. Түүнээс О.Мөөс мэдүүлэг авахаар эрүүдэн шүүсэн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М хамтарч ажиллана гэж мэдэгдээд хөөрөг хаана байгаа, хэнд зарснаа хэлж өгье гээд нэг хашаа руу ороод үүдэнд нь хүлээж байсан мөрдөгчөөс хаашаа даваад зугтаасан, унасан нөхцөл байдлууд тэр хэрэгт шалгагдаж байгаа. Аль шүүхэд шилжүүлсэн, ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл байхгүй. БНХАУ-ын иргэн хохирсон энэ хэрэгт дээрх асуудал хамааралгүй гэж үзээд нэгтгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Энэ хэргийн шийдвэрлэлт болон тэр хэргийн шийдвэрлэлт хоёрын хооронд зүйлчлэл өөрчлөгдөх, хэргийн хувь заяа өөрчлөгдөх асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч О.М нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 6 дугаар гудамжинд БНХАУ-ын иргэн Вы Iphone 15 маркийн гар утсыг булааж, хүзүүгээр нь боож унагаан халааснаас нь Манжийн үеийн хийцтэй зааны ясан халбага, алтан нуух, улаан шүрэн толгой, шувуу, модны сийлбэртэй хөөргийг хүч хэрэглэн авч дээрэмдэн хохирогч Вд 15,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Вы “... би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах X аппартмент хотхонд найзындаа очиж, хоёр найзын хамт Экс нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хувааж ууж сууж байгаад 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед тэндээсээ найзын хамт гараад таксинд суугаад Бөхийн Өргөө орчим буугаад гадаа их сайхан цаг агаартай байсан учраас тэндээсээ явган алхсан ба Барилгачдын талбай орчим гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байхдаа ардаас нэг хүн дагаад байгаа юм шиг санагдаад анзаараад хартал намхандуу залуу согтуу алхаж байх шиг байхаар нь тоолгүй тэр чигээрээ алхаад Бөмбөгөр худалдааны төвөөр ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаад зам гараад Гандангийн цементэн шатаар гудамж руу өгсөж байхдаа ард талаа хальт анзаарахад нөгөө согтуу алхаад байсан залуу ард явж байхаар нь бага зэрэг айгаад за зүгээр байлгүй дээ гээд тоохгүй алхаад гудамж руу ороод нэлээн алхаж байгаад гар утсаараа хүн рүү залгах гээд гаргасан чинь гэнэт нэг хүн гараас булааж авснаа намайг хүзүүнээс боож унагаагаад халаас руу гараа хийгээд миний ууттай хөөргийг аваад зугтаасан ба би чадлаараа араас нь гүйгээд барьж чадаагүй үлдсэн. Тэгээд тэр намайг дээрэмдсэн гэх хүнийг харахад намайг араас дагаад байх шиг байсан залуу байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би бага зэрэг согтолттой байсан. Гэхдээ хүн таних чадвартай байсан. Миний хоолойг боосон. Мөн Манжийн үеийн хийцтэй 2019 онд Бүгд Найрамдах Хятад улсаас дан хөөргийг 15,000,000 төгрөгөөр худалдаж аваад Монгол улсад зааны ясан халбага, алтан нуух, улаан шүрэн толгойтой, өөр дээрээ шувуу, модны сийлбэртэй нийт 20,000,000 орчим төгрөгийг өртөгтэй хөөрөг, мөн 2024 оны 04 дүгээр сард Tedy rap утас худалдааны төвөөс 4,800,000 төгрөгөөр худалдаж авсан Iphone 15 pro max загварын rap утсаа алдсан. ... Би харвал танина. Нэлээн намхан нуруутай, гонзгой царайтай, цайвар цэнхэр цамцтай, хар өмдтэй хүн байсан санагдаж байна. ...” /хх 29-30/,
“... миний араас боогоод шууд зүүн гартаа барьсан байсан Iphone 15 promax загварын rap утсыг булааж аваад би газар унасан хойно миний зүүн халаасанд байсан жижиг даавуун ууттай, шаргал өнгийн шувууны сийлбэртэй хуучны хөөргийг халааснаас аваад зугтаагаад яваад өгсөн. Би боолгоод тонгойгоод хойшоо харахад тухайн эрэгтэй хүний царай харагдсан. Тухайн хүн шар өнгийн арьстай, аймар царайтай эрэгтэй хүн байсан. Тухайн залуу баруун зүг рүү Гандангийн зүүн хаалга руу гүйхээр нь нэг гудамж дагаж гүйгээд алдсан. Би араас нь хөөж байхад тухайн залуу миний гар утасны гадна кейсийг газар шидсэнийг миний rap утсыг шидчихлээ гэж бодоод газраас авах хооронд цаашаа зугтаасан. Тэгээд алдсан. ... Миний хүзүүнд гаднаас харахад ил зулгарах, улайх гэх мэт гэмтэл шарх учраагүй. Би дараа нь шүлсээ залгих, ярих үед хөндүүр байсан. Би боолгуулаад газар унахдаа зүүн гараараа газар тулж унахад миний зүүн гарын тохойн гадна хэсэгт том хэмжээтэй зулгарсан. Тухайн шарх одоо хэмжээ нь багассан, бүрэн эдгээгүй байна. ... Тухайн эрэгтэй хүн 23 дугаар сургуулийн хойно байдаг караокены камерт харахад тэндээс дагаж алхаж явж байгаа бичлэг бичигдсэн байсан. ... Манай хоёр найз надад хөөрөг байсан гэдгийг нотолно. Би тамхилж дуусаад ширээн дээр хөөргөө тавиагүй. Шортны халаасандаа хийсэн. Тухайн залуу миний хоолойг боож газар унагаад миний шортны зүүн халааснаас хөөргийг авсныг би санаж байна. Би үнэтэй цайтай юмаа алдчихлаа гээд шарандаа тухай залуугийн хойноос аймар гүйсэн. ...” /хх 33/,
гэрч П.Дий "... Намайг гадуур таксинд явж байхад үүрийн 05 цаг болж байсан байх Тэнгис кино театрын ойролцоо байрлах 50 дугаар сургуулиас ирээд авчих гэхээр нь би очиж аваад Баянхошууны Хөтөл хавьд очсон. Тухайн үед Т ах жоохон хамт ууя гээд байхаар нь бид нар манай ээжийн автомашиныг хүргэж өгчхөөд Баянхошууны хавьд очиж шар айраг ууж сууж байгаад Т ах ажилтай байна, Улиастай явна гэхээр нь би Дэнжийн 1000 орчимд бууж үлдсэн. ... Бид хамт шар айраг ууж байгаад би Дэнжийн 1000-ын Нарантуул захын орчим буух гээд байж байхад О.М ах надад Iphone загварын гар утас гаргаж ирээд ийм утас байна, зарах гээд байна, өчигдөр нэг хүнээс авчихсан юмаа, зармаар байна гэж байсан. Тэгээд би наад асуудлыг чинь дүү нь мэдэхгүй байна, наад асуудалд чинь оролцмооргүй байна гээд би салаад явсан. ...” /хх 36-37/,
гэрч Э.Иын "... В манай гэрт ирээд шүрэн толгой, алтан нуухтай, шувууны дүрстэй шаргал хөөргөөр надтай болон манай эхнэртэй тамхилсан. ...” /хх 39/,
гэрч Г.М-ийн "... 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зүс таних О.М гэх хүн миний 94041489 дугаарт Viber-p хэд гэсэн дугаараас залгасныг мэдэхгүй байна, залгаад надад нэг хөөрөг байна үнэтэй зарах боломж байна уу, чи хүнээс асуугаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би за асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд Хятадад сурч байсан учир Хятад багш нараасаа тэр өдөр нь үнэт эдлэл авах хүн байна уу, авдаг газар байна уу гэж асуусан. Тэгээд маргааш нь О.Мтэй утсаар яриад авах хүн байхгүй байна, худлаа юм шиг байна гэж хэлтэл надаас О.М 200,000 төгрөг зээлэх боломж байна уу, бэлнээр аваад ирээч гэсэн. 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 13 дугаар хорооллын 33 дугаар сургуулийн орчимд О.Мтэй уулзсан бөгөөд би О.Мд 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгтэл О.М надад шувуу бас мод дүрслэн сийлсэн улбар шар толгойтой, жижиг хөөрөг гаргаж ирж үзүүлээд найз нь энийг чамд өгчихье гэж хэлээд зүгээр надад өгсөн. Тэгэхээр нь би за баярлалаа гэж хэлээд авсан. Тэгээд бид хоёр тэндээсээ салаад явсан бөгөөд 07 дугаар сарын 23-ны өдөр над руу Viber-p залгасан байсан. Би залгасныг нь анзаараагүй байж байгаад дуудлагын хараад буцаагаад залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд байж байтал над руу Авлигатай тэмцэх газраас залгаж дуудсан бөгөөд би Авлигатай тэмцэх газарт очиж хөөргийг нь хүлээлгэн өгсөн. ... Надад зүгээр хөөргийг өгсөн. Харин О.М тухайн хөөргийг надад заруулахаар өгсөн гэж хэлсэн байсан. ...” /хх 162-163/,
О.Мийн яллагдагчаар өгсөн "... би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 04 цаг болж байхад салсан бөгөөд Цэцэг төв дээр автомашинаас нь буугаад дээшээ Ард кино театрын автобусны буудлын зүг рүү алхаж явахад миний урд талд 30 гаран насны нэлээн согтуу эрэгтэй хүн алхаж явсан. Тухайн хүн Барилгачдын талбайн зүг рүү алхаж явж байсан. ...тухайн хүн Гандангийн гэр хорооллын гудамж руу орсон. Би араас нь явсан. Намайг араас нь алхаж явахад тухайн эрэгтэй хүн өөрийн гар усыг гаргаж ирээд утсаар ярьж байгаа юм шиг утсаа бариад алхаж явсан бөгөөд гуйвж, дайваад нэлээн согтуу байсан. Би хажуугаар нь зөрөхдөө гар утсыг нь чихэн дээрээ барьцан байхад нь гар утсыг нь гараас нь шүүрээд зугтаасан. Би гар утсыг нь аваад хажуу талын гудамжаар доошоо гүйгээд Тэнгис кино театр тал руу буугаад алхаад байрны голоор ороод явсан. ...Д гэх автомашинтай дүүгээр 50 дугаар сургуулийн орчмоос ирж аваад Баянхошуу руу хүргээд өгчих гэж хэлсэн. Тэр хавьд өглөө эрт архи зардаг дэлгүүр байдаг юм. Д-ий ээжийн автомашиныг хүргэж өгөөд буцаж Баянхошуу дээр ирж бид хоёр шар айраг уугаад таньдаг ченж байна уу гэхэд байхгүй, дүүгээ зөвөөр ойлгоорой гэж хэлээд Д явсан. Дд тухайн гар утсыг харуулаагүй. Амаараа л утас байна гэж хэлсэн. ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа боловч хүч хэрэглэсэн дээрмийн хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. ...” /хх 82/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №10248 дугаартай: “...Вы биед зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.1-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” /хх 64-65/ гэсэн дүгнэлт,
камерын бичлэгт үзлэг хийсэн "... Уг бичлэг дээрх камерын цагаар 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 цаг 59 минут 08 секундэд хохирогчийн эд зүйлийг булаагаад зугтааж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/,
таньж олуулах ажиллагаа явуулсан “... иргэн В 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн гудамжинд үл таних залуу дээрэмдүүлсэн гэх хүнийг 3 дугаартай эрэгтэй мөн байна гэж Отгончулуун овогтой О.Мийг зааж энэ эрэгтэй яг мөн байна гэв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх 9-16/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 164-168/,
“Ашид билгүүн” ХХК-ийн Үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №ТХҮ-924/10390 дугаартай тайлан /хх 48-55/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 143/, мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол /хх 153, 155/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь, дээрэмдэх гэдэг нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр илээр, хууль бусаар авсан үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд энэ агуулгаар тусгалаа олсон байна. Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авахдаа хүч хэрэглээгүй буюу хохирогчид чиглэсэн ямар нэгэн довтолгоо хийхгүйгээр эд хөрөнгийг нь авсан бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжээр, харин хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон тохиолдолд гэмт санаа зорилго нь туйлдаа хүрсэн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцож хүндрүүлэх шинжээр тус тус хуульчилсан.
Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэх шинжид бусдын эд хөрөнгийг авахад саад болж буй аливаа этгээдийн эсэргүүцлийг дарах зорилготой бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл хамаарна.
Хүч хэрэглэсэн довтолгоо нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл байдаг бол хүч хэрэглэхээр заналхийлэх нь үгээр болон үйлдлээр хохирогчид сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлж эрхшээлдээ оруулан эд хөрөнгийг нь авах зорилгыг агуулдаг ба заналхийлэл нь бодит үйлдэл болж хохирогчид хохирол, хор уршиг учруулах боломжтой, эсхүл бодитой хэрэгжинэ гэдэгт хохирогчийг итгүүлсэн нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой юм.
Шүүгдэгч О.Мийн хувьд хохирогч Вы гар утсыг нь булааж авсныхаа дараа хоолойг нь боож, газарт унагаагаад халааснаас нь хөөргийг авч буй үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Мийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч О.Мөөс “... ял хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан ба давж заалдах шатны шүүх хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан О.Мд оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлоос хорих ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авч, бусад асуудлаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Мийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “... О.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг,
“...О.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ