Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 651

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Э.О

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805036330710 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нисдэг машин” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 6; эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 128 Б тоотод түр оршин суух, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж, 38 тоотод хаягийн бүртгэлтэй, ялгүй, УП94050697 дугаарын регистртэй, Боржигон овогт Эын О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.О 2018 оны  6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудлын орчим хохирогч Э.Дтай хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар архины шилээр түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 200.000 төгрөг өгсөн. Мөрдөн байцаагч болон прокуророос миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг надад хэлж ойлгуулсан. Тиймээс би өмгөөлөгч авах шаардлагагүй, хэргийн талаар маргах зүйлгүй гэв.     

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э Д “... 2018 оны 6 дугаар сарын 29-ний орой, цагийг нь сайн санахгүй байна, манай найз Батчулуун уулзъя гэж намайг утсаар дуудахаар нь би завгүй тухайгаа хэлсэн чинь манай гэрт хүрээд ирсэн. Батчулуун хүрч ирээд Нисдэг машин гэх газар манай найз машины шалавч хийх халтуурны ажил байна, хоёулаа явж хийе гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Бид хоёр замаасаа 1 шил 0.75 граммын Хараа архи аваад ажил хийх үедээ ууя гэж бодоод Энхбаярын зам уруудаад алхсан. Энэ үед Батчулуун Отай утсаар яриад байсан бөгөөд Бичил хороолол орчим Отай тааралдаж, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах граж руу очсон. Тухайн гражид Жагаа, Аагий гэх 2 залуу байсан бөгөөд надаас бусад нь машины шалавч хийсэн. Ажиллаж байх үедээ архиа тойруулан ууж байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид дундаас Аагий архи уугаагүй. Миний өөдөөс харан О сууж байсан. Бид нарын хэн хэн нь согтож эхэлсэн. Тэгтэл О ууж байсан архины шилээрээ миний толгой хэсэг рүү нэг удаа цохьсон. Миний толгойноос цус гарсан бөгөөд цагдаа дуудсан. Би Отай тухайн өдөр танилцсан. Манай найз Батчулуунтай найзалдаг сураг байсан. Би нилээн согтуу байсан болохоор яагаад намайг цохьсон эсэхийг нь мэдэхгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 19-21/ гэж,

гэрч А А “... хамт ажилдаг Жагаа, О бид гурав Баянгол дүүргийн 12 дугаар хорооны гражид шалавч хийх ажлыг гүйцэтгэж байсан чинь нэг зүс таних нэрийг нь мэдэхгүй, нөгөө нь хохирогч огт танихгүй залуу 2 шил архи аваад гаднаас орж ирэн цөмөөрөө гражид тойрон суугаад архи уусан. Архи уух явцдаа О ажлаа хийж байсан. Харин би архи уугаагүй. Тэгтэл цагийг нь санахгүй байна архи ууж  байсан 4 хүн нилээн согтож байгаа бололтой харагдсан. Учир нь би наана нь шалавч зүсэх ажлыг хийж байсан. Гэтэл хохирогч залуу гэнэт гар утас нэхээд байсан. Нэг харсан чинь хохирогч Дийн толгойноос цус гараад миний толгойг хагалчихлаа гэж байсан. О гартаа архины хагархай шилний амсарын хэсгийг барьж байсан. Жагаа түргэн дуудлаа гээд гражнаас гарсан. Харин хохирогч цагдаа дуудсан. Д согтуу бид нараас гар утсаа нэхээд байсан. Гар утаснаас болсон. Сүүлдээ өөрөө гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудсан” /хх-н 46-47/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Э.Дийн гэмтэлтэй холбоотой “Э.Дийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 24/ гэсэн 8298 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Э.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.От ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Э.От оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.О бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Д “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 51, 52, 53/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.О цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Эын Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.О торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Э.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.От урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ