| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03296/И |
| Дугаар | 192/ШШ2025/10461 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/10461
2025 12 05 192/ШШ2025/10461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч В.Амартүвшин, Д.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П,
Хариуцагч: С,
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16 257 560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж
хариуцагчийн төлөөлөгч Э.
хариуцагчийн өмгөөлөгч М.Б
нарийн бичгийн дарга М.Баясгалан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* хариуцагч ********д холбогдуулан Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох ажил хөдөлмөр эрхэлж олох байсан орлого болох 14 400 000 төгрөг, эмчилгээний зардал 1 857 560 төгрөг, нийт 16 257 560 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* нь Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Намьянжугийн гудамж, "*******" шатахуун түгээх станцын явган хүний гарцан дээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг орчимд ******* улсын дугаартай Тоёота королла фиэлдир" маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж биед маань хүнд гэмтэл учирсан болно.
Дээрх хэрэгт тээврийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч ******** нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож, гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулсан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023\ШЦТ\*** дугаартай шийтгэх тогтоол гарсан болно. Иймээс ********гаас дээрх гэмт хэргийн улмаас *********ын биед учирсан хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар 12 сараар тогтоогдож, 2023.11 сараас 2024.11 сар хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Тухайн үед ********* нь М************ХХК-д 1 200 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Мөн эмчилгээ болон эм тарианы зардалд нийт 1 857 560 төгрөгийг зарцуулсан бөгөөд баримтыг хэрэгт өгсөн. Иймд ажил хөдөлмөр эрхэлж, олох байсан орлого 14 400 000 төгрөг, эмчилгээний зардалд 1 857 560 төгрөг, нийт 16 257 560 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *********ын нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 1 857 560 төгрөг гаргасан хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин ажил хөдөлмөр эрхэлж, олох байсан орлогод 14 400 000 төгрөг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй. М************ХХК-ийн 2023.12.19-ний өдрийн тодорхойлолт нь нэхэмжлэгч *********ыг 1 200 000 төгрөгийн цалин авдаг гэдгийг нотолсон баримт биш. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар шийтгэх тогтоолоор ********гаас *********д учирсан хохиролд 5 697 509 төгрөг гаргуулж олгосон. Энэ зардалд цалин гэж 2 596 004 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх үндэслэлээр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос гэрч *********ын мэдүүлэгээс ********* нь согтуу байсан гэснийг анхаарч үзээрэй гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан тоот, 2023.06.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоол, 2023.09.11-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Монос эмийн сангийн баримтууд, 2024.01.29-ний өдрийн *********аас ********д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М************ХХК-ийн 2023.12.19-ний өдрийн тодорхойлолт, *********ын Хаан банкны дансны хуулга, Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын 2023.11.02-ны өдрийн шийдвэр, фото зургууд,
4. Хариуцагчаас хэрэгт 2025.05.26-ны өдрийн ********гаас Э********т олгосон итгэмжлэл, 2023.06.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоол,
5. Иргэдийн төлөөлөгч Д.А************гийн хүсэлт, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх талаарх талуудын хүсэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй олох байсан орлого зэрэгт 16 257 560 төгрөг гаргуулна. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ эмчилгээний зардалд 1 857 560 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрч байна. Харин ажил хөдөлмөр эрхэлж, олох байсан орлогод 14 400 000 төгрөг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч ******** нь Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Намянжугийн гудамж, ******* шатахуун түгээх станцын явган хүний гарцан дээр 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч *********ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, энэ хэрэгтээ ял шийтгүүлсэн болох нь 2023.06.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
4.2 Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч *********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, дээрх шийтгэх тогтоол гарснаас хойш ********* нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, улмаар 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын 2023.11.02-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон байна.
4.3 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дүгээр зүйлийн 505.1 Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
5. Нэхэмжлэгч *********ын 2023 оны 09 сарын 11-ний өдөр тархи мэдрэлийн Баяр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 715 000 төгрөг, эмчилгээний зардалд 1 142 560 төгрөг, нийт 1 857 560 төгрөгийн зардал гарсаныг хариуцагч тал маргахгүй, төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.
6. Харин хариуцагч нь ажил хөдөлмөр эрхэлж, олох байсан орлогод 14 400 000 төгрөг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй, М************ХХК-ийн 2023.12.19-ний өдрийн тодорхойлолт нь нэхэмжлэгч *********ыг 1 200 000 төгрөгийн цалин авдаг гэдгийг нотолсон баримт биш гэж тайлбар гаргасныг, шүүх дараах үндэслэлээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6.1 Шүүх нэхэмжлэгч талаас ирүүлсэн М************ХХК-ийн 2023.12.19-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэж, нэхэмжлэгч *********ын цалин хөлсийг тогтоох боломжгүй хэдий ч нэхэмжлэгч нь тухайн компанид 2020 оны 9 сарын 18-наас 2023 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл кассаар ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзэх үндэслэлтэй.
6.2 Нэхэмжлэгч нь дээрх гэмт хэрэгт хохирсоны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, улмаар 2023.11 сараас 2024.11 сарыг хүртэлх 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын 2023.11.02-ны өдрийн шийдвэрээр тогтоогдож байна.
6.3 Дээрх хугацаанд нэхэмжлэгч *********ын ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан шалтгаан нь хариуцагч ********гийн гэм буруутай үйлдлээс болсон тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. гэж зааснаар дээрх нөхөн төлбөрийг тооцож олгох үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч нь халамжийн сангаас сард 325 000 төгрөгийн тэтгэвэр авдаг талаарх Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн байх ба Монгол Улсад 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөг, 2024 оны 1 сараас мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөг байсан байх ба эдгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс халамжийн сангаас авсан тэтгэврийг хасаж тооцон, зөрүүг тооцож олгох үндэслэлтэй.
7.1 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн олох байсан орлоготой холбоотой шаардлагыг 2023 оны 11, 12 сарын нөхөн төлбөрийг тооцоход 450 000 төгрөг/550 000х2сар-325 000х2сар/, 2024 оны 10 сарын нөхөн төлбөрийг тооцоход 3 350 000 төгрөг/660 000х10сар-325 000х10сар/, нийт 3 800 000 төгрөгийг хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
8. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 657 560 төгрөгийг /1 857 560+ 3 800 000/ хангаж, үлдэх 10 600 000 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Шүүх 2025.06.05-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын А/*** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх тайлбар, хүсэлтийг ирүүлсэн ба хэргийн зохигч талууд иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргасан./
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********гаас гэм хорын хохиролд 5 657 560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********д олгож, илүү нэхэмжилсэн 10 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********гаас улсын тэмдэгтийн хураамжид 105 471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Д.ДАВААСҮРЭН