Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  2025/ДШМ/330

 

 

 

 

   2025           03             13                                        2025/ДШМ/330

 

Л.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Б.Б, А.Б,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405029121677 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Л.С, 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, волейболын дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, дүүгийн хамт .......... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 639 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 cap 15 хоногийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгийн торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдсэн, /РД: ............/,

Шүүгдэгч Л.С нь 2023 оны 09 дүгээр сард Л.С.Т гэх фейсбүүк хаягаар "волейболын сургалт явуулна" гэсэн зар байршуулан, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг м" спорт зааланд волейболын сургалт явуулна гэж цахим хэрэгсэл ашиглан Э.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Прогресс зочид буудал дахь ажлын байрнаасаа шилжүүлсэн 120,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5495623649 дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж, бусдад төлөх хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг хийсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Хуульд хувийн байдлыг харгалзан үзнэ гэж тодорхой заажээ. Миний хувьд урьд ял шийтгүүлж байсан тул хувийн байдлын хувьд тааруу хэдий ч хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлагын аль нэгийг хүлээлгэж өгнө үү гэж гуйж байна. Миний хувьд дахин алдахгүй, хуулийг ойлгож, уншин судалж, хууль дээдлэхийг зорилгоо болгож амьдрахыг хүсэж байна. Миний хувьд өөрийн алдаанаас сургамж авч хууль эрх зүйн жаахан ч гэсэн мэдлэг олж авбал гэмт хэрэг зөрчлөөс хараат бус амьдарч чадна гэдгийг ойлгож байна. Иймд та бүхэн миний хийсэн хэрэгт дүн шинжилгээ хийж, өөрийн буруугаа ухамсарлаж, бусдад төлөх төлбөргүй байдлыг минь харгалзаж эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн хувьд гомдол, мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд, анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг бага хэмжээний хохиролтой хэрэг бөгөөд хохирогч Э.Сд 120,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, нийт хохирлын хэмжээ 2,680,000 төгрөг юм. Зарим хэргүүдийг цаг хугацааны хувьд нэгтгэн шийдвэрлүүлэх боломжтой байсан хэдий ч хууль зүйн мэдлэггүйн улмаас тус тусад нь шийдвэрлүүлсэн нөхцөл байдал байгаа. Хэрэв нэгтгэж шийдвэрлүүлсэн бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал тодорхой хэмжээнд дээрдэх байсан. Л.С цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжиж, зөв шударгаар ажиллаж хөдөлмөрлөөд амьдарна. 80 настай өвөө, эмээгээ асарч халамжлаад явж байх ёстой байтал гэмт хэрэгт холбогдож сэтгэл санааг нь зовоож байгаадаа маш их харамсаж байгаа талаараа надад ярьж илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийг гомдол саналгүй болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Сын өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нь нөхөн төлсөн нөхцөл байдал байвал хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар зохицуулсан байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг шүүх хэрэглэхийг хууль тогтоох байгууллагаас үүрэг болгоогүй ч гэсэн шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Иймд миний үйлчлүүлэгч Л.Ст ашигтай байдлаар шийдвэрлэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Сын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 4 удаа ял шийтгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэгт 3 удаа холбогдсон. Залилах гэмт хэргийн хувьд 2020 онд 2 удаа хорих ялаар шийтгүүлж, 2023 онд 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна. Л.С нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, өөрөө өөртөө дүгнэлт хийсэн, нийгэмд биеэ авч явах байдал нь сайжирсан, засрал хүмүүжил олсон гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ гэмт хэрэг 2023 оны 09 дүгээр сард гарсан. Уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө залилах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Шүүхээс хорих ялаар болон торгох ялаар шийтгүүлээд өөртөө дүгнэлт хийгээгүй ийм нөхцөл харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Шүүхээс Л.Сыг нийгмээс тусгаарлаж, түүнд засрал хүмүүжил олох хугацаа олгох нь зүйтэй гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон шийтгэл гэж үзэж байна. Мөн хамгийн бага хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Тэгэхээр 6 сарын хугацаанд өөртөө дүгнэлт хийх, эргэлзээгээ тайлах, цаашид дахин нийгэмд гэмт халдлага хийхгүй, бусдыг хохироохгүй байх тал дээр түүнийг төлөвшүүлэх Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Л.С нь 2023 оны 09 дүгээр сард Л.С.Т гэх фейсбүүк хаягаар "волейболын сургалт явуулна" гэсэн зар байршуулан, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг м" спорт зааланд волейболын сургалт явуулна гэж цахим хэрэгсэл ашиглан Э.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Прогресс зочид буудал дахь ажлын байрнаасаа шилжүүлсэн 120,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5495623649 дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.С-н "...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн дүү болох Т.Аг волейболын бэлтгэлд хамруулах гэж фейсбүүк дээр Л.С.Т гэх нэртэй фейсбүүк хаягтай холбогдож Баянгол дүүргийн 05 дугаар хороонд байрлах ажил дээрээ байхдаа төлбөр болох 120,000 төгрөгийг Хаан банкны 5495623649 тоотын Л С гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнтэй утсаар холбогдож сургалтын талаар 85111298 дугаар луу залгаж ярилцаж тохиролцоод мессежээр дансны дугаар авч,Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа 120,000 төгрөг 5495623649 тоот данс руу шилжүүлсэн. Би Төрийн банкны интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Надад 120,000 төгрөгийн хохирол учирсан...” /хх 9-10/,

 “...төлбөр нь 120.000 төгрөг болно мессежээр би дансаа явуулъя та миний явуулсан данс руу мөнгөө шилжүүлээрэй" гэж хэлсний дагуу би 5495623649 тоот Л.С гэх нэртэй данс руу өөрийн эзэмшлийн 103500069836 гэсэн данснаас "Т" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн. Шилжүүлэг хийгээд хагас, бүтэн сайн өдөр бэлтгэл эхэлнэ гэж хэлсэн бөгөөд хагас сайн өдөр болоод бэлтгэл нь явагдаж байгаа эсэх талаар асуухад "Бүртгэл хараахан дуусаагүй байна, ирэх долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр бүртгэл дуусаад сургалт явагдана" гэж хэлсэн. Ирэх долоо хоногийн хагас сайн өдөр болоод 85111298 дугаарын гар утас руу залгахад тухайн гар утас нь холбогдохгүй байсан. Тухайн өдрөөс хойш би огт холбоо барьж чадаагүй. Сүүлд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай дүү болох Амартайван нь гадуур явж байгаад Л.С гэх надаас мөнгө авсан хүүхэдтэй тааралдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” /хх 13-15/,

гэрч Т.Агийн “...Би 2023 оны намар гэр болох Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Малчны 2-71 тоотод байж байхад манай эгч Э.С фейсбүүкээр Л.С. Л.С.Т гэх фейсбүүк хаягтай "Гар бөмбөгийн сургалтад хүүхэд бүртгэж авна" гэх зарын дагуу чат бичээд манай гэртээ ойрхон Баянхошууны тойрогт байх м” гэх зааланд гэхээр нь намайг бүртгүүлээд 120,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа 2 долоо хоног таг алга болоод асуухаар манайх цөөхөн 2-3 хүн бүртгүүлсэн байна. Хүн нэмж бүртгүүлэхээр орж эхэлнэ гээд хүлээлгээд байсан. Тэсэлгүй тухайн Баянхошууны тойрогт байрлах м” зааланд очиж заал хариуцсан хүнтэй уулзахад “огт тийм хүн танихгүй нэг хүн ирээд заал түрээсэлнэ гэж байгаад ахиж ирээгүй.” гэх үед залилуулсан талаараа мэдсэн...” /хх 19/,

гэрч Б.Нийн “...Би 2023 онд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо 31 тоотод байрлах м” спорт заалыг анх нээж байсан. Одоог хүртэл тухайн спорт заалыг хүмүүст түрээслүүлдэг. Манайх 2023 оноос үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ямар ч волейболын сургалт явуулаагүй. Тийм сургалтад заалаа түрээслээгүй, заал түрээслэх гэрээг огт хийгээгүй. Манайх заалаа цагаар л хүмүүст түрээсэлдэг. 2023 онд 40 орчим насны эмэгтэй хүн манай спорт зааланд ирээд энд волейболын сургалт явагдаж байна уу би дүүгээ бүртгүүлсэн юм. Л.С гэдэг хүн рүү мөнгөө шилжүүлсэн гэж хэлж байсан. Би тухайн үед Л.С гэдэг нэртэй хүн манай спорт зааланд сургалт зохион байгуулдаггүй гэж хэлээд явуулсан...” /хх 22-25/,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-47/, Төрийн банкны дансны хуулга /хх 54/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Л.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Сыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Л.Саас “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ 120,000 төгрөг, уг хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 528 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Сын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Л.Сын цагдан хоригдсон 66 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /66*8=528/ тооцож, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Сын гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ст 528 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Сын цагдан хоригдсон 66 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх 528 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн, ялыг эдэлсэнд тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сыг нэн даруй сулласугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА

 

                       ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ