Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 669

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч А.Л

иргэний хариуцагч Ц.Ү

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805006520455 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 25-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7: эцэг, эх, ах, эгч, 1 нас 5 сартай охин нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамж, 46 тоотод оршин суух, ялгүй, АЮ97072503 дугаарын регистртэй, Боржигон овогт Агийн А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.А 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” нэртэй зочид буудлын 503 тоот өрөөнд үйлчлүүлээд гарсан хохирогч А.Лын мартаж, гээгдүүлэн явсан I Phone 8 маркийн гар утсыг авч завшин түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад нэмж яриад байх зүйл байхгүй. Хүний мартаж орхисон гар утсыг аваад Хархорин дээр зогсдог нэг ченжид үзүүлсэн. Гэтэл тэр ах өөрөө авахгүй гээд гар утас засварын газар руу дагуулж орсон. Тэнд 350.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь пиво авч уугаад үрж дуусгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь төлж барагдуулах болно.

Би одоо жирэмсэн, 14-15 долоо хоногтой гэсэн тодорхойлолтыг хорих ангийн эмч хийж өгсөн байгаа. Мөн би 1 нас 5 сартай охинтой. Охин Сувд-Эрдэнэ нь эцэг Тэмүүжингээр овоглодог. Гэхдээ Тэмүүжин бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, тусдаа амьдардаг. Охин маань голдуу нөхөр Тэмүүжингийн аав ээж дээр байдаг. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Буудалд хоноод гаргахдаа гар утсаа мартсан. Тэгээд эргээд иртэл байгаагүй. Камерийн бичлэг шүүж үзэхэд энэ эмэгтэй авсан байна лээ. Миний гар утас бол I Phone 8 plas загварын, шинээр нь 2.4 сая төгрөгөөр авсан утас байсан. Гар утасны үнэлгээг 2 сая төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрнө. Хохиролд гэж нэг ч төгрөг аваагүй. Хохирлыг хэнээс гаргуулахыг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз. Хохирлоо барагдуулж авбал гомдол саналгүй гэв.

 

Иргэний хариуцагч Ц.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хүүхэд нэг ченжтэй орж ирээд олсон утас байгаа юм, чи авчихаач гэсэн. Ченж нь Аийг таньдаг гэж хэлж байсан. Тэгээд би 350.000 төгрөг өгөөд авсан. Гар утсыг цааш нь 400 мянга орчим төгрөгөөр сэлбэг болгож зарсан. Өөр хүн ашиглах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Ченж нь Хархорин зах дээр зогсдог Ууганаа гэх залуу байдаг.

Би хохирогч Лтай өнөөдөр л анх удаа уулзаж байна. Би мөрдөн байцаагчид гар утсыг төлнө гэж хэлсэн. Мөрдөн байцаагч болохоор намайг дахин дуудна гэж байгаад дуудаагүй. Харин саяхан намайг шүүхээс дуудаад тэгээд би шүүх хуралд ирж байна. Гар утасны үнийг төлөх болно гэв.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А Л “... 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн үед би өөрийн найзуудтайгаа гадуур гарч байгаад гэртээ харих гэсэн хэтэрхий орой болсон байсан болохоор энэ хавьд гайгүй газар байвал ороод унтаад өглөө явъя гэж бодоод Хан нэртэй буудалд найз Гантуяагийн хамт ороод амарсан. Тэгээд өдөр 12 цагийн үед сэрээд тэр буудлаас гараад явсан. Би 503 тоот өрөөнд орж үйлчлүүлсэн. Тэгээд гарахдаа өөрийн барьж байсан шар өнгийн Ай-Фоне 8 плас маркийн гар утсаа тэр өрөөнд байсан бор өнгийн ширээн дээр тавьчихаад гарахдаа мартаад гарсан байсан. Гэртээ очоод утсаа тэнд орхисноо мэдээд 13 цагийн үед эргээд Хан зочид буудал дээр буюу хоносон өрөөндөө иртэл утас алга болсон байсан. Би алдсан утасны мөнгө болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх-н 65-66/ гэж,

гэрч М А “... намайг ажил дээрээ 12 цагийн үед сууж байхад гаднаас 20 орчим насны охин Хархорин зах дээр утас авдаг өмнө нь харж байсан 30-аас 35 орчим насны эрэгтэй махлагдуу шар царайтай залуугийн хамт орж ирээд Ай Фоне 8 маркийн утсыг нөгөө охин барьж байснаа надад үзүүлээд би гудамжнаас энэ утсыг олсон, ашиглах боломж байна уу гэж асуухад нь би үзээд ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Яахав сэлбэгэнд ашиглаж болно хэрвээ зарах гэж байгаа бол надад бас хэрэгтэй байгаа шүү гээд өөрийнхөө барьсан байсан эвдэрхий дэлгэц нь хагарсан утсаа харуулсан тэгсэн тэр охин зарах үнээ мэдэхгүй хажууд нь байсан ченж 300000 төгрөгөөр авна гэх зүйл ярьж байсан. Тэгээд би өөрөө тухайн үедээ дэлгэц нь хагархай 8 тай байсан учраас авчдаг ч юм уу гэж бодоод 300000 төгрөгөөр авъя гэтэл тэр охин 350000 төгрөгөөр ав гэхээр нь мөнгө хүрэхгүй юм байна гэж хэлэхэд тэр охин гараад явсан” /хх-н 70/ гэж,

иргэний хариуцагч Ц Ү “... 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо гар утас засварын төв дээр ажлаа хийгээд байж байтал гаднаас 20 орчим насны нэг эмэгтэй орж ирээд манай хажуу талын Алтаншагайтай уулзаад Ай-фоне 8 маркийн гар утас зарах гээд байсан. Тэгэхээр нь эхлээд 350.000 төгрөг гээд байхаар нь Алтаншагай авахгүй гээд тэгээд тэр охин гараад явсан тэгснээ эргэж орж ирээд хажууд нь бас нэг ченж байрын залуу зогсож байснаа наадах чинь гайгүй хүүхэд, наад утсыг нь авчихгүй юу доо, хүн өгсөн ч гэл үү олсон ч гэлүү нэг юм ярьсан. Тэгэхээр нь би тэр утсыг 350.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Би ямар ч байсан тэр утсыг төлж барагдуулна. Би гэмт хэргийн улмаас олсон утас гэж мэдээгүй. Тэр утсыг дахин ашиглаж болохгүй болохоор нь сэлбэгэнд хэрэглээд дэлгэцийг нь 300000 төгрөгөөр нэг танихгүй хүнд тавьж өгсөн. Батрейг нь мөн сураглаж орж ирсэн хүнд 50.000-60.000 төгрөгөөр тавьж өгсөн” /хх-н 72/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрч, иргэний хариуцагчийн дээрх мэдүүлгүүд нь гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч А.Аийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцэх тул

Боржигон овогт Агийн Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ат ял оногдуулахдаа түүний хувийн байдал, үүнд; тэрээр бага насны хүүхэдтэйгээс гадна, одоо 14-15 долоо хоногтой жирэмсэн гэсэн тодорхойлолтыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг, цаашлаад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.

 

Түүнчлэн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялын санкцтай байна.

Эдгээр ялаас зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлээгүй, нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч А.Аийн “жирэмсэн” байдал нь нийцэхгүй.

Иймд торгох ялыг сонгох нь зүйтэй. Ингэж шийдвэрлэхдээ торгох ялыг хамгийн доод хэмжээгээр тогтоож, түүний цагдан хоригдсон 19 хоногийг торгох ялд оруулан тооцов. 19х15=285.000 , 450.000-285.000=165.000

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Ат холбогдох энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авчээ. Шүүгдэгч А.А шүүхэд хүрэлцэн ирэхгүй байсан, хаана байгаа нь тодорхой бус шалтгаануудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарсны дагуу тэрээр 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн цагдан хоригджээ.

 

Шүүх шүүгдэгч А.Ат холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.Аийн үйлдсэн гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ц.Үыг иргэний хариуцагчаас чөлөөлөх үндэслэлтэй.

Учир нь хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл хохирогч А.Лын гээгдэл хөрөнгө болох гар утсыг шүүгдэгч А.А мэдсээр байж авсан, улмаар уг гар утсыг Ц.Үт 350.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь өөртөө авч хэрэглэжээ. Ц.Ү нь цааш сэлбэг болгон зарж тодорхой хэмжээний ашгийг олсон байна. Гэхдээ Ц.Үын хувьд тухайн эд хөрөнгө гэмт хэргийн замаар бий болсон гэдгийг мэдэх боломжгүй байснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.Ү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн биш. Гэвч цаашид ийм байдал гаргахгүй байхыг түүнд анхааруулах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч А.Аийн Ц.Үаас авсан 350.000 төгрөгийг гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө гэж үзээд дээрх мөнгийг улсын орлого болгох, хохирогч А.Лд учруулсан хохирол болох гар утасны үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Аээс бүрэн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Агийн Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. А.Аийн цагдан хоригдсон 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож, торгох ялын хэмжээг 165.000 төгрөгөөр тогтоосугай.

 

  1. А.А 165.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

6. Цэрэндашийн Үыг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Аээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Лд олгосугай.

 

8. Шүүгдэгч А.Аийн гэмт хэргийн замаар олсон 350.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

9. Шүүгдэгч А.Ат авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Энэ шийтгэх тогтоолын хувийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Ат авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ