Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02128

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02128

 

 

Грийн Элдорадо ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Грийн элдорадо ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нью тур ХХК болон Байгалиа дээдлье ХХК-иудад холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77 504 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Чинбат

Хариуцагч Байгалиа дээдлье ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Д.Баяраа

Хариуцагч Байгалиа дээдлье ХХК-ийн өмгөөлөгч:

С.Сансартуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Грийн элдорадо ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай компани нь 2015 оны 5 дугаар сард туслан гүйцэтгэгчээр Байгалиа дээдлье ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэр, аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн төсөл дээр ажиллаж байсан. Туслан гүйцэтгэгчийн гэрээнд үнийн дүн заагдаагүй. Тухайн жилийн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээр төлбөрийг тооцохоор тохиролцон 2016 онд манай компани нийт 185 144 400 төгрөгийн ажил гүйцэтгэж, Нью тур ХХК-д 98 хувийн гүйцэтгэлтэa ажлыг хүлээлгэн өгсөн. Тус ажлыг 2016 оны 9 дүгээр сарын 115-ны өдөр захиалагч хүлээн авч, талууд гэрээгээ дүгнэн протокол үйлдэж баталгаажуулсан. Байгалиа дээдлье ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч компаниас авсан атлаа манай компанид ажлын хөлс төлөөгүй. Одоогоор төлөгдөөгүй 77 000 00 төгрөг байгаа бөгөөд өмнө нь 108 000 000 төгрөгийг төлсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Байгалиа дээдлье ХХК нь манайх санхүүжилтээ аваагүй учир танай төлбөрийг төлж чадахгүй байна гэсэн тайлбар гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нью тур ХХК нотлох баримтыг ирүүлснээр Байгалиа дээдлье ХХК-д 185 000 000 төгрөгийн ажлын хөлсийг 100 хувь төлсөн байсан. Эндээс үзвэл Байгалиа дээдлье ХХК нь туслан захиалагч атлаа ерөнхий захиалагчийн төлсөн төлбөрийг туслан гүйцэтгэгчид дутуу олгосон нь тогтоогдож байгаа тул Байгалиа дээдлье ХХК-аас үлдэгдэл 77 504 850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Нью тур ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.  

Хариуцагч Нью тур ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Грийн Элдорадо ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компани нь Грийн Элдорадо ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаагүй. Гэтэл Грийн Элдорадо ХХК нь манай компанид холбогдуулж, нэхэмжлэл гаргаж хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компани 2015 оны 5 дугаар сарын 27-ний өдөр Байгалиа дээдлье ХХК-тай харилцан тохиролцож 151251 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтран ажилласан. Гэрээний дагуу Байгалиа дээдлье ХХК нь гэрээт ажлыг 2016 оны 9 дүгээр сард бүрэн дуусгаж, хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасны дагуу зүлэг, мод тариалах ажлыг хүлээлгэж өгсний дараа 3 жил арчилгаа, усалгаа хийхээр гэрээнд заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн нь 111 800 000 төгрөг, 3 жилийн арчилгааны төлбөр 21 200 000 төгрөг, нийт 133 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, хамтран ажилласан. Гэрээний дагуу манай компани гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Санхүүжилтийг цаг тухай бүрт нь шилжүүлсэн. Гэхдээ 2016 оны ажлын гүйцэтгэлээр тоо хэмжээ өөрчлөгдөж, гэрээний үнийн дүн 185 144 400 төгрөг болсон. Үүнийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Манай компанийн зүгээс тус санхүүжилтээс 166 829 960 төгрөгийг Байгалиа дээдлье ХХК-д олгосон. Санхүүжилтийг олгосон тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээний үнийн үнийн дүнгийн 10 хувь болох 18 314 440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлийг манайх Байгалиа дээдлье ХХК-д төлөх ёстой, үүнийг төлнө. Төлөхгүй гэх маргаан байхгүй. Талуудын хооронд байгуулсан 3 жилийн арчилгааны төлбөр энэ оны сүүлээр дуусна. Дуусах үед нь шилжүүлж өгнө. Өнөөдрийн байдлаар Байгалиа дээдлье ХХК болон манай компанийн хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Иймд Грийн Элдорадо ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Байгалиа дээдлье ХХК-ийн захирал Н.Нармандах шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Нью тур ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Мөн туслан гүйцэтгэгчийн гэрээ буюу нэхэмжлэгч Грийн Элдорадо ХХК болон Байгалиа дээдлье ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсаныг үгүйсгэхгүй. Уг гэрээний 3.1-т заасны дагуу нийт төлбөр нь тухайн жилийн ажлын гүйцэтгэл байна гэж тохирсон. Тэгэхээр 185 144 000 төгрөг нь зөвхөн 2016 оны ажлын гүйцэтгэл буюу тухайн жилд Грийн Элдорадо ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил байх боломжтой. Учир нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн протокол дээр туслан гүйцэтгэгчээр орсон Грийн Элдорадо ХХК, Байгалиа дээдлье ХХК-ийн ямар нэгэн зохих зөвшөөрөл, ямар нэгэн төлөөлөх эрхгүйгээр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, н.Нарантуяа гарын үсэг зурсан байна. Нью тур ХХК-иас гаргаж өгч байгаа нийт санхүүжилт болох 185 144 400 төгрөгийн үнийн дүнг зөвхөн 2016 оны санхүүжилт гэж үзээд буруу ойлголттой яваад байна. 2016 оны хийж гүйцэтгэсэн ажил 185 144 400 төгрөгийн үнэ бүхий байж болно. Хамгийн гол нь Нью тур ХХК-иас 185 144 400 төгрөг шилжүүлэх ёстой гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв ямар нэгэн байдлаар ажил хийгээгүй гэж байгаа бол гэрээний урьдчилаа гэж 35 000 000 төгрөг шилжүүлэхгүй байх байсан. Мөн 2015 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ургуулсан зүлэг үерт автаж байсан. Тэгэхээр туслан гүйцэтгэгчийн нэхэмжилж буй 77 504 850 төгрөг нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн манай компани одоог хүртэл Нью тур ХХК-тай ажил хүлээлцэж эцсийн тооцоог гаргаагүй, 2017 оноос хойш санхүүжилт аваагүй байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг дүгнэж протокол үйлдсэн гэх баримтыг манай талыг байлцуулахгүйгээр хийсэн. 185 144 400 төгрөгийн ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар гаргуулах боломжтой байхад шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй., энэ баримтууд хэрэгт авагдаагүй байхад эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч хариуцагч Байгалиа дээдлье ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 77.584.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Грийн элдорадо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Нью тур ХХК-иас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсний дагуу нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны өмнө хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох санхүүгийн баримтыг өгсөн боловч шүүхээс хууль зөрчин хүлээн авахаас татгалзсан. Уг баримтуудыг хүлээн аваагүй шалтгаанаа нотлох баримтыг өгөх хангалттай хугацаа байсан боловч өгөөгүй гэсэн үндэслэл заасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан үйлдэл болсон.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Хариуцагч талаас шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч Грийн Элдорадо ХХК болон Байгалиа дээдлье ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсаныг үгүйсгэхгүй. Уг гэрээний 3.1-т заасны дагуу нийт төлбөр нь тухайн жилийн ажлын гүйцэтгэл байна гэж тохирсон. Тэгэхээр 185 144 000 төгрөг нь зөвхөн 2016 оны ажлын гүйцэтгэл буюу тухайн жилд Грийн Элдорадо ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил байх боломжтой тул нэхэмжлэгчид 108 800 000 төгрөгийг төлсөн... гэсэн тайлбар гаргасан байхад шүүх зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул тооцоо нийлсэн гэж үзэхгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Нью тур ХХК болон Байгалиа дээдлье ХХК-иудын гэрээ дүгнэсэн протоколд хэдийгээр Н.Нармандахыг төлөөлж, Грийн элдорадо ХХК-ийн захирал Т.Нарантуяа гарын үсэн зурсан боловч Байгалиа дээдлье ХХК-ийн тамгаар баталгаажуулсан үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Нью тур ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 9 дүгээр 15-ны өдрийн Нью тур ХХК болон Байгалиа дээдлье ХХК-ийн хооронд хийсэн гэрээ дүгнэсэн протокол хүчин төгөлдөр бөгөөд Байгалиа дээдлье ХХК-ийн тамгыг Т.Нарантуяа хулгайлаад дарсан зүйл огт байхгүй, талууд харилцан зөвшилцсөн гэсэн тайлбар гаргаж байхад шүүхээс уг протоколыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь хэн ч бусдын тамга, тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглахгүй, зөвшөөрөлгүй бусдад тамгаа ашиглуулахгүй нь ойлгомжтой байхад шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингй болгож, хариуцагч Байгалиа дээдлье ХХК-иас ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 77 584 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Грийн элдарода ХХК нь хариуцагч Грийн элдорадо ХХК болон Байгалиа дээдлье ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

 

Хуульд зааснаар анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүрэгтэй байдаг.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт 2018 оны 8 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд хэргийн материал танилцуулсан атлаа шүүх хуралдааныг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хийсэн байх бөгөөд хэргийн оролцогч нарт шүүх хуралдаан болох өдөр болон өмнөх өдөр хэргийн материалыг танилцуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Грийн элдорадо ХХК-аас хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байж болох ажлын гүйцэтгэл олгосон баримт, дансны хуулга зэрэг 7 хуудас баримтыг гаргаж өгсөн, хариуцагч Байгалиа дээдлье ХХК-ийн өмгөөлөгч талуудын хооронд ямар тохиролцоо явагдсан, өглөг, авлага байгаа эсэх, мөнгө хасах болсон шалтгаан, төлбөрийн талаар нотлох баримт гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШЗ2018/08872 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг хүлээн аваагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 90-91 тал/

 

Анхан анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн аваагүй, нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангахгүй, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Грийн элдорадо ХХК-ийн төлсөн 545 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО