| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2310023291835 |
| Дугаар | 2025/ДШМ/331 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/331
2025 03 13 2025/ДШМ/331
Э.У, Э.Ун нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сонинмөнх,
хохирогч М.С,
шүүгдэгч Э.Ун, цагаатгагдсан этгээд Э.У нарын өмгөөлөгч Л.Б,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.С-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.У, Э.Ун нарт холбогдох эрүүгийн 2310023291835 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Э.Ун, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;
2. Б овгийн Э.У, 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид цахилгааны техникч ажилтай, ам бүл 4, ээж, охин, дүү нарын хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;
Шүүгдэгч Э.Ун, Э.У нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 22 цагаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автомашин дотор болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80 дугаар байрны 1-62 тоот зэрэг газруудад “залилж авсан мөнгөө яг одоо эргүүлж өг” гэх шалтгаанаар хохирогч М.С-н биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацар, цээжний урд дээд хэсэг, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.У, Э.Ун нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.У-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Унг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Э.Унг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Унд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ун нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч М.С нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт Э.Ун нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” болохыг гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Унгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь миний бодит байдалд нийцэхгүй байна. Э.Ун, Э.У, Э.Э нар нь төрсөн эгч, дүүс бөгөөд хоорондоо үгсэн тохиролцож, анхнаасаа бүх мэдүүлгээ худал өгч явсан байсан. Намайг хөл дээрээ тогтохгүй, согтуу, амиа хорлох үйлдэл гаргасан, завдсан гэх мэт худал мэдүүлэг өгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсонд гомдолтой байна. Би ганц Э.Унд биш, Э.У, Э.Э нарт 3-ууланд нь зодуулсан гэдгийг гэрч Г.Н эхний өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байсан. Өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хүлээн зөвшөөрсөн. Гэрч Э.Э нь урд нь тус хэрэгт яллагдагчаар татагдаж байсан атал өөрийн төрсөн эгч Э.Ун, Э.У нарын хуралд гэрчээр орж худал мэдүүлэг өгсөн. Гэрч Г.Н нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв, дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “харанхуй байсан учир сайн санахгүй байна” гэсэн нь шүүгдэгч нарыг гэрчид нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нар нь тухайн үед намайг эзгүйд манай гэрт худал хэлж ороод гэрээс зөвшөөрөлгүйгээр эд зүйлсийг аваад гарсан байсан. /Баяннамсрай бурхны хөрөг, Агнистын гэгээ боть ном, Эрийн 3 наадмын хөрөг зураг/ Үүнийг мөрдөн байцаалтын явцад шалгаад эд зүйлсийн үнэлгээ тогтоосон байсан ч анхан шатны шүүх “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн. Э.Ун машин дотор миний Iphone X маркийн гар утсыг булааж аваад тэр орой миний хувийн фейсбүүк чатаар 3-4 хүн рүү “мөнгө зээлээч” гэж миний өмнөөс бичсэн байсан. Энэ тухай би мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлж, шалгуулахыг хүссэн ч шалгаагүй. Иймд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч нараас үнэн зөв мэдүүлэг авч, гэрч нарын худал болон зөрүүтэй мэдүүлэг дээр зохих арга хэмжээ авч, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би уг хэргийн хохирогч атал шүүгдэгч нарын үгсэн тохиролцсон худал мэдүүлэгт үндэслэж хэргээ шийдвэрлүүлсэнд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ун, цагаатгагдсан этгээд Э.У нарын өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.У, Э.Ун нарт холбогдох хэрэгт миний бие яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тухайн үед би чөлөөтэй байж байгаад хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр эсэргүүцлийг хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Э.У-н үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо ямар нотлох баримтыг эшлэл болгосон, цагаатгасан болон яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаараа дурдаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс Э.Унд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргахад шүүхээс 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хэдийгээр шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд өгч байгаа боловч эрүүгийн хариуцлагын зорилгод хэрхэн нийцэж байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хохирогчид учруулсан гэмтэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзсэн. Нөгөөтээгүүр, Э.У-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.У над руу хүрээд гэрт ирсэн хойноо сувинерийн сэлмээр миний нуруу руу цохиод байсан гэж хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж тогтвортой мэдүүлсэн. Мөн Г.Н “Э.У, Э.Ун нар түлхэж оруулаад унагасан хойноо хоёулаа өшиглөөд байсан” гэж мэдүүлдэг. Гэрч н.Идэрсайхан “дуудлага аваад очиход шүүхээс эрэн сурвалжилж байсан М.С гэх эмэгтэй байсан. Тэрээр би эгч дүү нарт зодуулчихлаа гэдгээ хэлсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч М.С давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “Орхон аймагт очоод үзүүлсэн” гэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 507 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн 2 нүдний зовхи, хацар, цээжний зүүн дээд хэсэг, 2 гарын бугалга, баруун шуу, 2 хөлийн гуянд цус хуралт гэмтэл учирсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийг Э.У, Э.Ун нар учруулсан гэдгийг гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байхад үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.У, Э.Ун нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Ун, цагаатгагдсан этгээд Э.У нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” шүүх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгана.” гэж заажээ.
Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судалж үзэхэд, хохирогч М.С, гэрч Г.Н нар нь Э.Ун, Э.У, Э.Э нарын буюу 3 хүний идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол, хор уршиг учирсан талаар мэдүүлсэн, тэдгээрийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байхад зарим хүмүүсийн үйлдэл холбогдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Гэрч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр “... Э.Ун, Э нар нь С-г буулгаж ирээд барьчихсан цохиж байсан. ... машин явж байхад С-г хоёр талаас нь Э, Э.Ун нар нь гараараа цохиж байсан. Тэгснээ С-с мөнгөө авна гээд тэр гурав гурвуулаа түүнийг өшиглөж болон гараараа цохиж байсан. ...бүгдээрээ С-н гэрт орсон бөгөөд тэгтэл С-г Э.У, Э.Ун нар түлхэж газар унагаагаад өшиглөөд эхэлсэн. Гал тогооны өрөөнд болсон асуудал бөгөөд Э.У, Э.Ун, Э нар нь өшиглөөд байсан. ... Ер нь С-г Э, Э.У, Э.Ун нар нь гурвуулаа цохиж зодсон бөгөөд яг хэн нь хаашаа яаж хэрхэн цохисныг одоо сайн санаж мэдэхгүй байна...” гэж /2хх 40-41/,
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр “... Машин дотор байхад Э.Ун нь нэг бугуйн төмөр цагаар С-н толгой руу цохиод байсан. Намайг гэрээс гарч ирэхэд нэг нэгнийгээ зодож, халдаж байсан үйлдлийг хараагүй. Харин машин дотор явж байхдаа ганц удаа цохиж байхыг харсан. Тэрнээс миний хажууд цохиж байхыг нь би хараагүй.” гэж тус тус зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Г.Нын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Э.Ун нарын үйлдэлд бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээс гадна заналхийлэх зэрэг өөр гэмт хэргийн шинж байж болзошгүй нөхцөл байдал байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагатай байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч М.С-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ун, цагаатгагдсан этгээд Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Ун, цагаатгагдсан этгээд Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ