Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 670

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805034680662 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ Каннам ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл 3: эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 34 дүгээр гудамж, 463 тоотод оршин суух,

ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

ХГ80051417 дугаарын регистртэй, Боржигон овогт Бгийн Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ө 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 10 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Биг” барилгын материалын захын баруун урд уулзварт хохирогч Г.Бгийн эзэмшлийн 34-06 УБМ улсын дугаартай автомашины салхины шилийг “машин шахлаа” гэх шалтгаанаар цохиж санаатай хагалан 552.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлсөн. Цаашид ийм байдал гаргахгүй, ухаарч ойлгосон. Миний ар гэрийн байдлыг харгалзаад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

 

 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г Б “... 2018 оны 6 дугаар сарны 8-ны өдөр 10 цаг 20 минутын орчим 3 дугаар цахилгаан станцын арын Петровис шатахуун түгээх станцын уулзвараар өөрийн эзэмшлийн 34-06 УБМ улсын дугаартай автомашинаар баруун гар тийш эргээд ороход 66-08 УНП улсын дугаартай автомашин араас сигналдсан. Гэрэл дохиотой уулзвар гарахад буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орж ирэхэд нөгөө машины жолооч урдуур шахаж орж ирж зогсоод дотроос нь махлагдуу, 2 гарынхаа булчинд шивээстэй, мак өмссөн залуу бууж ирээд миний машины жолооч талын хаалганы шилийг 4-өөс 5 удаа цохиж, буугаад ир гэж уурласан. Тэгээд цааш алхсанаа эргэж ирээд урд салхины шилийг 4-өөс 5 удаа цохиход миний машины урд салхины шил жолооч талын хэсэгтээ цуурч хагарсан. Тэгэхээр нь нөгөө залууд машины шил хагалчихлаа гэж хэлэхэд 66-08 УНП улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашиндаа суугаад явсан. Эргэлт дээр намайг машины урдуур орж ирлээ гэж уурласан байх. Түүнээс биш би тэр хүнийг танихгүй. Гомдол санал байхгүй, хохирлоо барагдуулсан учраас нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 7, 14/ гэж,

гэрч О О “… 2018 оны 6 дугаар сарны 8-ны хавьцаа байсан юм, би өөрийн нөхөр Өын хамт машинтай эмнэлэг орох гээд хоёулаа ТЭЦ-3 цахилгаан станцын замаар явж байхад хажуунаас мөнгөлөг саарал өнгийн хайс маркийн машин орж ирээд шахаж явж байгаад петровис колонкын уулзвараар ороод явчихсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрлэн дохиогоор 2 эгнээгээр хойшоо явж байхад нөгөө хайс маркийн машин чинь туслах замаас шууд 2 дугаар эгнээнд ороод шахсан. Би өөрөө жирэмсэн байсан учир яагаад ингэж яваад байгаа юм бол, согтуу юм байхдаа гэж хоорондоо ярьсан. Хойноос нь явж байхад Гурвалжингийн гүүр давахын наад талд гэрэл дохио дээр нөхөр машинаас бууж очоод согтуу байгаа юм уу, жирэмсэн хүнтэй явж байгаа юм гээд урд талынх нь салхины шил рүү цохьсон. Тэгээд бид явахад араас нөгөө залуу машиныхаа салхины шилний зургийг аваад үлдсэн. Гол нь нөхөр бид хоёрыг шахахад би гэдэс гуя хэсгээрээ хаалганд цохиулсан” /хх-н 15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн автомашины салхины шилний үнэлгээг “Арвижих-Эстимейт” ХХКомпани гаргасан /хх-н 36/ болон бичгийн бусад баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Б.Өыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх шүүгдэгч Б.Өад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Бгийн Өыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Ө торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Өад урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ