| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408027031275 |
| Дугаар | 2025/ДШМ/369 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/369
2025 03 25 2025/ДШМ/369
Х.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Х.Мд холбогдох эрүүгийн 2408027031275 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Х.М, 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Шүүгдэгч Х.М нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цагаан бургастайн ам 1 дүгээр гудамжны 5 тоотод иргэн Д.Б-г үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, түүнд “баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, духанд шарх, баруун, зүүн, нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Улсын яллагчаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, шинээр үйлдсэн яллах дүгнэлтээр тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй хууль зүйн үр дагавар бүхий нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар үйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Х.М, яллагдагч Э.Энарт холбогдох хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэлээ. Хэрэгт авагдсан баримтаар:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Х.Мд холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1077 дугаар яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2845 дугаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх" тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Тайж овогт Хишигжаргалын Х.Мийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2863 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, захирамжийн үндэслэх хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн баримтыг шүүхэд хэлэлцүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн байна.
4. Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан.
5. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 712 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг тогтоосон.
6. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон шүүх хуралдаанд шинээр яллагдагч Э.Эгэх хүн оролцож, хяналтын прокуророос 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарны 28-ны өдрийн 2408027031275 дугаартай, Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар “шүүгдэгч Х.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай”” прокурорын тогтоол, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарны 30-ны өдрийн 1077 дугаартай яллагдагч Х.М, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн Шүүх хуралдаанд прокуророос шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй хууль зүйн дараах үр дагавар бий болж байна. Үүнд:
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, шүүгдэгчийн хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй болохоос шүүхэд шилжээгүй /яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжгүй/ хүний талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй болно. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2845 дугаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” тухай шүүгчийн захирамжаар яллагдагч Тайж овогт Хишигжаргалын Х.Мийг шүүхэд шилжүүлсэн буюу шүүгдэгч Х.Мд л холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэй. Гэтэл прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд тус хэрэгт Э.Эгэх хүнийг шинээр нэмж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн, шүүхээс яллагдагч Э.Эгэх хүнийг шүүхэд шилжүүлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтрүүлэн түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх хууль зүйн боломжгүй юм.
2. Зөрчил: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийн ноцтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, журам, түүнд баримтлах зарчим, оролцогч, бусад оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон процессын нэгдмэл хууль юм. Тус хуульд хэргийн ямар оролцогч байхаас хамаараад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд эдлэх эрх, үүргийг тусгайлан хуульчилсан. Прокуророос хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд, шүүхэд хавтаст хэрэг байхад хэрэгт шинээр яллагдагчаар Х.Э-г татсан нь түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж заасан үндсэн эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эдлэх эрх, үүргийг заасан. Эдгээр эрхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн өмнөх шатанд эдлэх боломжтой эрхүүд байдаг. Үүнд: Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, мөрдөгч, прокурорыг татгалзах гаргах хүсэлт гаргах зэрэг болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зөвхөн шүүхийн өмнөх шатанд яллагдагчаас хүсэлт гаргаснаар хэрэгжих боломжтой болохоос шүүхийн шатанд хэрэгжүүлэх хууль зүйн ямар ч боломжгүй юм. Прокуророос хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Э-г хэрэгт шинээр нэмж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнээр дээр дурдсан шүүхийн өмнөх шатанд хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэлгүй түүний эрхийг ноцтой зөрчсөн ажиллагаа байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж тодорхой заасан. Мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагааг л прокуророос явуулах болохоос хэрэгт нэмж шинэ хүн яллагдагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хууль зүйн боломжгүй. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2863 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах” тухай шүүгчийн захирамжид “...хохирогч Д.Б-н биед учирсан гэмтлийн алинд нь гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх, тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх асуудал нь анагаах ухаан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг эзэмшсэн этгээд хариулт өгөх асуудал /прокурорын эрхэнд үл хамаарах/ байх бөгөөд энэ талаар дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгахаар шийдвэрлэв...” гэсэн болохоос хэрэгт шинээр нэмж хүн яллагдагчаар татах, яллах дүгнэлт шинээр үйлдэх ажиллагаа хийхийг прокурорт даалгаагүй байна. Гэтэл прокуророос тус хэрэгт шинээр нэмж хүн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн прокуророос шинээр гаргаж өгсөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна” гэсэн буюу ямар гэмтлийн зэрэгт хамаарах нь тодорхойгүй байгаа болохыг анхаарвал зохино. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд, шүүхэд хавтаст хэрэг байхад хэрэгт шинээр хүн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Гэвч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын хүрээнд хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан. Прокуророос шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр Э.Эгэх хүнийг хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь түүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, шүүгчийн захирамжид болон процессын хуулиар шүүхээс хэрэг хойшилсон хугацаанд прокуророос ямар ажиллагаа хийхийг тодорхой заасан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн байх тул тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн бодит боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Х.Мд холбогдох эрүүгийн 2408027031275 дугаартай хэргийг прокурорт буцаах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2863 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн ингэхдээ ...дараах үндэслэлийг заасан байна. Хохирогч Д.Б-н “би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед байшиндаа ганцаараа сууж байтал манай баруун урд байрлалтай байрны зүс таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай гэр лүү шууд орж ирээд нөхөр нь бололтой залуу миний цамцнаас заамдаад “чи муу 5000 төгрөг айраг өгч чадахгүй арчаагүй өвгөн” гээд миний нүүр лүү 3-4 удаа баруун гараараа цохисон. Тэр үед би газарт унасан ба нөхөр гэх залуу миний цээжин дээр дараад уначихсан. Харин эхнэр нь гэх Э эмэгтэй манай гэрийн ширээн дээр байсан шилэн хундагаар миний духны гол хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед миний духнаас маш их хэмжээний цус гарч арга ядаад өөрийн дүүгээ дуудсан. Харин тухайн эрэгтэй, эмэгтэй хүний хүүхдүүд нь ааваа ээжээ та хоёр хүн алчихлаа ш дээ гэж хэлээд манайхаас аваад гарсан.”, хохирогч Д.Б-н дахин өгсөн “...эхнэр нь гэж байсан Э гэх эмэгтэй миний зүүн нүдний дээд дух хэсэгт аягаар нэг удаа цохисон бусад гэмтлийг нөхөр нь гэх Х.М миний дээр сууж байгаад нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг, гэрч Ө.Гантулга “2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мөнгө нэхэж ирсэн залуу болон түүний эхнэр согтуу байсан. Эхнэр нь газарт байсан сэнжтэй аягаар Б-н нүүрэн тус газарт цохисон. Би тухайн эмэгтэйг болиулаад салгах гэсэн чинь миний хамар луу гараараа цохиод миний хамраас цус гараад цусаа тогтоолгоод сууж байхад ...сууж байгаад нүүрэн тус газар нь гараараа нэлээн хэдэн удаа цохиж байсан...” гэх мэдүүлгээр хохирогч Д.Б-н эрх, эрх чөлөөнд шүүгдэгч Х.М түүний эхнэр гэх Э.Энар халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
...хохирогч Д.Б-н биед учирсан гэмтлийн алинд нь гэмтлийн зэрэг тогтоогдсон эсэх, тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх асуудал нь анагаах ухаан, шүүх эмнэлгийн тусгай мэдлэг эзэмшсэн этгээдийн хариулт өгөх асуудал байх бөгөөд энэ талаар дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэх гэжээ. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дах хэсгийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн уг захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр прокурорт ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрт гомдол гаргах эрхгүй... гэж шийдвэрлэсэн. Уг шүүхийн захирамжид заасны дагуу шинжээч Б.Д мэдүүлэхдээ “...Д.Б-н биед учирсан баруун, нүдний ухархайн доод тал хамар ясны хугарал, духанд шарх, баруун зүүн нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нураа, баруун зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт, духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг зэргээр Э.Э, Х.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, өөрчлөлт оруулсан болно. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох 1. Хохирогч Д.Б-н мэдүүлэг /хх 11/, гэрч Ө.Гантулгын мэдүүлэг /хх 58/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9504 дугаартай дүгнэлт /хх 12-13/, шинжээч Б.Дгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх Х.Мд холбогдох хэрэгт прокурорт буцааж шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь заалтыг удирдлага болгов гэжээ. ...гэтэл дээрх хуулийн зохицуулалт нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг прокурорт буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шийдвэрлэхээр хуульчилсан хуулийг агуулгыг буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэсэн байхад уг хэргийн явцыг урьдчилсан хэлэлцүүлгийн үетэй адилтган үзэж, дүгнэсэн нь хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Шүүх прокурорын гаргаж ирүүлсэн баримтыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нөхцөлд шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болно. Гэтэл шүүх анхан шатны журмаар уг хэргийн шүүх хуралдаан хийхгүйгээр зөвхөн прокурорын гаргаж өгсөн баримтыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж хэт ерөнхий дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь анхан шатны шүүхэд олгогдоогүй болон хуульд заагаагүй хэм хэмжээг хэрэглэсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байна. Шүүхээс хууль зүйн ач холбогдолтой болон тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлэх эсэхийг шинжлэн судлах явцад шийдвэрлэх боломжтой, боломжгүй гэж үзэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, хэсэгчлэн заримыг нотлох баримтад тооцохгүй байх саналыг шүүхэд гаргах замаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Анхан шатны шүүх хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судална гэдгийг шүүх хуралдааныг шууд биечлэн амаар явуулахтай уялдуулан ойлгоно. Энэ нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл чухал баталгаа юм. Үүний агуулга нь шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л асуудлыг шинжлэн судлах, хэрэгт байгаа бүх нотлох баримтыг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт сэлт мэдээллийг нягтлан үзэх, дүгнэлтээ зөвхөн шүүх хуралдаанаар шинжлэн судалж хөдөлбөргүй нотлох баримтуудаар үндэслэх цогц ажиллагаагаар илэрлээ олдог учиртай. Түүнчлэн шүүх хуралдаан дээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан шүүгдэгч, хохирогч, гэрч болон бусад оролцогчдын мэдүүлгийг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу уншин сонсгох, баримтыг иж бүрнээр нь шалгаж буй ажиллагааг хэлнэ. Шүүхээс дээрх нотлох баримт шинжлэн судлах процесс ажиллагаа хийгдээгүй байхад прокуророос ирүүлсэн баримтыг харснаар хэргийг шууд анхан шатны шүүх хуралдаан хийхгүйгээр хийсэн мэтээр захирамжид дурдаж прокурорт буцаасан нь хийсвэр хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцээгүй тул нэгэнт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь заалтыг удирдлага болгон ирүүлсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1569 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Х.Мд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын хэрэгжүүлэх ёстой үүрэг юм.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.Мд холбогдох хэрэг хянан шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, прокурорын тогтоосон хэргийн үйл баримт, үйлдсэн яллах дүгнэлтээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч Х.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлээд, зарим ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд Х.Мийг Э.Этай бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Х.Э-г нэмж яллагдагчаар татан, шинээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн байна.
Нөгөөтээгүүр, хохирогч Д.Б-д учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг газар, хоёр хүний санаатай үйлдлийн улмаас учирсан бол нэг мөр шийдвэрлэх ёстой бөгөөд энэхүү асуудлыг шүүх залруулан зөвтгөж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/2845 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй ба ингэснээр хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийсний эцэст яллах дүгнэлт үйлдэж, хэргийг дахин шүүхэд шилжүүлэхэд ач холбогдолтой юм.
Мөн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байх ба прокуророос 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус 1077 гэсэн нэг дугаартай яллах дүгнэлт үйлдсэн, өөрөөр хэлбэл 2 өөр огноотой, нэг дугаартай яллах дүгнэлт үйлдэж, өмнөх яллах дүгнэлтийг хүчингүй болгоогүй, анхан шатны шүүхээс Х.Мийг шүүхэд хэдийн шилжүүлсэн байхад дахин яллагдагч Х.М, Э.Энарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэрэгт хавсаргаж байгаа нь үндэслэлгүй байгааг буруутган дурдаж байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Н.Анхбаярын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ